төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Чөлөөт худалдааны бүсэд инфляцийн татваргүй орчинг бүрдүүлж байна

2012/12/19

Нийлүүлэлтийг бага зардлаар тасралтгүй хангахыг зорьж байна

Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Р.Батсүхээс дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.

-Зам, тээврийн яам, Монголбанкны хамтарсан дэд хөтөлбөрийн хүрээнд бараа, бүтээгдэхүүний өртөг буурах боломжтой юу?

 

-“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөр”-ийн хувьд гадаад худалдааны тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах замаар өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасралтгүй хангах, үнийн өсөлтийг хязгаарлах зорилготой. Монголбанк, Зам, тээврийн яам хамтарсан дэд хөтөлбөрийн хүрээнд таван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүний эхний зорилт бол Замын-Үүдийн боомтоор орж ирж буй импортын бараа, бүтээгдэхүүний ачаа эргэлтийг сайжруулах, Улаанбаатарт богино хугацаад хүргэх. Энэхүү зорилтоо хангаж ажиллахын төлөө Зам, тээврийн яам, УБТЗХНН-тэй хамтарч хатуу графиктай хоёр галт тэргийг аялуулж байна. Энэ хугацаанд нийт 91 галт тэрэг, 510 вагоноор 279 мянган тонн ачааг оруулж ирсэн. Ачаа эргэлт сайжирсан нь вагон түгжих, бөөгнөрөл үүсэх байдал үндсэндээ арилж байна. Хатуу графиктай галт тэрэг явахаас өмнө хоногт 110 вагон тээвэрлэлтэд оролцож байсан бол дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 180 вагон ачаа эргэлтэд оролцох болсон. Энэ бол хүмүүст хүрч буй үр дүнтэй ажлын нэг. Тиймээс бараа, бүтээгдэхүүний үнэ буурах, өртөг багасахад тодорхой эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа.

-Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангийн хүчин чадлыг өргөтгөх, цаашид ачааны вагоны тоог нэмэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангийг хүчин чадлыг өргөтгөх, сайжруулах талаар манайхаас судалгаа хийгээд явж байна. Ойролцоогоор 27 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий ачих буулгах тоног, төхөөрөмжийг нэвтрүүлэх тойм тооцоо бий. Ирэх зуны их ачааллыг бууруулах, тээврийг хөнгөвчлөх үүднээс 600 ачааны вагон худалдан авахаар тохиролцсон. Энэ нь зуны тээвэрт өнөөдрөөс бэлдэж буй ажлын нэг гэж хэлж болно. Түүнчлэн ачааны вагон нэмэгдэх нь бараа, бүтээгдэхүүний өртгийг багасахад нэмэртэй. Дээр өгүүлсэн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил иргэдэд хүрч буй үнийн өсөлтийг сааруулах, инфляцийг бууруулахад оршиж байгаа. Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар нийлүүлэлтийг бага зардлаар тасралтгүй хангахыг зорьж байна.

Монголбанкны зүгээс зээлийн шугамыг нээхэд бэлэн С.Амгаланбаяр /Монголбанкны эдийн засагч/

- Дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Замын-Үүдийн боомтын чиглэлд 24 цагт хоёр галт тэрэг аялж, ачаа эргэлтийг сайжруулах ажил жигдэрснийг газар нь дээр очиж үзэж танилцлаа. Цаашид инфляцийн дарамтыг бууруулахад дэд хөтөлбөрийг тодорхой шатлалтайгаар авч хэрэгжүүлэх боломж нээлттэй. Монголбанкны зүгээс зээлийн шугамыг нээхэд бэлэн.

Ц.Тэгшээ: Ачааны галт тэрэг суудлынх шиг шуурхай болжээ /иргэн/

-“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийг Зам, тээврийн яам, Монголбанк хамтран хэрэгжүүлж байгааг өмнө нь сонсож байсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн ачаа эргэлт эрс сайжирч байгаа. Өмнө нь 2-3 хоног ачаагаа ачуулахаар хүлээдэг байсан. Харин одоо өдөртөө амжаад л ачаагаа ачуулж байна. Цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлттэй. Эндээс ачуулсан бараа, бүтээгдэхүүнээ өнжөөд л хотод хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, ачааны галт тэрэг суудлынх шиг шуурхай болжээ. Энэ тохиолдолд бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах бүрэн боломжтой. Хугацаа алдах тусам тухайн бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгвэл одоогийн авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бараа, бүтээгдэхүүний үнэ хилийн үнээр хэрэглэгчдэд хүрэх, өртөг нэмэгдэхгүй байх боломж бүрдэж байна. Ер нь ачаа эргэлт хурдан байх тусмаа л бидэнд амар дөхөм байдаг. Миний хувьд сард хоёр удаа бараанд явдаг. Бараагаа хурдан авч хурдан зарахыг мэдээж хүснэ. Тиймээс төрөөс авч хэрэгжүүлж бодлого бидэнд бол үр дүнгээ өгч байна. Цаашид төмөр зам энэ эрчээ л битгий алдаасай гэж хэлмээр байна. Ачаа эргэлт хурдан шуурхай байвал бараа, бүтээгдэхүүний үнэд буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

Б.Батбаяр: Тээвэрлэлтийн хугацааг хэмнэснээр үнэ буурна /иргэн/

-Миний хувьд хүнсний бараа, бүтээгдэхүүн ачуулдаг. Замын-Үүдэд дөрвөн компанийн төлөөлөгч хийж байна. Өмнө нь 3-4 хоног ачаагаа ачуулах гэж хүлээдэг байлаа. Мөн замдаа нэг хоног хугацаа алдах үе байсан. Нийтдээ таван хоногийг зөвхөн тээвэрлэж хүргэхэд алддаг байсан. Харин одоо өглөө, орой хоёр удаа галт тэрэг явах болсон нь урьдын тулгамдаж байсан бэрхшээлд том тус боллоо. Энэ нь бараа, бүтээгдэхүүний өртөг буурах, цаг хугацаа хэмнэх, эдийн засгийн хувьд ч алдагдалд хүлээхгүй байх боломжийг олгож байна. Вагон ойролцоогоор 22-24 цагийн дотор тээвэрлэлт хийж, өчигдөр ачуулсан бараа өнөөдөр хотод очиж байна. Тээвэрлэлтийн хугацааг хэмнэсээр үнэ буурна. Хүнсний бараа, бүтээгдэхүүний хувьд хадгалах, горимдоо хүрч байна. Богино хугацаанд ч түгээгдэх болсон. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд явуулж буй бодлогод бидний зүгээс ам сайтай байгаа. Илгээгч нарт 20-30 хувийн ашиг буюу хөнгөлөлт гарч байна. Өмнө нь гардаг байсан урсгал зардал багасаж, илүү хямд тусаж байна. Ачааны сав, баглаа боодлын хувьд хүнсний бараа, бүтээгдэхүүн харьцангуй стандартын шаардлага хангасан байдаг. Хамгийн том асуудал бол Замын-Үүдэд ачаа түгжрэх асуудал байдаг. Энэ асуудлыг шийдэж байгаад олзуурхаж байна.

Эх сурвалж mongolianeconomy.mn

Чөлөөт худалдааны бүсэд инфляцийн татваргүй орчинг бүрдүүлж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх