Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд М.Зоригт 267 км төмөр замын ажлын явцтай танилцав

2015/09/29
Зам, тээврийн сайд М.Зоригт 267 км төмөр замын ажлын явцтай танилцав

Зам тээврийн сайд М.Зоригт 2015.09.26, 27-ны өдрүүдэд  Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр болох Ухаа Худаг - Гашуун сухайтын чиглэлд баригдаж буй 267 км төмөр замын суурь гүйцэтгэлийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа. 

М.Зоригт сайдын зүгээс уг ажилтай ийнхүү танилцах болсон шалтгаан “Чингис” бондын санхүүжилтээс 200 сая ам.долларыг авсан уг төсөл өдгөө “шороон овоолго” төдий зүйл болчхоод байгаа гэх мэдээлэлтэй холбоотой байв. 

Анх “Энержи ресурс” компанийн зүгээс дээрх  чиглэлд төмөр зам барих ажлыг санаачлан Солонгосын Самсунг С&T-тэй хамтран ажлаа эхлүүлээд явж байжээ. Улмаар Засгийн газрын зүгээс 2012 онд тогтоол гарган уг ажлыг төрийн өмчит Монголын төмөр зам (МТЗ) -аар хийж гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж, төслийг “Энержи ресурс”-ийн мэдлээс шилжүүлэн авчээ. Үүний дараагаар МТЗ 267 км урттай төмөр зам барих уг төслийг Самсунг С&T ийн охин компани болох SCTECM-тай дахин шинээр байгуулан газар шорооны ажлыг үргэлжлүүлжээ. 

Зам тээврийн яамны мэргэжилтнүүдийн зүгээс Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих энэхүү төсөлд өнгөрсөн хугацаанд нийт 220 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж газар шорооны ажил гүйцэтгэсэн талаар мэдээлж байв. Үүний 60 сая орчим ам.долларын ажлыг МCS групп хийж гүйцэтгэсэн бөгөөд харин өдгөө 60 сая ам.долларыг МCS-ийн зүгээс МТЗ-аас нэхэмжилж байгаа талаар МТЗ-ын удирдлагууд энэ үеэр М.Зоригт сайдад хэлж байв. 

Өнөөдрийн байдлаар Ухаа худгаас Гашуун сухайт чиглэл хүртэлх 267 км замын 208 километрт нь газар шорооны ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байгаатай Зам тээврийн сайд энэ үеэр танилцав. 208 км газар шорооны ажил гэдэгт төмөр замын далан, суурь хучилтаас гадна 430 метрийн урттай дам нуруун гүүрийн суурь гүйцэтгэл зэрэг ажлууд багтаж байгаа юм байна. 

МТЗ-төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбатын зүгээс Зам тээврийн сайд М.Зоригтод өгсөн мэдээллээр бол Шинхуа энержи групп болон МТЗ хамтран Ухаа худаг -Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих асуудал өдгөө хэлэлцээрийн түвшинд явагдаж байгаа гэнэ. Хэрвээ талууд хэлэлцээрт гарын үсэг зуран баталгаажуулах аваас Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын (нарийн царигтай) 51 хувийг Монголын тал буюу МТЗ, үлдэж буй 49 хувийг Шинхуа энержи групп эзэмших нөхцөлтэйгээр бүтээн байгуулалтыг хийж дуусгах юм байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс үүрэг болгосны дагуу “Эрдэнэс MGL” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаар ахлуулсан ажлын хэсэг уг хэлэлцээрийг хийж байгаа агаад хэлэлцээр амжилттай хийгдвэл 2017 оны нэгдүгээр улирал гэхэд шинэ төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Мөн энэ үеэр Д.Ганбат хэлэхдээ, “Төмөр замд хамгийн чухал зүйл нь далан, суурь бүтэц байдаг. Энэ утгаараа хамгийн их цаг хугацааг суурь бүтцийн ажлыг хийхэд зарцуулдаг. Суурь бүтцийг хийж гүйцэтгэсний дараа дээд бүтэц буюу зам төмрийг суурилуулдаг. УБТЗ-ын тухайд нэг өдөрт 1200-1800 метр газарт зам тавьдаг бол энэ зам дээр шинэ технологиор замыг тавихаар төлөвлөж байгаа. Шинэ технологийн дагуу бол өдөрт 2-3 км зам тавина гэсэн үг. Энэ үүднээс нь харвал энэ төсөлд олон жил зарцуулж, хугацаа алдана гэсэн ойлголт байхгүй. Хамгийн багадаа жилийн дотор замыг бүрэн тавьж дуусгах юм. Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тухайд шаардлага хангахуйцаар сайн тавигдсан гэж бодож байна” хэмээсэн юм. 

Энэ үеэр Зам тээврийн сайд М.Зоригтоос цөөн асуултад хариулт авлаа.

-Асуудал болоод байсан “овоолсон шороо”-ныхоо учрыг олов уу, сайд аа?

-Х.Баттулга бид хоёр багын найзууд. Энэ асуудлаас болж маргалдсан удаа бий. Миний хувьд санаа зовж л байлаа. Үнэхээр овоолсон шороо байгаа юм болов уу гэж сэтгэл түгшиж ирсэн.Тэгвэл бодит байдалтай танилцаад сэтгэлийн түгшүүр ариллаа. Төмөр замын  суурь, далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна. Одоо үлдсэн санхүүжилт, холбогдох гэрээ хэлцлүүдийг шийдээд төмөр зам, түүнийг дагалдсан өртөө зөрлөгүүдийг барих ажил үлдэж байна гэж ойлголоо.

Миний зүгээс энд ирсэн өөр нэг шалтгаан нь овоолсон шорооны учрыг олохоосоо илүүтэй төмөр замаа хурдан тавьж, ачаа тээврээ хурдан явуулаасай гэдэг үүднээс ажил ахиулах гэж ирсэн.

Энд ирээд их олон зүйлийг мэдлээ. Тухайлбал, Цогтцэций суманд “Хүннү молл” байдаггүй юм байна. “Хүннү молл” байтугай л зүйл уг нь байвал баймаар газар. Харамсал төрж байна. Тэр Улаанбаатар, тэр Төрийн ордон хавиар эргэлдэж твиттерт жиргээд муу, сайнаар нь яриад байгаа залуучуудыг энд авч ирмээр юм байна. Ер нь Монголчууд энд хэчнээн их бүтээн байгуулалт хийгдчихээд байгааг өөрсдөө ирж нүдээрээ харж, ойлгохгүй бол цаашаа явахад төвөгтэй юм байна гэдгийг ойлголоо. 

-МCS компани Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замд хөрөнгө оруулсан 60 сая ам.доллараа МТЗ төрийн өмчит компаниас нэхэмжилж байгаа гэлээ. Энэ мөнгийг буцааж өгөх ёстой гэж бодож байна уу?

-Монголын төр тухайн үедээ бодлого гаргаад хувийн хэвшлийн хийж байсан ажлыг төр өөрөө хийх ёстой гээд авсан бол хувийн хэвшлийнхний хийсэн ажлын хөлсийг буцааж өгөх л хэрэгтэй. Гэхдээ одоо бол өгдөг тэнхээ нь юу билээ гэх мэт олон асуудал бий. Бид чинь MCS гэхээр л асуудлыг нэг, нэг өнцгөөс өнгө ялгаж хараад сурчихсан байна. Асуудлыг уг нь тэр өнцгөөс харах хэрэггүй байгаа юм. Хувийн хэвшлийн компани ийм зоригтой ажлыг эхлүүлсэн байна уу, эхлүүлсэн байна. Олон нийтийн анхаарлыг тэр зүгт татаж чадсан байна уу, чадсан байна. Энэ бол яах аргагүй монголд хэрэгтэй ажил. Анх эхлүүлж сэдсэн гэдэг нь өөрөө гоё зүйл байхгүй юу. МCS-ийн зүгээс энэ төмөр замын төсөл дээр багагүй ажил хийсэн юм байна. Тэр нь 60 сая юм уу, 80 сая юм уу гэдгийг би сайн мэдэхгүй. Үнэн зөв тоог нь гаргаж тогтоодог аудит энд хэрэгтэй байх. Төмөр замтай танилцаж байгаа болохоор намайг төмөр замчин гээд ойлгочихсон юм шиг мэргэжлийн зүйл их асуух гээд байх юм. Би тэр бүрийг чинь сайн мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ зам бол цаашид явах ёстой гэдгийг л сайн мэдэж байна. 

-Та энд ирээд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн уурхайн төлөөллүүдтэй уулзлаа. Тэдний зүгээс юу ярьж байна вэ?

-Энд ирээд хоёр том уурхайн төлөөлөлтэй уулзлаа. Тэдний яриаг сонсож байхад асар их бололцоо байгаа нь ойлгогдож байна. Даанч дэд бүтэц нь муу хөгжсөн, замын даац нь өөрөө сайн биш учраас бага оврын тээврийн хэрэгслээр олон дахин тээвэрлэлт хийснээс үүдэж борлуулалтын өртөг болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх гэх мэт олон учир дутагдалтай зүйлүүд тулгарч байгааг хэлж байна. Тэгэхээр дэд бүтцийн асуудлыг нь шийдэхийн тулд төмөр замаа хурдан тавих хэрэгтэй гэсэн үг. Ганц энд ч биш. Монгол Улс хөгжье гэвэл маш олон дэд бүтцүүдийг богино хугацаанд зэрэг хөгжүүлэх ёстой.

Нүүрс тээвэрлэж байгаа компаниудын зүгээс төмөр замаа хурдан барихгүй бол авто замын даацаа дахиж хүчитгэнэ гэсэн мэдээллийг өгч байна. Хятадуудын захиалгаар уурхайн компаниуд өмнө нь хамтарч байгаад 70 тоннын даацтай авто зам тавьсан юм байна. Гэтэл хятадууд 70 тонны даацтай машин үйлдвэрлэхээ болиод 120-130 тоннын даацтай машин үйлдвэрлээд эхлэхээр өмнөх нь замынхаа даацынхаа мөн хэмжээгээр нэмж хүчитгэх шаардлага гарч ирж байна гэдгийг ярьж байна. Хятадуудын зүгээс хэрвээ танайхан энэ замаа 130 тоннын даацтайгаар хүчитгэж чадахгүй гэвэл манайхаас 130 тоннын даацын замыг нүүрсний бартераар тавьж өгье гэдэг саналыг ирүүлсэн гэнэ. Ухаа худаг - Гашуун сухайтын чиглэлд. Өөрөөр хэлбэл, хятадууд манайхаас нүүрс авахын тулд бартераар зам тавиад л нүүрсийг маань урагш нь гаргаад байна гэсэн үг. Магадгүй энэ жил 130 тонны даацтай замыг тэдний хүсэлтээр тавьчих юм бол дахиад хоёр жилийн дараа урд хөрш машинуудаа 200 тоннын даацтайгаар үйлдвэрлээд  эхлэхийг үгүйсгэхгүй. Энэ бүрт л манайх замаа дахин, дахин хүчитгэнэ. Энэ зарчмаар цаашид явбал нүүрс маань засмал зам болж хувирах эрсдэлтэй гэсэн үг.Тийм болохоор төмөр замын асуудлаа даруйхан шийдэх хэрэгтэй.

 

 

Зам, тээврийн сайд М.Зоригт 267 км төмөр замын ажлын явцтай танилцав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх