Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хоолой, унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх хуулийн төсөл, мастер төлөвлөгөө боловсруулна

2016/04/06
Хоолой, унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх хуулийн төсөл, мастер төлөвлөгөө боловсруулна

-Зам, тээврийн Сайдын зөвлөлийн хурал боллоо-

Зам, тээврийн Сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, хоолойн болон дугуйн тээврийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсад хоолойн тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх тухай болон бусад орны хуулийн харьцуулсан судалгааг СБТГ-ын ахлах мэргэжилтэн С.Батболд танилцуулав. Төмөр зам болон авто замын тээвэртэй харьцуулахад дамжуулах хоолой нь зам тээврийн хүндрэл, цаг агаарын нөлөөллөөс хамааралгүй, хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөлгүй, бусад тээврийн адил хоосон сав буцааж тээвэрлэдэггүйгээрээ онцлогтой. Дамжуулах хоолойг бүтээн босгох өртөг зардал өндөр боловч нэг удаад оруулсан хөрөнгө оруулалтаа борлуулж буй бүтээгдэхүүний хэрээр харьцангуй богино хугацаанд нөхөх боломжтой. Монгол Улсад хоолойн тээврийг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага газрын тос, шатдаг занар боловсруулах, нүүрс шингэрүүлэхтэй холбогдон гарч буй юм. Тухайлбал, Монгол орны газрын тосны боломжит нөөц 800 гаруй мянган тонн бөгөөд 30 хувийг нь олборлож авдаг гэж тооцвол үндсэндээ 100 сая тонн газрын тосны нөөцтай гэсэн үг. Энэ бол Монгол Улсын 30 жилийн  хэрэгцээний түүхий эд. Боловсруулах үйлдвэрийг төлөвлөхөд түүхий эдийн эх үүсвэрийн ойролцоо байгуулахад түүхий тосыг тээвэрлэхэд хялбар байх боловч үйлдвэрээс гарах олон тооны бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн төвлөрөл рүү нэжгээд тооны, төрөл бүрийн тумгай тээврийн хэрэгслүүдээр хол замд тээвэрлэх шаардлагатай болно. Иймээс Монгол Улс хоолойн тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил, хөрш орнуудын хоолойн тээврийн эрэлтийг харгалзан хоолойн тээврийн тухай хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Түүнчлэн Сайдын зөвлөлийн хурлаар Монгол Улсад унадаг дугуйн хэрэглээг хөгжүүлэх асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсад унадаг дугуйн хэрэглээ ихэсч байгаа ч түүнийг зохицуулах, зохион байгуулах, дэмжих тал дээр төр засгийн бодлого шийдвэр, судалгаа хангалтгүй байгаа юм. Зам, тээврийн яам эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс ЗТЯ санаачлан Монгол Улсад байгаль орчинд хор хөнөөлгүй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх асуудлыг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж буй юм. Зам, тээврийн сайд М.Зоригт энэ тухайд “Энэ бол хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх санал санаачилга. Бид ажлыг өөрөөсөө эхлэх ёстой. Тиймээс энэ долоо хоногт багтаан яамны үүдэнд дугуйн зогсоолтой болох ёстой. Иргэд гар утсыг лизингээр худалдаж авч болдог юм чинь унадаг дугуйг ч бас зээлээр авдаг болмоор байна. Яамны ажилтнуудаас эхэлье. Унадаг дугуй авах сонирхолтой залууст лизингээр дугуй авч өгье, яамны нэгдүгээр давхарт дугуйгаар ажилдаа ирдэг ажилтнуудад хувцас солих өрөө гаргаж өгье” гэсэн санаачилга гаргаж, энэ асуудлыг ажил хэрэг болгох үүргийг Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга Н.Ганибал, Авто тээврийн үндэсний төвийн дарга Н.Пунцаг нарт даалгалаа.

Түүнчлэн цаашид унадаг дугуйг тээврийн бусад хэрэгслийн нэгэн адил хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах талаар бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөө боловсруулахаар тогтлоо.  Одоогоор Улаанбаатар хотод 120 мянгатын уулзвараас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл болон Нарны зам дагуу дугуйн зам байгуулахаар  төлөвлөөд байна гэж ЗТЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Батболд танилцууллаа.

Сайдын зөвлөлийн хуралдаанаас унадаг дугуйн зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, цаашид тээврийн нэг төрөл болгон хөгжүүлэхийг дэмжиж “ЗТЯ-ны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т зохих нэмэлт өөрчлөлт оруулах, бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөө боловсруулж ажиллахаар холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.

 

 

Хоолой, унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх хуулийн төсөл, мастер төлөвлөгөө боловсруулна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх