Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ган бүтэцтэй угсардаг гүүрийн технологийг Монголд нэвтрүүлэх боломжтой гэв

2016/08/25
Ган бүтэцтэй угсардаг гүүрийн технологийг Монголд нэвтрүүлэх боломжтой гэв

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Арнолдтой эдийн засгийн хамтын ажиллагаа болон зам, тээврийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо. Уулзалтаар Британийн тэргүүний техник технологийг нэвтрүүлэх, зам, тээврийн салбарт хөрөнгө оруулалтыг татах асуудлуудыг голчлон хэлэлцлээ.

 

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай урт хугацааны найрсаг харилцаатайг онцлон тэмдэглэв. Тэрээр хоёр улсын хооронд улс төр, нийгэм, соёлын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн, харилцан айлчлалууд тогтмолжсон хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцолж байв.

 

Монгол Улс зам, тээврийн салбар ИБУИНВУ-тай өмнө нь тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллаж байсан туршлагатай бөгөөд хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 2000 онд байгуулсан байна. Мөн МИАТ компани 2012 онд Лондон хот руу нислэг гүйцэтгэхээр төлөвлөж судалгаа хийхээс гадна нислэгийн дугаар хамтран эзэмших тухай санамж бичгийг 2013 онд зурж байжээ. Түүнчлэн ган бүтэцтэй угсардаг гүүрийн технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар сайд Д.Ганбат онцоллоо.

Мөн тэрээр Британийн Пандрол компанийн төмөр замын бетон дэрний бэхэлгээний технологийг авч ашиглах талаар Монголын холбогдох байгууллагууд судалгаа хийж, Монгол Улсын стандартыг хангасан, байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан талаар дурдсан юм.

 

Уулзалтын үеэр Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч далайн тээврийг хөгжүүлэх, далайн гарцын тоог нэмэгдүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулахад анхаарч ажиллаж байгааг онцлоод энэ хүрээнд ИБУИНВУ-тай далайн тээврийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллах хүсэлтэйг сайд Д.Ганбат илэрхийлэв.

 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолд хэлэхдээ “Элчин сайдын яамнаас Британийн төрийн байгууллага болон компаниудтай хамтран Монгол Улсад хөрөнгө оруулахад бүхий л талаас анхаарч ажиллаж байгаа. Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын зүгээс техник, технологи болон бодлогын хүрээнд хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэв. Мөн Их Британийн зам, тээврийн удирдлагуудад Монгол Улсын зам, тээврийн салбарын бодлогыг уламжилж, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Ган бүтэцтэй угсардаг гүүрийн технологийг Монголд нэвтрүүлэх боломжтой гэв  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх