Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХӨШИГИЙН ХӨНДИЙД БАРЬЖ БУЙ ОНГОЦНЫ БУУДАЛД ӨНЖЛӨӨ

2016/09/20
ХӨШИГИЙН ХӨНДИЙД БАРЬЖ БУЙ ОНГОЦНЫ БУУДАЛД ӨНЖЛӨӨ

Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж буй “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Уг бүтээн байгуулалтын ажил анх эхлэхэд Хөшигийн хөндийд тэнгэрт тулам тоос босч, ачааны том машин тэрэг, элдэв механизмын хүчит моторын дуу хадаж, шөнө дүлээр ч ажил ундарч машин техникийн гэрэл дохио тасралтгүй анивалздаг байлаа. Харсан хүний бахдалыг төрүүлж нүд баясгам. Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа иргэд “Онгоцны шинэ буудал баригдаж байгаа гэсэн. Хурдан ашиглалтад орвол дотор нь орж үзэхсэн” гэсэн хүсэл тээн хоорондоо ярилцдаг. Үнэхээр ч олон түмний чихээ тавьж, битүүхэндээ нээгдэхийг нь хүлээж суугаа барилга бол Хөшигийн хөндийд баригдаж байгаа онгоцны буудал л даа.

Барилгын ажлын гүйцэтгэл нь 94 хувьтай явж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг цогцолборыг Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Нисэх онгоцныбуудал улсын онцгой обьект гэгддэг учир дотогш нэвтрэхэд зөвшөөрөл авах ёстой.

Харуул хамгаалалт өндөр, дотоод сахилга бат чанга. Япон, Солонгосын чадвартай инженер мэргэжлийн хүмүүс зөвлөхөөр ажиллаж байгаа болохоор сахилга батын хувьд хэлэх юм үгүй гэдэг нь хашаа руу орсон мөчөөс мэдрэгдэнэ. Бүгд хамгаалалтын хувцас хэрэглэл, малгай өмсөх ёстой. Машин, тэргүүд 20 км цагаас дээш хурдалж болохгүй. Эргэн тойронд самбар, таних тэмдэг, мэдээллийн булан олон.

 

“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн захирал Н.Энхбат, төслийн менежер Г.Бат нар биднийг угтлаа. Н.Энхбат захирал онгоцны буудлын барилгын ажил эхэлсэн цагаас энд ажиллаж байгаа аж. Онгоцны буудлын барилгын ажлын бүх нарийн ширийнийг гарын арван хуруу шигээ мэддэг энэ эрхэм эндхийн ажлыг зангиддаг гол хүмүүсийн нэг.

Иргэдийн хувьд “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын ойролцоо гэр хороолол ихэсч өвөлдөө утаа нь өтгөрснөөс онгоц бууж чадахгүй болсон. Тиймээс онгоцны буудлыг нүүлгэх гэж байгаа гэсэн нийтлэг ойлголттой байсан. Бүр 1993 оноос шинэ нисэх онгоцны буудалтай болох талаар ярьж эхэлсэн юм байна. Тэр үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр судалгаа хийж байжээ. Өөр буудал барихгүйгээр “Буянт-Ухаа”-гийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар өөрчлөлт хийх талаар эхлээд ярьж, тээг саад болоод байгаа урд талын уулын оройг авч тэгшилбэл онгоц буухад саадгүй гэж үзэж. Тэгээд тооцоо хийгээд уулын орой хэсгийн шороог зөөнө гэвэл ойролцоогоор 50 тэрбум ам.долларын зардал гарна гэдгийг тогтоожээ. Ийм их зардал гаргахын оронд ерөөс шинэ буудал барих нь зүйтэй гэдэг санал дээр нэгдэцгээгээд Налайхын хөндий, Хүй долоо худаг, Хөшигийн хөндий гэсэн гурван сонголт дээр иржээ. Налайх хөрсөн дороо ихээхэн цэвдэгтэй, Хүй долоон худаг эргэн тойрондоо уулархаг гэсэн шалтгаанаар хасагдаад Хөшигийн хөндий хамгийн тохиромжтой гэдгээрээ үлдсэн аж. Хөшигийн хөндийд бүхий л талаас нь судалгаа хийж нисэх буудал баривал тун тохиромжтой нь тогтоогджээ. Ингээд манайхан онгоцны буудал барих мөнгө төгрөгөө хаанаас олох вэ гэцгээгээд Японы талд хандсан нь зөв болж 2006 оноос япончууд ТЭЗҮ-ийг хийж 2008 оны тавдугаар сараас Японы хөнгөлөлттэй зээлээр баригдах уг төслийн гэрээ албан ёсоор эхэлжээ. Буянт-Ухаад 100 онгоц буухаас 23 нь амжилтгүй буюу бууж чадахгүй хотын дээгүүр эргэлдээд заримдаа буцдаг. Энэ бол олон улсын стандартын хувьд маш муу тоо. Харин Хөшигийн хөндийд 2006 оноос 2014 оны хооронд салхи, бороо, шороо цаг уурын бүрэн судалгааг явуулсан бөгөөд 100 онгоцны 98 нь амжилттай газардана гэж үзжээ. Олон улсад энэ хувийг 95 хувь байхад хангалттай гэж үздэг аж. Тэгэхээр шинээр баригдаж байгаа онгоцны буудалд онгоц газардахад цаг уурын талаас айхавтар хүндрэл төдийлөн гарахгүй гэж хэлж болох нь. Онгоцны буудал баригдаж байна гэхээр хүмүүс терминал буюу зорчигчдын ирж, очих буудлын барилгад л ач холбогдол өгөөд байдаг. Харин онгоцны буудлын хувьд хамгийн чухал нь нислэгийн зурвас. Энэ шинээр баригдсан зурвасын хувьд 3.6 км урт, олон улсын стандартын дагуу баригдсан байгууламж. Япончууд бол ажлын өндөр хариуцлагатай, аливааг чанартай гүйцэтгэдэг учир бүх ажил дээр маш хариуцлагатай ханджээ. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг япончуудад зориулж хэлсэн мэт байдаг гэнэ. Бүхнийг урьдаар маш сайн тооцоолж, нягт нямбай, ямар ч алдаа гаргалгүй хийдэг болохоор дараа нь ямар нэг үл ойлголцол, элдэв асуудал үүсдэггүй нь ажлыг хурдан хугацаанд төлөвлөгөөний дагуу явуулахад тус болдог аж. Солонгосчууд ч мөн ялгаагүй хяналт, хариуцлага, сахилга гэдэг зүйлийг алхам тутамдаа мөрдөнө. Тийм болохоор манайхны хувьд тэднээс суралцах, мэдэх зүйл их байдаг юм байна.

Япон, Солонгосын мундаг архитектур, инженерүүд энэ ажилд манайхантай хамт зүтгэж байгаагийн нэг нь өнөө Дубайн алдарт Бурж Халифаг барихад гар бие оролцож, төслийг удирдаж байсан солонгос менежер юм байна. “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” нийт 2090 хоног буюу 43 сар үргэлжлэх юм байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 114 хоног үлдээд байгааг төслийн захирал Н.Энхбат хэлж байлаа. Тэрээр барилгын ажил төлөвлөгөөний дагуу ямар нэг саад бэрхшээлгүй явж байгаа гэлээ. Харин нэг хүндрэлтэй асуудал үүсээд байгаа нь төслийн багийнхан барилгын ажлаа дуусгаад ажлаа хүлээлгэж өгөхөд дараагийн шатны улсууд нь хэдийнэ хүлээж аваад ашиглалт энэ тэрийн асуудлаа шийдчихсэн байх ёстой. Угтаа бол өнгөрсөн тавдугаар сард л тэднийг тодруулаад барилгын ажил хийж байгаа баг, компанийнхантай хамт ажиллуулах ёстой байж. Харамсалтай нь сонгууль, наадам энэ тэр гэж нэг цалгардаад засаг солигдлоо гэж дахин саатаад одоо болтол таг чиг байгаа аж. Хэрэвзээ эртхэн шиг энэ ажлыг шийдчихсэн бол барилгыг нэгдүгээр сард Засгийн газар хүлээлгэж өгөөд ирэх тавдугаар сард шинэ онгоцны буудалдаа онгоц хүлээн авах боломжтой гэж үзэж байжээ. Хэрвээ энэ байдлаар үргэлжилбэл онгоцны буудлыг Засгийн газарт хүлээлгэж өгснөөс хойш ашиглалтад оруулах гэж цаг алдвал ихээхэн хэмжээний мөнгө төгрөгийг дулаан, цахилгаан, ашиглалт гээд олон зүйлд зарлагадах юм байна. Японы хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа болохоор аль болох л хурдан ашиглалтад оруулж эдийн засгийн эргэлтэд оруулбал бидэнд ашигтай гэдгийг Н.Энхбат захирал ярьж байлаа. Гэхдээ Японы талаас дөрвөн компани нэгдээд манайхтай хамтраад ажиллая гэсэн санал ирүүлсэн гэнэ. Энэ саналыг албаны хүмүүс “Эдийн засгийн ийм хүнд үед ирж болох хамгийн сайн санал. Энэ саналаас татгалзвал дахиад боломж олдохгүй” гэж үзэж байгаа юм байна.

Нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, барилгын ажил нь оргил үедээ байхад энд 3500 гаруй хүн ажиллаж байжээ. Харин одоо ихэнх ажлаа нугалчихсан хэдий ч ачаалал нь төдийлөн буураагүй болохоор дунджаар 60 гаруй компанийн 2500 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.

Өглөөний цай 06-08 цагийн хооронд. Ажилчид өглөө нэгдсэн журмаар гимнастик хийгээд техникийн аюулгүй байдлын тухай мэдээлэл авна. Ингээд цайгаа уучихаад тус тусын ажилдаа гарна. Ачаалалтай байхад 24 цагаар ажиллаж байсан үе олон гэнэ. Тавдугаар сард спортын уралдаан тэмцээн зохион байгуулахад компаниуд идэвхтэй оролцоно. Намар нь дотор заалны спортын төрлүүдээр тэмцээн явуулна. Бас зуны дэлгэр цаг айлчлах үеэр мөн өвлөөс урьтаад салхинд гарах зэргээр ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, хамт олонч чанарыг нь нээхийн тулд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг аж. Барилгын салбарын 90 жилийн ойн баяр тохиож байгаа эдгээр өдрүүдэд хамт олноо хошуучилж, хийсэн бүтээснээрээ бусдыгаа манлайлж байгаа нөхдөө ч төрийн одон медальд тодорхойлчихсон байгаа тухай төслийн менежер Г.Бат ярьж байлаа.

Ямар ч дэд бүтэцгүй, хээр талд бүтээн байгуулалт хийнэ гэдэг бүхнийг тэгээс эхэлнэ гэсэн үг. Тог цахилгаан, цэвэр ус, бохир, дулаан гээд бүхнийг төслийн хүрээнд цогцоор нь шийджээ. Эндхийн дулааны станцын хүчин чадал нь Ховдынхтой адил гэнэ. Газар доогуур шугам сүлжээ, кабелиудаа явуулсан тусгай тунельтэй. Тэр тунель нь 1.8 км урт юм байна. Онгоцнуудыг сумлах буюу цэнэглэхийн тулд шатахууны машинаар байн байн зөөх шаардлагагүй болжээ. Тусгайлан бэлдсэн шатахууны цэгээс газар доогуур явуулсан шугамаар онгоцыг сумладаг систем суулгасан нь мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа юм байна. Онгоцны буудлыг тойруулж 9.2 км урттайүерийн далан байгуулсан нь манайдаа л хамгийн томд тооцогдож байгаа аж. Энэ мэтээр уг буудлын эргэн тойронд хийсэн байгуулсан бүтээсэн зүйлсийг дурдвал тоймгүй. Гал команд, цэвэр ус цэвэршүүлэх байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламж, засвар үйлчилгээний төв, захиргааны оффис гээд бүгд цогц.

Control tower буюу удирдлагын цамхаг руу явлаа. Тийш очих замд энд тэнд ажилчид барилга барьж, зам тавьж, шугам сүлжээ янзалж байна. Барилгын инженер Б.Ганбат “Төгсөөгийн залуус ч сайхан ажиллаж байна аа. Сүвлэгээ хийж байна. Мөөг шиг сууцгаачихсан” хэмээн нислэгийн зурвас дээр сүвлэгээний ажил хийж байгаа залуусыг харангаа Г.Бат менежерт хандан хэллээ. Инженер бууж ажлын явцыг ажиглан гэрэл зургийг нь авч, ажил тус бүр дээр ахалж байгаа хүмүүстэй нь уулзаж байв. Ингээд бид нислэгийн удирдлагын цамхаг руу орлоо. 40 метр өндөр. Цахилгаан шатнаас барилгын хамгаалалтын малгай сэлттэй дөрөв, таван солонгос бууж ирлээ. Бүгд бөхөлзөн мэндчилнэ. Гэтэл менежер Г.Батаа “Өнөө миний яриад байсан Бурж Халифаг барьсан хүн чинь энэ байна” гэж нэгэн солонгосыг танилцууллаа. Есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй уг цамхгаас хөндийг бүхэлд нь харж болохоор аж. Эндээс нислэгүүдийг удирдаж, бүхнийг зангидна.

Терминалын хүзүүвчийн хоолойн угсралтын ажил, хөнгөн онгоцны зогсоолын хучилтын ажилтай танилцлаа. Түрүүхэн дэвссэн асфальтыг индүүдэж байхад хойно нь аюулгүй байдлын нэг ажилтан, хажууд нь солонгос мэргэжилтэн зогсчихоод бүхнийг нарийн хянаж байгааг нь анзаарлаа. Зорчигчдын ирж очдог хэсэг болох терминалын барилгын дотоод заслын ажил ид өрнөж байна. Гэрэлтүүлгүүд, хана туургыг засч янзлах гээд бүгдийг нэгэн зэрэг явуулж байна. Дээврээсээ нарны гэрэл, байгалийн гэрлийг оруулах зарчмаар гэрэлтүүлгийн асуудлыг шийдэхийг хичээсэн нь гэрэл гэгээ мэдрүүлэх аж. Байгалийн гэрлийг шууд тусгасан хоёр эко хэсэг гаргасан бөгөөд үүнд нь бяцхан цэцэрлэг эсхүл эко орчинтой үйлчилгээний газар бүрдүүлж болох аж. Терминалын хэсэг зургаан хүзүүвч буюу “gate”-тэй. Тав нь олон улсынх. Нэг нь орон нутгийнх. Г.Бат менежер терминалын дотоод бүтцийг нэг бүрчлэн тайлбарлалаа. Түүний ярьснаас үзэхэд зорчигчдын ая тухыг нэгдүгээрт тавьжээ гэдэг нь харагдаж байлаа.

Онгоцны буудлын угтагчдын танхим нь маш саруул, уужим. Явагчдын танхим бүртгэлийн 16 цэгтэй байх юм байна.

Том төслийг явуулахад зохион байгуулалт, нарийн төлөвлөгөө хамгийн чухал байдаг аж. Монголчуудын хувьд ажлын уялдаа холбоо гэдэг зүйлийг мэддэггүй. Хэдэн жилийн өмнө Яармагийн замыг ашиглалтад оруулаад удаагүй байтал доогуур нь тунель хийнэ гээд хэд хэдэн газар нь сэтэлснийг хүмүүс мэдэх билээ. Үүнээс нь л үзэхэд манайханд зохион байгуулалт, хамтач сэтгэлгээ гэдэг зүйл үгүй нь мэдрэгддэг. Харин япон, солонгосчуудтай олон жил хамт ажиллахад ажлын уялдаа холбоо чухал байх нь ажлыг саадгүй хурдан явуулах маш том хөшүүрэг гэдгийг мэдсэнээ ярьсан байлаа, манайхан.

Нисэх онгоцны буудлын барилгын ажилд манай шилдэг гэсэн олон инженер залуус ажиллаж байгаа. Үүний хажуугаар манай туршлагатай ахмад инженерүүд ч мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм байна. Тэдний нэг нь Монгол Улсын зөвлөх инженер Ш.Содномдагва гуай. Тэрээр барилгын салбарт 47 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэрээр Монголын барилгачид, залуу инженерүүдээрээ бахархаж байгаагаа хэлээд “Манай залуус мэдлэг, чадвартай болжээ. Олон орны хэлээр ярьдаг болсон байна. 1980-аад он хүртэл манай барилгачид орос школтой байсан. Дараа нь манай инженерүүд Чех, Польш, Герман, Югославт суралцаж байсан бол 1990-ээд он гарснаас хойш дэлхийн өнцөг булан бүрт очиж суралцах болсон нь эргээд Монголын барилгын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Манай барилгачид, инженерийн хувьд олон улсын хэмжээний стандарт хангасан онгоцны буудал барихад өөрийн гэсэн туршлагатай болж чадаж байна” гэж байлаа.

2020 он гэхэд Хөшигтөд баригдаж байгаа “Чингис хаан” нисэх онгоцны буудал жилдээ гурван сая зорчигч хүлээж авна гэсэн тооцоо байдаг бөгөөд энэ нь жилд 22 мянган онгоц нисч, бууна гэсэн үг юм байна.

 

 

Эх сурвалж: Өдрийн сонин

ХӨШИГИЙН ХӨНДИЙД БАРЬЖ БУЙ ОНГОЦНЫ БУУДАЛД ӨНЖЛӨӨ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх