Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“УРЬТАЖ УХААР” АЯНЫ ХҮРЭЭНД ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

2023/05/16
“УРЬТАЖ УХААР” АЯНЫ ХҮРЭЭНД ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн  алба, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс хамтран “УРЬТАЖ УХААР”  замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны талаар мэдээлэл хийлээ.

 

Мэдээлэлд дурдсанаар,

Сүүлийн 5 жилийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд жилд дундажаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас 500 хүн нас барж, 3400 хүн гэмтсэн байна. Мөн энэхүү судалгаанаас харахад, сүүлийн 5 жилд зам тээврийн ослын улмаас 581 явган зорчигч, 865 тээврийн хэрэгслээр зорчигч, 10 унадаг дугуйгаар зорчигч амь насаа алдсан байна.

 

2023 оны эхний улирлын байдлаар 7275 зам тээврийн осол бүртгэгджээ. Бүртгэгдсэн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоо нь амь насаа алдсан бол 311 насанд хүрсэн хүн гэмтэж, түүнээс 70 нь амь насаа алджээ. Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна.

Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг 2022 онд Үндэсний Статистикийн хорооноос танилцуулсан байдаг. Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2021-2030 оны төлөвлөгөөнд 2030 он гэхэд зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөн, тусламж үйлчилгээг сайжруулж, зам тээврийн ослыг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.

Энэ зорилтын хүрээнд явган зорчигч, унадаг дугуй, тээврийн хэрэгслээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нөлөөллийн "УРЬТАЖ УХААР" аяныг 2023 оны тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж, жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулах ажлыг өчигдөр буюу тавдугаар сарын 15-наас эхлүүллээ.

Түүнээс гадна нийслэл Улаанбаатар хотод цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад энэ төрлийн сургалт, нөлөөллийн арга  хэмжээг идэвхжүүлээд байна.

“УРЬТАЖ УХААР” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛСЭНЭЭР нийслэл Улаанбаатар хотод төдийгүй хөдөө, орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулах, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх цаашлаад эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чухал нөлөөтэй гэдгийг албаны хүмүүс онцлов.

Зам, тээврийн хөгжлийн яамны  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баяржаргал: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь түншүүдтэйгээ хамтран НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын долоо хоногийг Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба хамтран “Урьтаж ухаар” уриатай нөлөөллийн аяныг 2023 оны тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд  зохион байгуулна.

Дэлхий нийтэд зам тээврийн ослоор жил бүр 1.3 сая хүн нас барж, 50 сая хүн гэмтсэн. Нас барсан дөрвөн хүн тутмын нэг нь явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч байна. Тиймээс арга хэмжээний хүрээнд явган болон унадаг дугуй, нийтийн тээврээр зорчих асуудалд анхаарах, энэ чиглэлээр мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд түгээнэ.

Мөн“Автомашингүй өдөрлөг”, “Ногоон гэрэл, цагаан шугам”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүүхдийн оролцоо” нээлттэй өдөрлөг, нийтийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үзлэг, “Зүрхэнд гэрэлтэнэ” сургамжит киног түгээх, нийтийн тээврийн үйлчилгээний байгууллага, жолооч нарт зориулсан сургалт зэрэг арга хэмжээг аяны хүрээнд зохион байгуулна” хэмээн хэллээ.   

Нийслэлд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ нэмэгдсэн учраас сургалт, нөлөөллийн арга  хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудаар хийж байна.  Явган зорчигч замын гарцан дээр мөргүүлэх тохиолдол бүртгэгдэж байна. Энэ асуудалд жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хяналт тавьж ажиллана. Зам тээврийн ослын 80 орчим хувь нь орон нутгийн замд гарч байна. Иргэд зуны улиралд хөдөө орон нутгаар их амарч зугаалдаг. Тэгсэн хэдий ч аав ээжтэйгээ хамт явахдаа зам тээврийн ослоор гэмтэж, амиа алдаж байгаа нь харамсалтай. "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2023" нөлөөллийн арга хэмжээг эхлүүлэхээр бэлдэж байна” гэв.

“УРЬТАЖ УХААР” АЯНЫ ХҮРЭЭНД ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook