Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБА БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2022/09/09
АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБА БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад автотээврийн хяналтын алба байгуулагдсаны 80 жилийн ой өнөөдөр /2022.09.09/ тохиож, Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд албан хаагчиддаа мэндчилгээ дэвшүүллээ.

1942 онд тухайн үеийн МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор Тээврийн яамны харьяанд автотээврийн шалган бүртгэх товчоог байгуулснаар орон даяар автотээврийн үйл ажиллагаанд хяналт тавих бүтэц, зохион байгуулалт бий болсноор Тээврийн хяналт шалгалтын албаны үүсэл хөгжлийн эхлэл тавигдаж, өнөөөдрийн 80 жилийн ойг угтаж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Автотээвэрлэлтийн аюулгүй байдлын өдөр тутмын манаанд зогсож байгаа Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагчид та бүхэндээ Автотээврийн хяналтын алба байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Монгол улс ХХ зууны эхэн хүртэл ачаа барааг хол ойрын замд ердийн хөсөг, морин өртөөгөөр гүйцэтгэж байсан ба 1925 онд Монголын анхны автотээврийн байгууллага болох “Монгол тээх нэвтрүүлэх газар” байгуулагдсанаар ачаа бараа, хүн, шууданг автомашинаар зөөвөрлөн хүргэх ажлын эхлэл тавигдсан билээ. Тэр цаг үеэс эхлэн Монгол Улсын орчин цагийн тээврийн салбар, тэр дундаа автотээврийн салбар өргөжин хөгжсөөр 97 жилийг туулан өнгөрүүлж байна.

Өнөөдрийн байдлаар автотээврийн салбарт 17 аж ахуйн нэгж улс хоорондод, 59 аж ахуйн нэгж хот хоорондод нийт 708 автобустай, 19 аж ахуйн нэгж хотын дотор 1293   автобустай, 8 аж ахуйн нэгж такси үйлчилгээнд 385 суудлын автомашинтайгаар зорчигч тээврийн үйлчилгээ, 370 аж ахуйн нэгж 26252 чингэлэг болон тэвштэй ачааны автомашинаар улс хоорондын ачаа тээврийг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын арга барил, хэрэглэж буй техник технологи улам боловсронгуй болж улс, хот, аймаг хоорондын зорчигч тээвэрт 24 цагийн турш байршил тогтоох төхөөрөмжөөр цахим хяналт тавин ажиллаж байна.

Саяхан бид “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан.

Ойрын үед олон улсын 5-6 автотээврийн конвенцид нэгдэн орохоор бэлтгэл ханган ажиллаж байна. Олон улсын тээврийн эрх зүйн орчинг өргөжүүлснээр Монгол жолооч Ази, Европыг дамнан тээвэрлэлт гүйцэтгэх боломж өргөжин тэлж, олон улсын тээвэрт өөрсдийн байр суурийг эзлэх боллоо.

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа автотээврийн үйлчилгээний хэрэгцээнд нийцүүлж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд тавигдах захиргааны хяналтыг хэрэгжүүлэх их үйлсэд гар бие оролцсон автотээврийн хяналтын үе үеийн улсын байцаагчид та бүхэн халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж хоёргүй сэтгэлээр зүтгэж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Та бүхний хичээл зүтгэл улс орны эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хангамжийг тээврийн үйлчилгээгээр тасалдуулахгүй хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон хэлье. Автотээврийн хяналтад ажиллаж байгаа та бүхэн ололт амжилтаа улам бататгаж, тавьсан зорилт, хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголын тээврийн салбарт залуу халуун насаа зориулж, ачааны хүндийг үүрч, өнөө үетэй золгуулсан ахмад буурлууд, өнөөгийн тээвэрчид, тэдний залгамж халаа болсон залуустаа аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, алдар хүндийн оргил нь өндөр байх болтугай!” хэмээн мэндчилгээ дэвшүүлснийг Төрийн захиргааны удирдлагын газар дарга Б.Болор-Эрдэнэ уншиж, танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Салбарынхаа нүд чих болж, тэргүүн эгнээнд зогсож, олон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг автотээврийн салбарын улсын байцаагч нартаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бид өмнө нь нийслэл, хот хоорондын тээвэрт хяналт тавьдаг байсан бол өдгөө олон улсын тээвэрт хяналт тавьдаг болсон. Цаашид ч өргөжин тэлнэ. БНХАУ, ОХУ-руу тээвэр хийх биш дундад ази, төв ази, Европын улс орнууд, БНСУ-ын Бусан боомтод ч монголын тээвэрчид очсон. Тэгэхээр манай яам бодлого, төлөвлөлт, хэлэлцээрээс гадна олон зохицуулалт хийх шаардлага тулгарч байна. Монголын тээвэрчид бүс нутаг, олон улсын тээвэрт оролцоход боломжийг бүрдүүлэх чухалчилж байгаа.

Түүнээс гадна иргэд, жолоочдоо чадамжтай болгох, зөрчил гаргахгүй байх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатай.  Мөн техник, технологийн дэвшил, цахим шилжилтийн үед хүн бүр өөрсдийнхөө мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэрэгтэй. Өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад мэдлэг, чадвар, туршлагаа дээшлүүлж явахыг та бүхнээс хүсэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхний алтан шар зам өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье” гэв.

 

АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБА БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook