Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ: “Эдийн засгийн коридор” Монголын хөгжилд стратегийн маш том хөрөнгө оруулалт болно

2016/01/28
Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ: “Эдийн засгийн коридор” Монголын хөгжилд стратегийн маш том хөрөнгө оруулалт болно

-Өнгөрсөн зун болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтаар талууд гурван улсын “эдийн засгийн коридор” байгуулахаар болсон тухайгаа дэлхий нийтэд зарласан. “Эдийн засгийн коридор” гэхээр юуны түрүүнд зам, тээврийн салбарын үүрэг оролцоо нэн тэргүүнд байх юм шиг санагдаж байна. Салбарын сайдын хувьд энэ талаар тантай ярилцъя гэж бодлоо?

-Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төслийг ойрын хугацаанд хамтран боловсруулахаар тохиролцсон. Манай тал өөрийн хөтөлбөрийн төслийн саналаа  Монгол Улсын газарзүйн байршлын давуу байдлыг ашиглан гурван улсыг холбосон тээврийн дэд бүтцийг хөгжүүлж гурван улсын хоорондын болон бүс нутаг хоорондын худалдаа тээврийг хялбаршууах, нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн хамтын өсөлтийг хангах үзэл санааны дор боловсруулж, нөгөө хоёр талдаа хүргүүлсэн.  Яриа хэлэлцээг манай талаас Гадаад хэргийн яам, Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яам нь, Хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хороо нь ахлан явуулж байгаа. Монголын талын урилгаар Улаанбаатар хотноо өнгөрөгч аравдугаар сард хөтөлбөрийн төслийг хэлэлцэх гурван талын ажлын хэсгийн анхдугаар уулзалт болсон. Дараагийн уулзалтууд энэ сард мөн зохиогдож байна. Та зөв хэллээ. Энэ хөтөлбөрийн агуулгын бараг 70-80 хувь нь зам, тээврийн салбарт холбогдох асуудлууд байгаа. Зам, тээврийн яамны зүгээс “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг тохиролцох яриа хэлэлцээнд маш идэвхтэй оролцож байна. “Эдийн засгийн коридор”-ын хүрээнд төмөр зам, авто замын коридороос гадна Засгийн газраас чиглэл өгсний дагуу Монгол Улсыг дамнасан хийн болон газрын тосны хоолой байгуулах асуудлыг манай яам судалж, дээрх хөтөлбөрийн төсөлд тусгах чиглэлээр ажиллаж байна. Тээврийн коридоруудыг бүтээн байгуулахаас гадна түүгээр саадгүй, шуурхай тээвэрлэлт хийх эрхзүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр саналаа тусгаж байгаа.   

-Тээврийн дэд бүтэц тэр дундаа төмөр зам, авто замыг хөгжүүлэх талаар төсөлд юу гэж тусгасан юм бол?

-Төмөр замын тухайд одоо байгаа Улаанбаатар төмөр замын коридорыг хөрш хоёр орны төмөр замын хүчин чадалтай харилцан уялдаатай хөгжүүлэх шаардлагатай юм. Ингэхийн тулд УБТЗ-ыг хөгжүүлэх, шинэчлэх төслүүдэд хамтран оролцох санал тавьсан. Зүүн болон баруун бүс нутгаар дамнасан төмөр замын коридор байгуулахаар ярьж байгаа. Чиглэл ерөнхийдөө гарсан. Бид зүүн бүс нутагт Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт гэсэн чиглэлээр төмөр зам тавьж ОХУ, Хятадыг холбох, баруун бүс нутагт Арцсуурийн боомтоос урагш төмөр зам тавья гэж байгаа юм. Эрдэнэт-Арцсуурийн чиглэлд тавих төмөр замын чигийг УИХ өнгөрсөн жил баталсан учраас Арцсууриас урагш төмөр зам тавьж болох юм гэж санал тавьж байгаа. Мэдээж илүү ашигтай, оновчтой хувилбар байвал хэлэлцээд явна.

-Авто замын коридорын тухайд ямар санал төсөлд тусгагдсан бэ?

-Мөн л гурван чиглэлийн коридорын асуудал тусгаж байгаа. Одоогийн Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэл, баруун болон зүүн бүс нутгаар дайрч хойд урд хөршөө холбосон авто зам тавья гэдэг саналтай байгаа. Бид хурдны зам гэж яриад байдаг. Ашиглаад явбал зам байгаа. Өнгөрсөн жил анх удаа Орос, Хятадыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хатуу хучилттай авто замаар холбосон. Өмнө нь хатуу хучилттай байгаагүй. Нэгэнт ийм замтай болчихсон юм чинь үүнийгээ гурван улсын тээвэрт идэвхтэй ашиглая, үүний тулд авто замын дамжин өнгөрөх тээврийн гурван талт хэлэлцээрийг яаралтай байгуулъя гэсэн саналаа Орос, Хятадын талд тавиад байна. Энэ талаар яриа хэлэлцээг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд одоог хүртэл амжилттай үргэлжлүүлж байна. Өнгөрсөн намар хэлэлцээрийн төслийг гурван талын ажлын хэсгийн төвшинд эцэслэн тохироод байна. Үүнээс гадна дээр хэлсэн, баруун, зүүн чиглэлдээ бас авто замын коридор байгуулна. Баруун чиглэлийнх бол батлагдчихсан. Улаанбайшинт-Өлгий-Ховд-Булган чиглэлийн авто зам тавигдана. Саяхан Ховдын Манхан-Алтай чиглэлийн 214 км авто замыг бид ашиглалтад хүлээлгэж өгсөн. Тэр зам нэг ёсондоо хойд урд хөршийг баруун бүс нутгаар дамнуулан холбох замын нэг хэсэг юм. Үе шаттайгаар явж байгаа төслүүдийн маань нэг л дээ. 2017 он гэхэд баруун бүс нутагт хоёр улсыг холбосон хатуу хучилттай зам тавигдаж дуусна. Харин зүүн бүс нутагт тодорхой батлагдсан олон улсын чиглэл байхгүй ч манай яамны төлөвлөгөөнд Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто зам байдаг. Хоёр улс зөвшөөрч, нарийн судалгаа хийгдвэл ашигтай бүтээн байгуулалт болно.

 

-Гурван улсын холбогдох ажлын хэсгийнхний хэлэлцээр уулзалт энэ өдрүүдэд болж байна. Энэ үеэр тодорхой шийдэлд хүрч, саналууд дээрээ тохирч чадах болов уу?

-Шийдэлд хүрэхийн төлөө бид цаг наргүй ажиллалаа. Орос, Хятадын талын холбогдох хүмүүстэйгээ сүүлийн хэдэн сард тогтмол уулзалт хэлэлцээрүүд зохион байгууллаа. Ямар нэг үр дүнд хүрнэ гэж бодож байна. Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс”, Оросын “Евразийн эдийн засгийн холбоо”, Монголын “Талын зам” санаачилгыг уялдуулсан баримт бичгийн төсөл гарах ёстой. Нэгдсэн төсөл гарчихвал Гадаад хэргийн яамны шугамаар, гурван улсын төрийн тэргүүнүүдийн дараагийн уулзалтаар ч юм уу батлахаар яригдаж эхлэх байх. Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтыг мөн л ШХАБ-ын уулзалтын үеэр Ташкент хотод эсхүл бүр АСЕМ-ын үеэр Улаанбаатарт зохион байгуулж болох юм.  Ямар ч байсан энэ удаагийн уулзалтаар үр дүн гарна хэмээн найдаж байна. Эцэслэн тохирч магадгүй, эсхүл зарим хэсэгт нь тохиролцоонд хүрч ч болно. Ямар ч байсан эцсийн тохиролцоондоо ирэх оны эхний хагаст хүрчихнэ гэдэгт итгэлтэй байна. 2014 онд дэлхийн болоод бүс нутгийн улстөрийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлт ОХУ-ыг Дорнодын зүг буюу Хятад, Азийн чиглэлд анхаарал хандуулахад хүргэсэн. Мөн Си Зинь Пин БНХАУ-ын  дарга болсноос хойш “Торгоны замын эдийн засгийн бүс” хэмээх санаачилгыг дэвшүүлж, улсынхаа эдийн засгийн томоохон стратеги болгосон. Эдгээр ашиг сонирхлын дунд Монголын “Талын зам” санаачилга цаг үеэ олсон зэрэг нь гурван улсын эдийн засгийн коридор байгуулах боломж бололцоог нээсэн.

-Хийн болон газрын тосны хоолойг Монголын нутгаар тавих санал уг нь аль эрт яригдаж байсан. Гэвч ажил хэрэг болоогүй. Улстөрийн болон бусад учир шалтгаан байсан байх. Харин энэ удаа гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах төсөлд дахин орсон байгаа нь сайн хэрэг. Яг энэ асуудлаар ямар саналыг тусгасан бэ?

-2000-аад оны үед Оросын “Руссия Петролеум” гэдэг компани Монголоор, УБТЗ-ын гол шугам замын дагуу хийн хоолой тавья гэдэг саналыг ярьж бүр урьдчилсан ТЭЗҮ судалгааг нь хүртэл хийсэн байдаг. Тухайн үед дээрх компани Британийн “Бритиш петролиум” компанийн оролцоотой компани байсан юм билээ. “Бритиш петролиум” компани нь ОХУ-ын Эрхүү мужид маш том стратегийн ач холбогдол бүхий хийн орд эзэмшдэг байсан учраас бизнесээ бодоод Монголоор дайруулан хийн хоолой тавих сонирхолтой байсан. ОХУ гадны компанийн энэ санаачилгыг дэмжих сонирхолгүй байсан учраас тус ордыг тойрсон жижиг ордуудаа өөрийн “Газпром” компанид өгснөөр “Бритиш Петролеум”-ыг шахан гаргасан гэдэг. Одоо бол “Газпром” дээрх том ордыг эзэмшиж байгаа ч олборлолт хийж эхлээгүй байгаа юм билээ. Байгалийн хийнээс гадна гелий хэмээх хийг тус ордоос алдалгүйгээр давхар олборлохын тулд технологийн хувьд ийм чадвартай болсон  хойноо олборлолтыг эхлүүлэх бодолтой байдаг гэж сонссон. Орос, Хятадын хооронд байгалийн хий нийлүүлэх баруун чиглэлийн хоолойг Монгол, Казахстаны дундуур барих асуудлыг хоёр хөрш маань их судалсан. Гагцхүү уулархаг нутгаар хоолой дайруулж тавихад шахуургын станцуудыг ойр ойрхон байгуулах хэрэгтэй болно, хөрөнгө мөнгө их шаардана, чичирхийлэл ихтэй бүс нутаг учраас арчлалт ашиглалтын зардал их гарна. Яг энэ чиглэлийг ОХУ болон Хятадын тал маш их судалж үзээд бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон байх. Үүнийг л бид олзуурхан барьж авч байгаа юм. Нөхцөл байдал ийм байхад бид боломжийг алдаж болохгүй. Эдийн засгийн коридортоо хийн болон газрын тосны хоолой тавих асуудлыг оруулж, санал санаачилга гаргаж, хөтөлбөртөө оруулаад байна. Боломжтой асуудал гэж харж байгаа. Манай яаманд “Газпром” компанийнхан ирж уулзсан. Саяхан ОХУ-ын Чита хотод болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд “Газпром” компани хийн хоолойн асуудлаар Хятадын талд хамтарч санал тавих, гурван улсын нутгаар дайруулах хийн хоолойн эдийн засгийн үндэслэл байгаа эсэхийг ярилцъя гэж тохирсон.

-Эдийн засгийн коридор байгуулах гол зорилго юу юм бэ?

-БНХАУ-ын дэвшүүлээд байгаа “Торгоны замын эдийн засгийн бүс”, Монгол Улсын дэвшүүлж байгаа “Талын зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” гурвыг уялдуулан хөгжүүлье гэдэг дээр ОХУ, Монгол Улс, БНХАУ санал нийлж, санамж бичиг байгуулсан. Энэ санал санаачилгуудыг нийлүүлж Монгол, Орос, Хятад гурван улс харилцан уялдаатай хамтран хөгжихөд л эдийн засгийн коридорын утга учир оршиж байгаа юм.

-“Талын зам” төсөл хөтөлбөрт хоёр хөрштэй төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүч гэсэн таван шугамаар холбогдох санаачилгыг тусгасан. Өөр нэмж тусгасан санал байгаа юу?

-Байгаа. Бид энэ таван шугам дээрээ нэмж агаарын харилцаа, бүр тодруулбал, хоёр хөрштэйгөө агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх, агаарын орон зайныхаа ашиглалтыг сайжруулж нэмэгдэл орлого олох, Хөшгийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх буудлаа олон улсын зангилаа буудал болгох асуудлыг тусгасан. Энэ саналаа өнгөрөгч хоёрдугаар сараас хойш хоёр хөрштэйгөө ярилцаад явж байна. Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө ОХУ, Хятад улсад томилолтоор ажиллаад ирсэн. Ирэх оны хоёрдугаар сард гурван улсын иргэний агаарын тээврийн  удирдах байгууллагуудын гурван талт уулзалтыг Эрхүү хотноо зохион байгуулахаар болсон.

-Эдийн засгийн коридор байгуулах энэ том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэллээ гэж бодъё. Хөрөнгө мөнгө, санхүүжилтээ яаж шийдэх вэ?

-Хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Төслүүдээ санхүүжүүлэхдээ гурван хувилбар гаргаад байгаа. Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, концесс буюу төр хувийн хэвшлийн түншлэл, зээлийн санхүүжилтээр шийдэхээр ярьж байна. Саяхан Хятадын санаачилгаар байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, мөн ОХУ, Хятад улс хоёулаа гишүүнд нь багтдаг БРИКС-ийн бүлгйн  Шинэ хөгжлийн банк, ШХАБ-ын Банкны нэгдэл зэрэг олон талын оролцоотой банкуудаас санхүүжилт хийлгэх боломжтой. Олон улсын шаардлага хангасан байх ёстой. Ер нь төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчдийг нээлттэй байдлаар шалгаруулна. Бас нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд “Эдийн засгийн коридор”-ын хүрээнд хэрэгжүүлэхээр бидний дэвшүүлж  буй санал санаачилгуудаас  судалгаа нь хийгдэж, үндэслэл нь  тогтоогдож бэлэн төсөл болсон нь цөөн. Иймд хамтран хэрэгжүүлэх төслүүдийг бэлтгэх гурван талын оролцоотой Хөрөнгө оруулалт, зураг төслийн төвийг Улаанбаатарт төвтэйгөөр байгуулах санал дэвшүүлээд байгаа.

-Эцэст нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хоорондын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт туссан гол гол саналуудаасаа товчхон танилцуулахгүй юу?

-Гурван улс эрх тэгш, харилцан ашигтайгаар улс хоорондын хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцээ хөгжүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүү хөрөнгө оруулалтаа харилцан дэмжих л зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд санал болгож байгаа томоохон бүтээн байгуулалтуудаас дурьдвал, төвийн буюу Улаан-Үүд-Наушк-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Жининь чиглэлийн төмөр замын коридорыг шинэчилж, хос замтай болгох, цахилгаанжуулах, Москва-Бээжингийн өндөр хурдны төмөр замын чигийг Монголын нутгаар өнгөрүүлэх, гурван улсын агаарын навигацийн үйлчилгээг харилцаж уялдаатай хөгжүүлэх, авто замын чиглэлүүдээр дамжин өнгөрөх тээвэр гүйцэтгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх гэхчлэн нэлээд олон асуудлуудыг Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан. Ер нь бол энэ бүтээн байгуулалт ажил хэрэг болчихвол Монгол Улсын эдийн засаг, дэд бүтцэд стратегийн маш том хөрөнгө оруулалт болох юм. 

Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ: “Эдийн засгийн коридор” Монголын хөгжилд стратегийн маш том хөрөнгө оруулалт болно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх