Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулна

2015/11/23
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулна

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн хэлтсийн дарга Ж.Батболд тэргүүтэй УБТЗ, ИНЕГ-ын төлөөлөгчид саяхан Москва хотноо ажиллаад ирсэн юм. Энэ удаагийн ажил хэргийн уулзалтуудын үр дүнгийн талаар яамны ТНБД Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

 

-ОХУ-ын Тээврийн дэд сайд А.С.Цыденов болон Оросын төмөр замууд НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов нартай уулзсан уулзалтаар ямар асуудлууд шийдсэн бэ?

-ОХУ, Монгол Улсын хооронд байгуулагдсан 1949 оны гэрээнд УБТЗ-ын гол төлөөлөл нь  Зам, тээврийн яам байна гэж заасан байдаг. Тэгэхээр ЗТЯ төмөр замын бүтээн байгуулалт, бизнестэй холбоотой аливаа асуудлаар ОХУ-ын талтай ярилцаж байх нь хамгийн зөв хэлбэр бид үздэг. Гэрээнд заасан үүрэг нь ч тийм юм. Цаашдаа энэ гэрээний дагуу явах нь зөв ч гэлээ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон жил яригдаж байгаа. Одоогоор бодит дүгнэлт хараахан гараагүй байна. Гэрээний тухайлсан яг ямар заалт нь УБТЗ, РЖД нийгэмлэгийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад болж байгааг хоёр тал ярилцах шаардлагатай байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын чиглэлээр, зөвхөн РЖД, ЗТЯ хамтраад хэрэгжүүлж болохооргүй томоохон санхүүжилттэй төслүүд, техник технологийн тодорхой шийдэлтэй төслүүд байж болно. Ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө нь хэний өмч байх, ашиглалт үйлчилгээг нь хэн хариуцах, зээл төлбөрийг нь хэн төлөх гэх зэргээр асуудлууд үүсдэг. Ийм асуудлуудыг шийдвэрлэх талаар дээрх 1949 оны гэрээнд тусгагдаагүй байдаг. Тиймээс хоёр тал сууж байгаад гэрээн дээрээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатэй юм байна гэж үзсэн. 2000 оны үед хэрэгжүүлсэн шилэн кабелийн томоохон төсөл УБТЗ, РЖД хоёуланд нь хэрэгтэй төсөл байсан. Жишээлбэл, өнөөдрийн ашиглалт, эзэмшлийн асуудал 1949 оны гэрээгээр биш дамжуулан зээлдэх гэрээний шугамаар явж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газарт өгсөн хөнгөлөлттэй зээл юм.

 

-Сүүлийн үед Монголын төмөр замд хувийн хэвшлийнхэн түлхүү орж ирж байна. Энэ асуудлаар ОХУ-ын тал ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Олон улсын зээл, тусламж, банк санхүүгийн тусламж төсөл хөтөлбөрөөс гадна хувийн хэвшлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэллээ. “Болд төмөр Ерөө” компани өөрсдөө төмөр зам барьсан. Эрдэнэт-Овоот-Арц суурь-Кызыл чиглэлийн төмөр зам, “Богдхан төмөр зам” төслийн талаар ч бид ярьж байгаа. Энэ төслүүдэд хувийн хэвшлүүд ямар зарчмаар оролцох, Засгийн газартай ямар гэрээ хэлэлцээр хийх, УБТЗ-тай ямар гэрээтэй байх гээд олон асуудлуудыг зохицуулах шаардлагатай байна. Ийм учир шалтгааны үүднээс ОХУ болон манай тал тус тусдаа ажлын хэсэг гаргасан байгаа. Монголын талын ажлын хэсгийг би ахалж байгаа. Удахгүй асуудлуудаа нэг тийш болгож шийдвэрлэнэ. Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийг би ахалдаг. Жил болгон хуралдаж, дараа жилийн хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог. Хоёр талын санал санаачилгаа ч ярилцдаг. Энэ удаад Монголын тал УБТЗ-аар дамжин өнгөрөх ачаа тээврийг сайжруулах, хэмжээг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ. УБТЗ-ын орон нутгийн галт тэрэг Наушкт маш олон цагаар саатдагийг болиулж Улаан-Үүдэд хяналт шалгалтыг нь хийдэг болъё гэдэг саналаа тавьсан.  Манай саналыг хүлээж авсан байгаа. Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг ОХУ шууд хөрөнгө гаргаж барих боломж тааруу байна гэдгээ хэлсэн. Харин хувийн хэвшлийг оролцуулах тал дээр дэмжиж байгаа. Оператор нь УБТЗ байхад асуудал байхгүй гэдгээ илэрхийлсэн. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг энэ төсөл рүү татах боломж манайд байна. Энэ төмөр замаар тээвэрлэх ачааны асуудал дээр ОХУ-ын тал санаа зовохгүй байх шиг байна.

 

-ОХУ, Хятадын хоорондох ачааг Монголоор дамжуулан тээвэрлэх тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцсан уу?

-“Роснефть” компанийн удирдлагуудтай уулзсан. ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулах асуудлыг бас ярилцлаа. Жилд 3,2-4,0 сая тонн ачааг УБТЗ-аар нэвтрүүлэх боломж байгаа гэдгээ хэлсэн. Зарчмаа бол тохирсон. Одоо харин харин яаж дамжуулан тээвэрлэх арга хэлбэрээ ярилцаж байна. Худалдан авагч Хятадын тал шууд Наушкаас нефтиэ авч болж байна. Эсвэл РЖД-ынхан УБТЗ-аар дамжуулан Эрээн хот хүргэх, тэндээсээ худалдан авагч нь цааш тээвэрлэх гарц байна. Бидэнд бол сүүлийнх нь хувилбар ашигтай. Эрээн хотод түүхий нефтийг шилжүүлэн ачих уу, эсвэл галт тэрэгний дугуйг солих уу гэдгээ Хятадын тал шийдэх юм. Энэ талаархи гурван тал, бүр цаашилбал таван талын уулзалтыг чадвал энэ 7 хоног, цаашлаад ирэх 7 хоногт зохион байгуулахаар ажиллаж байна. Оросын төмөр зам, “Роснефть”” компани, Монголын тал, Хятадын төмөр зам, худалдан авагчдын хамтарсан уулзалт хийх юм.

 

-ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэлд олгодог цэнхэр тасалбарын тухайд?

-ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэлд олгодог цэнхэр тасалбарын тоог 4000 ширхэг хүртэл байхаар ярилцлаа. Оросын тал тогтмол рейсийн орлого нь байхгүй болчих учраас тусгай зөвшөөрөл гаргамааргүй байна. Монголчууд хувийн тээврийн хэрэгслээр ОХУ руу нэвтрэх нь ихэсч, осол зөрчил тэр хэрээр нэмэгдэж, ОХУ-ын хууль дүрмийг зөрчих нь их байгаа учраас болгоомжилж байгаа юм билээ. Одоогоор манай улс нийтийн зорчигч тээврээ илүүтэй хөгжүүлэх шаардлагатай болж байна. Тээврийн хэрэгслийн бүртгэлжүүлэлтийг ч улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.

 

 

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх