Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.Зоригт: Хөшигийн хөндийд баригдах дагуул хотын асуудлаар ойрын хугацаанд БХБ-ын сайдтай уулзана

2016/03/28
М.Зоригт:  Хөшигийн хөндийд баригдах дагуул хотын асуудлаар ойрын хугацаанд БХБ-ын сайдтай уулзана

 

Зам, тээврийн сайд М.Зоригттой цөөн хором ярилцлаа.

-Зам, тээврийн Сайдын шуурхай Хөшигийн хөндийд хуралдсан нь Монголын Засгийн газрын түүхэнд бараг л анхных гэж хэлж болохоор. Учир нь салбарынхаа жинхэнэ ажлын талбар дээр очиж хуралдаанаа хийсэн сайд байхгүй л болов уу?

-Бараг анхных байх шүү.

-Яагаад Хөшигийн хөндийн нисэх буудлын талбайд шуурхай хуралдаанаа хийхээр болов оо?

-Манай салбар бол бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй, нэг үгээр хэлбэл бүтээлч салбар. Зам, барилгын олон ажлууд хийгдэж байна. Дарга нартай зөвхөн хурлын танхимд суугаад ажил ярих, ажлын талбар дээр очиж танилцаад, асуудлаа газар дээр нь шийдвэрлэх хоёр өөр. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал бол Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн нэг. Барилгын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд гүйцэтгэгч, захиалагч хоёулаа шахаж ажиллах ёстой. Манай энэ төслийнхөн маш сайн ажиллаж байгаа. Ажлын гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаасаа түрүүлж яваа. Гэхдээ Монголын талаас хийж гүйцэтгэх, дутуу ажлууд байгаа учраас энэ удаагийн шуурхайд Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газрын дарга нарыг урьж оролцууллаа. Хэд хэдэн асуудлыг ч шийдлээ.

-Тухайлбал, ямар асуудлыг шийдсэн бэ?

-Төслийн барилгын ажлын бараа материалыг хил гаалиар оруулах зөвшөөрөл авахад ЗТЯ, Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газрын холбогдох дарга нарын гарын үсэг авдаг. Энэ шат дамжлагыг цөөлөхөөр боллоо. Зам, тээврийн яам бараа, материалын чанар, тоо хэмжээний листийг улиралд, эсвэл сард нэг удаа хянаж, бараа материал хилээр оруулж ирэх тухай бүрт зөвхөн Сангийн яам, ГТЕГ-аас зөвшөөрөл авахаар боллоо. Гааль, татварын ерөнхий газар ч хил дээр 10-аад хоног “саатуулдаг” явдлыг болиулахын тулд холбогдох арга хэмжээг яаралтай авахаар болж байна. Түүнчлэн шинэ нисэх буудлын дагуул хотын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байх жишээтэй. Ойрын хугацаанд Барилга, хот байгуулалтын сайдтай биечлэн уулзаж, ярилцахаар төлөвлөж байна.

-Шинэ нисэх буудлын талбайд ирж Сайдын шуурхай хуралдаанаа зохион байгуулсны ач холбогдол юу вэ?

-Амралтын өдрийн зав чөлөөгөө тааруулж, нисэх буудлын төслийн ажлын явцтай дэлгэрэнгүй танилцаж авлаа. Танхимд хуралдаад ажил сонсох, талбай дээр ирж үзээд хуралдах хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Өмнө очиж байснаас ажил нэлээд урагшилсан байна.  Шинэ нисэх буудлын маань дотоод зохион байгуулалт “Инчон” нисэх буудлынхтай ойролцоо, таван ангартай,  зорчигч бууж суух 5 хоолойтой байх юм. Онгоц явгалах зурвасыг Хятадын компани хийгээд дуусч байна. Одоо явгалах зурваст үер усны хоолой, гэрэлтүүлгийн ажил л үлдсэн байна.  

-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох вэ?

-2017 оны тавдугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Гэхдээ төслийн явцаас шалтгаалаад тодорхой хугацаа хэлэх боломжгүй.

-Хөшигийн хөндий рүү тавих хурдны замын ажил юу болж байгаа вэ?

-Олон улсын стандартад нийцсэн хурдны зам тавихын тулд Хятадын хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Гүйцэтгэгчээ шалгаруулаад, дөрөвдүгээр сараас ажил нь эхлэх гэж байна.

эчнээн км зам тавих төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Зургийн багийнхан эхлээд зураг төслөө гаргана. Зам төлөвлөлтийн трасс нь албан ёсоор батлагдаагүй байна. Ойролцоогоор 30 км байх болов уу.

-Шинэ нисэх буудал барихад хэдий хэмжээний санхүүжилт, зардал шаардагдсан бэ?

-Өнөөдрийн нийлбэр дүнгээр 560 сая орчим ам.долларын санхүүжилтээр энэ төсөл хэрэгжиж байна. Эзгүй хээр талд бие даасан бүтээн байгуулалт хийж байна. Гаднаас гэрэл цахилгаан, интернэтийн шилэн кабель л авсан.

-Энэхүү бүтээн байгуулалтад хэчнээн монгол хүн гар бие оролцож байна вэ?

-Монголчууд өөрийн гараар анх удаа дэлхийн жишиг онгоцны буудал барьж байна. Туршлагатай гадны ажилчид байх нь тодорхой. Япон улсаас туршлагатай мэргэжилтнүүд авч ажиллуулахаар болсон. Бүтээн байгуулалтад 1500 гаруй монгол хүн гар бие оролцож байна. Энэ нь нийт ажилчдын 85 хувь нь монгол хүн байна.

-Хөрөнгө оруулагч тал ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж байна. Харин манай Засгийн газар үүргээ хэр биелүүлж байна вэ?

-Засгийн газрын төсөл гэдгээрээ тодорхой хэмжээний дэмжлэг бий. Уг төсөл эхэлснээс хойшхи найман жилийн хугацаанд 4 удаа засаг солигдож, 5 дахь сайдаар нь би ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ажил удааширч,  бэрхшээл тулгардаг нь үнэн. Төслийг Зам тээврийн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар голлон дэмжиж ажиллах ёстой. Одоогоор Засгийн газраас төсвийн хөрөнгөөр баригдах ёстой гурван барилгын ажил одоо болтол эхлээгүй байна.

-Ямар гурван барилга баригдаагүй байна вэ?

-Захиргааны барилга, карго буюу ачаа шуудан, тээврийн барилга, үйлчилгээний тоног төхөөрөмжийн барилга гэсэн гурван барилга бий. Мөнгө байхгүй биш. Санхүүжилтийг нь гурван жил дараалан төсөвт суулгасан. Гэтэл гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулж чадахгүй өнөөдрийг хүрчихээд байна. Нэг компани сонгогдчихоор ялагдсан компани нь ялсан компаниа шүүхэд өгчихөөд ажил сунжруулах жишээтэй.

-Шинэ нисэх онгоцны буудал хэзээнээс төмөр замтай холбогдох вэ?

-Төлөвлөлтөө маш сайн хийх шаардлагатай. Холимог тээврийн ложистик төвийг энд байгуулъя гэдэг асуудал яригдсан. Алтанбулаг-Зам-Үүдийг холбосон замын төсөл хэрэгжээд явж чадвал шинэ нисэх онгоцны буудлаар дайрч өнгөрөх юм. Улаанбаатарын дундуур явж байгаа төмөр замын төсөл яг энд хэрэгжих юм бол маш сайн бизнес, эдийн засгийн том район бий болгох боломжтой.

М.Зоригт: Хөшигийн хөндийд баригдах дагуул хотын асуудлаар ойрын хугацаанд БХБ-ын сайдтай уулзана  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх