Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ТӨМӨР ЗАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА”-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД НАРЫН 43 ДУГААР ЧУУЛГАНЫ МЭДЭЭЛЭЛ

2015/06/11
“ТӨМӨР ЗАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА”-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД НАРЫН 43 ДУГААР ЧУУЛГАНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаарсарын 17-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлээр Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 43 дугаар чуулганыг 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахыг зөвшөөрч, холбогдох бэлтгэлийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд, Гадаад харилцааны сайд нарт даалгасан.

 

 “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага”-ын (цаашид “ТЗХАБ” гэх) гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 43 дугаар чуулганыг Зам, тээврийн яам нь 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

ТЗХАБ-ын дээд удирдлага болох Сайд нарын чуулганы ээлжит 43 дахь удаагийн  чуулган нь “ТЗХАБ-ын тогтоол”, “ТЗХАБ-ын Сайд нарын чуулганы үйл ажиллагааны дүрэм”-ийн хүрээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулганд тус байгууллагын гишүүн 28 улсаас

-       Бүгд Найрамдах Азербайджан(БНАзеУ),

-       Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБелУ),

-       Бүгд Найрамдах Болгар Улс (БНБолУ),

-       Унгар Улс (УнгУ),

-        Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНВьетУ),

-       Гүрж Улс (ГУ),

-       Исламын Бүгд Найрамдах Иран Улс (ИБНИУ),

-       Бүгд Найрамдах Хасаг Ард Улс (БНХасУ),

-       Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ),

-       Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард Улс (БНАСАУ),

-       Бүгд Найрамдах Латви Улс (БНЛатУ),

-       Бүгд Найрамдах Литва Улс (БНЛитУ),

-       Бүгд Найрамдах Молдов Улс (БНМолУ),

-       Монгол Улс (МУ),

-       Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ),

-       Оросын Холбооны Улс (ОХУ),

-       Бүнд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ),

-       Украин Улс (УкрУ),

-       Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ),

-        Бүгд Найрамдах Эстони Улс (БНЭстУ)

зэрэг 20 улсын бүрэн эрхт төлөөлөгч нар, ТЗХАБ-ын Хорооны Европын комиссын тээвэр ба хөдөлгөөний ерөнхий удирдлагын төв (DG MOVE), Төмөр замын тээврийн олон улсын Хороо (CIT)–ны төлөөлөл, нэгдсэн байгууллагын статустай Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний “КОРЕЙЛ” корпорацийн төлөөлөл өөрийн Улсын Газар, дэд бүтэц ба тээврийн дэд сайдаар ахлуулан оролцсон юм.

 

 

 “ТЗХАБ-ын Сайд нарын чуулганы үйл ажиллагааны дүрэм”-ийн дагуу чуулганыг Монгол Улсын ЗТЯ-ны сайдын зөвшөөрснөөр дэд сайд Х.Ержан удирдан явуулсан.

 

ТЗХАБ-ын Сайд нарын түвшний 43 дугаар чуулганаар нийт 11 асуудлыг хэлэлцэхээр гишүүн-улсууд санал нэгдсэн. Үүнд:

1.    ТЗХАБ-ын 2014 оны үйл ажиллагааны тайлан,

2.    ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2014 оны тайлан,

3.    ТЗХАБ-ын Тээврийн бодлого ба хөгжлийн стратегийн Комиссын 2014 оны ажлын үр дүн,

4.    ТЗХАБ-ын Тээврийн хууль, эрх зүйн  Комиссын 2014 оны ажлын үр дүн,

5.    ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг шинэчлэн  сайжруулах  “Түр ажлын хэсэг”-ийн ажлын явц,

6.    “Евро-Азийн тээврийн коридор ба нийт Европын бүс нутгийн хэмжээнд тээврийн нэгдсэн хууль, эрх зүйтэй болох чиглэлээр НҮБ-ын Европын эдийн засгийн комисстой хийж буй ажлын талаар ТЗХАБ-ын Хороон даргын мэдээлэл,

7.    Төмөр замын ачаа тээврийн хүрээний мэргэжилтэн бэлтгэх шаардлагын нэгдсэн арга хэмжээг боловсруулах,

8.    ТЗХАБ-ын 2016 он болон дараагийн жилүүдийн ажлын хөтөлбөрийн тухай

9.    Гишүүнчлэлийн татвар төлөлт,

10.  ТЗХАБ-ын Хорооны төсөв (2015 оны эцсийн, 2016 оны урьдчилсан байдлаар),

11.  ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 44 дугаар чуулганыг зохион байгуулах газар, хугацаа, хурлын урьдчилсан хөтөлбөрийн төсөл

 

2015 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Сайд нарын чуулганы шийдвэрийн төсөл ба материалуудыг бэлтгэх хурал болсон ба 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын Зам, тээврийн сайдын зөвшөөрснөөр дэд сайд Х.Ержан даргалан нэгдсэн чуулганыг үргэлжлүүлсэн.

 

 

Сайд нарын энэ удаагийн чуулганыг даргалагч орны хувьд Монгол Улсын Зам, тээврийн Сайд Н.Төмөрхүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс 43 дугаар чуулганыг 1992 оноос хойш дахин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаадТЗХАБ-ын Хорооны удирдлагад талархал дэвшүүлж, хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчидөд хандан мэндчилгээний үг хэлсэн. Тэрээр 1992 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын XX чуулганы шийдвэрээр төмөр замуудын ерөнхий захирлуудын бага хурлыг үүсгэн байгуулсан түүхэн үеийг дурсан, ТЗХАБ үүсгэн байгуулагдсан мөчөөс эхлэн Монгол Улс үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож, гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлсээр ирснийг дурджээ.

ТЗХАБ-ын Сайд нарын 43 дугаар чуулганаар “ТЗХАБ-ын 2014 оны үйл ажиллагааны тайлан”, “ТЗХАБ-ын 2016 он болон дараагийн жилүүдэд хийх ажлын хөтөлбөр”, “ ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2014 оны тайлан”, “ТЗХАБ-ын Хорооны 2015 оны эцсийн, 2016 оны урьдчилсан төсвийг баталсан.

Сайд нарын 43 дугаар чуулганаар ТЗХАБ-ын “Тээврийн бодлого ба хөгжлийн стратеги”-ийн Комиссын 2014 оны ажлын үр дүнг хэлэлцэж, ТЗХАБ-ын төмөр замын тээврийн № 4,6,11 дүгээр коридорыг 2020 он хүртэл хөгжүүлэх ба тээврийг сайжруулах цогц төлөвлөгөөг батлав.

Сайд нарын чуулган нь ТЗХАБ-ын “Тээврийн хууль, эрх зүй”-н Комиссын 2014 оны ажлын үр дүнг сайшааж, цаашид “Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр”(цаашид “ОУАХХ” гэх) ба түүний албан заавар, “Олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр” (цаашид “ОУЗХХ” гэх)ба  түүний албан заавар, “Олон улсын харилцаан дахь зорчигч, тээш тээвэрлэх дүрэм”, “Олон улсын зорчигчийн харилцаан дахь тээвэрлэгч нарын хоорондын  гэрээ”-г тус тус шинэчлэн сайжруулах чиглэлээр ажлуудыг үргэлжлүүлэх,  “Аюултай ачаа тээвэрлэх дүрэм”-ийг хянан шалгах Түр ажлын хэсэг нь ОУАХХ-ийн 2 дугаар хавсралтыг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх, ОУАХХ-ийн 14 дүгээр хавсралтыг шинэчлэн боловсруулах Түр ажлын хэсэг нь “Чингэлэг болон вагонд ачааг байрлуулах, бэхлэх дүрэм”-ийг 2015 оны төгсгөлд дуусгавар болгох, Төмөр замын тээврийн олон улсын Хороо (CIT)-той хамтран “ЦИМ/СМГС (Европын холбооны олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр болон ТЗХАБ-ын ОУАХХ)-г уялдуулах  “Тээвэр-хууль эрх зүйн” төслийг дуусгавар болгох зөвлөгөөнийг  зохион байгуулахаар тус тус шийдвэрлэлээ. 

 

ТЗХАБ-ын “Тээврийн хууль, эрх зүй”-н Комиссоос ОУАХХ ба түүний албан зааварт цогц нэмэлт, өөрчлөлт оруулан 2015 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөх, ОУЗХХ ба түүний албан зааварт нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 5 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон тухай мэдээлэв.

ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг сайжруулах Түр ажлын хэсгийн гүйцэтгэсэн ажлын явцыг тайланг Сайд нарын чуулганаар дэмжин, ТЗХАБ-ын үндсэн баримт бичгүүдийг сайжруулах Түр ажлын хэсгийн гүйцэтгэсэн “Олон Улсын төмөр замын шууд харилцааны Конвенци” түүний хавсралтын төслийн боловсруулалтыг дуусгавар болсонд тооцлоо.

Сайд нарын чуулганы үеэр ТЗХАБ-ын Ерөнхий захирлуудын 30 дугаар бага хурлаар Хороон дахь Унгар улсын төлөөлөгч ноён Кишш Атиллаг ТЗХАБ-ын Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд 2015 оны 5 дугаар сарын 1-ээс 2018 оны 6 дугаар сарын 30-ыг хүртэл хугацаагаар томилсныг Хорооноос албан ёсоор мэдээлэв.

Бүгд Найрамдах Азербайджан Улсын урилгаар ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 44 дүгээр чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Баку хотноо зохион байгуулахаар энэхүү чуулганаар шийдвэрлэлээ.

 

Ирэх 2016 оны 44 дүгээр чуулганы урьдчилсан хөтөлбөрт дараах асуудлуудыг хэлэлцэхээр тохиролцов. Үүнд:

1.    ТЗХАБ-ын 2015 оны үйл ажиллагааны тайлан,

2.    ТЗХАБ-ын Хяналтын Комиссын 2015 оны тайлан,

3.    ТЗХАБ-ын Тээврийн бодлого ба хөгжлийн стратегийн Комиссын 2015 оны ажлын үр дүн,

4.    ТЗХАБ-ын Тээврийн хууль, эрх зүйн  Комиссын 2015 оны ажлын үр дүн

5.    Олон Улсын төмөр замын шууд харилцааны Конвенцийн төслийн найруулгыг хүлээн зөвшөөрүүлэх олон улсын Засгийн газар хоорондын бага хурлын бэлтгэл ажлын явц,

6.    “Евро-Азийн тээврийн коридор ба нийт Европын бүс нутгийн хэмжээнд тээврийн нэгдсэн хууль, эрх зүйтэй болох чиглэлээр НҮБ-ын Европын эдийн засгийн комисстой хийж буй ажлын талаар ТЗХАБ-ын Хороон даргын мэдээлэл,

7.    Төмөр замын ачаа тээврийн салбарын мэргэшсэн боловсон хүчинг бэлтгэх бэлтгэх нэгдсэн арга хэмжээний аргачлалыг боловсруулах Түр ажлын хэсгийн ажлын үр дүн,

8.    2017 он болон дараагийн жилүүдийн ТЗХАБ-ын ажлын хөтөлбөрийн тухай

9.    Гишүүнчлэлийн татвар төлөлт,

10.  ТЗХАБ-ын Хорооны төсөв (2016 оны эцсийн, 2017 оны урьдчилсан байдлаар)

11.  ТЗХАБ-ын Хяналтын комиссын гишүүний сэлгээ, бүтэц,

12.  ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Сайд нарын 45 дугаар чуулганыг зохион байгуулах газар, хугацаа, хурлын урьдчилсан хөтөлбөрийн төсөл зэрэг асуудлуудыг ирэх чуулганаар хэлэлцэхээр урьдчилан тохиролцов.

“ТӨМӨР ЗАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА”-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД НАРЫН 43 ДУГААР ЧУУЛГАНЫ МЭДЭЭЛЭЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх