Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Э.Энхбаяр: Үндэсний хөлөг онгоцны баг бүрдүүлж, эх орныхоо барааг тээвэрлэхийг хүсдэг

2016/09/02
Э.Энхбаяр: Үндэсний хөлөг онгоцны баг бүрдүүлж, эх орныхоо барааг тээвэрлэхийг хүсдэг

Монгол далайд гарцтай орон. Ингэж хэлбэл та “Монгол чинь далайд гарцгүй орон шүү дээ” хэмээн гайхаж байж магадгүй. Гэвч манай орон аль хэдийн гүн цэнхэр далайд хөл тавьж, улсынхаа далбаан дор хөлөг онгоцны тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж эхлээд 10 гаруй жил болжээ.

Тодруулбал, далайд гарцгүй орон олон улсын усан тээврийн зах зээлд компани байгуулан эх орныхоо далбаан дор хөлөг онгоцны тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Ингэснээр далайд гарцгүй орнууд өөрийн далбаагаар их тэнгист хөл тавих боломжтой болж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа анх 2003 онд Зам тээврийн яамны дэргэд “Далайн захиргаа” гэх байгууллага үүссэн өдрөөс эхэлсэн түүхтэй.

Тус байгууллага нь үндэсний хөлөг онгоц, багийн гишүүдтэй болж эх орныхоо экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэх эрхэм зорилготой аж. Одоогийн байдлаар далайн тээвэрлэлт, хөлөг онгоц бүртгэл, дотоодын усан замын тээвэр, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боомт ашиглах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэр дундаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч ажилладаг байна.

Энэ хүрээнд БНСУ-ын “Далайн тээвэр, загас ан агнуурын институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан 2013 оны гуравдугаар сард тус улсад нийт 10 оюутанг хөлөг онгоцны хөдөлгүүрийн инженер, удирдлага жолоодлогын чиглэлээр сургажээ. Эдгээр оюутны дөрөв нь сургуулиа амжилттай төгссөн бөгөөд тэдний нэг Э.Энхбаяр БНСУ-ын эзэмшлийн “Jupiter Ace” хөлөг онгоц дээр есөн сарын хугацаатай ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан аж. Тэгвэл түүнийг их далайн аянд үдэж өгөх үйл ажиллагаа өчигдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд  Далайн захиргааны дарга Х.Энхбаатар болон гэр бүл, найз нөхөд нь оролцсон юм. Энэ үеэр Далайн захиргааны дарга Х.Энхбаатар “Үе үеийн засгийн газраас далайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхийг эрмэлзэж, үүнд анхаарч ажиллаж байсан. Тухайлбал, өмнө нь бид ОХУ-д мэргэжилтэн бэлтгэдэг байлаа. Сүүлийн үед далайн салбарт тэргүүлэгч улстай хамтарч ажиллахыг зорьсон. Энэ хүрээнд МУ-ын Засгийн газар, БНСУ-ын засгийн газартай санамж бичиг байгуулан, далайн тээвэр, боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллаж байна.

Бид ирээдүйн далайчин, туслах далайчин бэлтгэхэд ихээхэн анхаарч, хамтран ажилладаг. 2013 оноос эхлэн боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн. 2013-2014 онд 10, 2014-2015 онд хоёр оюутан бэлтгэлээ. Энэ жил буюу 2017-2018 онд дөрвөн оюутан бэлтгэхээр төлөвлөөд байгаа. Эдгээр оюутнууд Солонгос улсын тэтгэлгээр суралцдаг. Манай улсад хүмүүс сонирхлоороо далайн чиглэлээр хувиараа суралцдаг тохиолдол бий. Манай байгууллагад Щвед, ОХУ, Солонгос, Майлтад төгссөн мэргэжлийн далайчид ажиллаж байна. Бид 2003 оноос эхлэн хөлөг онгоцны бүртгэлийн ажил хийсэн.

Үүнээс гадна далайн тээвэрлэлт, далайн боомтын үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг мэдсэн. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийг зорьж байгаа. Эдгээр бэлтгэгдсэн хүмүүс далайд ажиллах боломж, бололцоо бидэнд бий” гэв. Мөн тэрбээр, Монгол Улсад далайчид бий. Гэхдээ Э.Энхбаяр мэргэжлийн сургуулийг нь төгссөн Монголын анхны мэргэжилтэй албан ёсны далайчин гэдгийг онцолж байв.

Монголын анхны далайн мэргэжлээр бэлтгэгдсэн боловсон хүчин хөлөг онгоцон дээр ажилласнаар цаашид манай улс үндэсний багтай болох эхлэл тавигдаж байгаа юм. Түүний ажиллах “Jupiter Ace” хөлөг онгоц одоогоор Өмнөд Африкаас хөдлөн Бразил улс руу тээвэрлэлт хийхээр явж байгаа аж. Э.Энхбаяр онгоцондоо Бразил улсаас суух аж. Мөн түүнтэй хамт  БНСУ-д далайн чиглэлээр суралцаж буй Б.Далайбаяр, Х.Баярбат нар дадлагажигчаар хамт явсан. Энэ үеэр түүнийг онгоцондоо суухаас өмнө урьдаж хэдэн хором ярилцсан юм.

-Юуны өмнө танд баяр хүр­гэе. Монголын анхны мэр­гэж­лийн далайчин болж, хөлөг он­го­цон дээр ажил­ла­хаар шийд­сэн гэлээ. Сэтгэл их хөөрч, догдолж байгаа болов уу?
-Баяралаа. Маш их догдолж, баярлаж байна. Би их далайд гарч, хөлөг онгоцон дээр ажиллахаар шийдсэн. Надад мөрөөдөл, зорилго бий. Түүнийгээ биелүүлэхийн төлөө явах гэж байна.   

-БНСУ-д олон мэргэжилтэн бэлтгэсэн гэсэн. Таны хувьд ямар мэргэжлээр суралцсан бэ?
-Би анх Зам тээврийн яамны Далайн захиргаанаас энэ талаархи мэдээлэл авч байсан. Тэгээд 2013 онд анхны элсэгчээр суралцаж, төгссөн. Далайн хөдөлгүүрийн инженер мэргэжлээр суралцсан.

-“Jupiter Ace” хөлөг онгоцон дээр өмнө дадлагаа хийж байсан гэсэн?
-Тийм. Би ганцаараа 10 сар дадлага хийж байлаа. Тухай үед ганцаараа болохоор бэрхшээлтэй зүйл тулгарч байсан. Гэхдээ хийх ажлын хувьд монгол залуус бусад орны залуучуудаас дутаад, нялцаганаад байдаггүй. Бусдын адил л хийдэг. Ганц зүйл нь гэвэл таньж мэдэх хүнгүй ганцаараа байсан юм. Одоо өөрөө мэргэжлээрээ ажиллах гэж байна. Дээр нь хоёр залуу дадлагажигчтай хамт явна. Тэгэхээр гурвуулаа учраас ханьтай байна гэсэн үг. Дараа жил дахиад дөрвөн залуу боловсон хүчин ирж, дадлагажина. Тэгэхээр долуулаа болно. Дадлага хийж байхдаа нийт 14 орноор тээвэрлэлт хийсэн.

-Хөлөг онгоцны хөдөл­гүүрийн гуравдугаар зэргийн инженер гэж ямар мэргэжил вэ. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Ер нь хөлөг онгоц машинтай ойролцоо. Гэхдээ тавцангийн, хөдөлгүүрийнх гэж хоёр хуваагддаг. Тавцангийн баг ачаа буулгах, тээвэрлэлт хийдэг. Машинаар бол жолоодлогыг хариуцдаг гэсэн үг. Харин хөдөлгүүрийн багийнхан онгоцны амин сүнс болсон моторын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Хөлөг онгоцны мэргэжил багийн хамтын ажиллагаа байдаг. Энэ хоёр багийн хамтын хүчээр хөлөг онгоц явдаг.

Бид дөрөв, дөрвөн цагаар ээлжилж ажилладаг. Тухайлбал, би өглөөний 08:00 цагаас өдрийн 12:00 цаг, оройн 20:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана. Хоногт найман цаг жижүүрлэдэг. Хөдөлгүүрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хянаж ажиллах юм. Бид Индонезийн багийнхантай цуг гарна. Капитан болон Чип инженерүүд нь солонгос хүмүүс. Нийт гурван орны хамтарсан баг ажиллах юм.

-Залуу хүний хувьд олон зүйлийг хүсч мөрөөдөж энэ шийдвэрийг гаргасан байх. ирээдүйд ямар зүйл хийхийг хүсч мөрөөдөж байна вэ?
-Манай улсын хувьд далай шинэ салбаруудын нэг. Энэ салбарт монгол улс бүрэн гарах боломжтой. Хамгийн гол зорилго гэвэл Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг монгол залуучууд Монголын хөлөг онгоцоор гуравдагч орон руу тээвэрлэхийг хүсч байна. Үүнд өөрийн зүгээс тусалж, илүү сайн мэргэжлийн боловсон хүчин болохыг зорьдог. Миний зорилго нэгэнт далайтай холбогдсон. Бид өөрсдөө тээвэрлэх бүрэн боломжтой гэдгийг л үзүүлмээр байна. Монгол залуусын тэнгисийн нэгдсэн полот нээгээд өөрсдөө бие дааж тээвэрлэлт хийх л миний зорилго. Их далай маш сайхан. Хөх тэнгэр гэдэг шиг хөх тэнгис бол эр хүний хийморийг сэргээсэн сайхан газар. Мөн өөрийн гэсэн далайн багтай болтлоо ажиллана. Далайн салбар маш өргөн хүрээтэй учраас дэд бүтцийн тал дээр ч гэсэн бүх зүйлийг сайн сураад Монголдоо ирж ажиллахыг зорьдог.

-Далайчдад дээд боловс­ролоос гадна ямар шалгуур тавьдаг юм бэ?
-Далайчин хүнд эрүүл мэнд маш чухал. Мөн олон улсын далайд гарах учраас хэл хэрэгтэй. Бид­ний хувьд БНСУ-д сургууль төгс­сөн учраас солонгос хэлээр ярьж чадна. Тэгэхээр хэлний шаард­лагыг хангадаг гэсэн үг. Тавиг­дах шаардлага нь эрүүл мэнд, Солонгос болон Англи хэл­ний мэдлэг байдаг. Мөн дээд боловс­ролтой байвал сайн гэж үздэг.

-Хөдөлмөрийн үнэлгээний хувьд ямар байдаг вэ?
-Гуравдугаар зэргийн инженер 2700-3000 ам.долларын цалинтай.

Э.Энхбаяр: Үндэсний хөлөг онгоцны баг бүрдүүлж, эх орныхоо барааг тээвэрлэхийг хүсдэг  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх