Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН КОМПАНИУДЫГ ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН “ЭРДЭНЭТ” ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ

2022/08/22
ТӨМӨР ЗАМЫН КОМПАНИУДЫГ ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН “ЭРДЭНЭТ” ТӨВТЭЙ ХАМТРАН  АЖИЛЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК, Болдтөмөр ерөө гол ХХК-ийн удирдлага, холбогдох ажилтнуудын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд ажиллалаа.

Манай улс хаврын улиралд шар шороон шуурга ихтэй, үүнээс үүдэн төмөр зам элсэнд дарагдаж, их бага хэмжээний хохирол учрах эрсдэлтэй байдаг. Тиймээс Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас бий болгох шаардлагатай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн төмөр зам дагуу ойн зурвас бий болгохоор ажиллаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаа болон сайн чанарын үр, түүний онцлогийн тухай тус төвийн дарга ойн доктор Я.Ариунзул танилцуулж мэдээлэл өгөв. Тус төв нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах юм. Мөн байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол оронд ургаж буй болон ховордсон олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой үүрэгтэй гэдгийг тэрээр танилцууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйг тойруулан өнгөрсөн хавар үрээр тарьсан талбай, мөн бэлэн худалдаж авсан мөчрөөр тарьсан ч ургаагүй талбай, улиасны стандарт мөчир бэлтгэх, Уул уурхай-100 ланд арт төвийн үйл ажиллагааг Зам, тээврийн сайд болон төмөр замын байгууллагуудын удирдлагуудад танилцуулж тус бүрийн тухай мэдээлэл өгөв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Говийн бүсэд шинээр баригдаж байгаа болон одоо ашиглагдаж байгаа төмөр замууд орчимд цөлжилтийн асуудал тулгамдаж байна. 1990 ээд оны сүүлээр Сайншанд-Замын-Үүдийн хооронд шороон шуурга шуурч 15 минутын дотор галт тэргээ элсэнд бүрэн даруулж 3 хоног ухаж гаргаж байсан түүх байдаг. Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж, байгальдаа юу өгөхөө боддоггүй юм байна. Бид өмнө нь ойгоос хамгийн залуу модыг авч ирж тариад маргаашаас нь мартдаг байлаа, сүүлдээ хотын ойролцоо мод үржүүлгийн газрууд бий болсон ч санасандаа хүртэл ургуулж чаддаггүй өдийг хүрчээ. Харин одоо бид ойгоос мод зөөж биш, үрээр тарьдаг болох нь. Энэ том ажлыг эхлүүлсэн Эрдэнэ үйлдвэрт баярлалаа.  Хэдэн жилийн дараа Монгол Улс ногоон улс болно гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан зорилго  биелэх эхлэл тавигдсанд туйлын их баяртай байна гээд сайдын албан даалгавраар төмөр замын байгууллагуудад чиглэл өгч ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвтэй хамтран ажиллаж, зааварчилгаа авахыг даалгав. Цаашид төмөр замуудын дунд ойжуулах анги байгуулах бололцоо байгаа эсэхийг судалж үзнэ гэлээ.

Учир нь төмөр замууд хаврын шуурганд элсний нүүдэлд дарагддаг байдлыг зогсоох ганц арга нь байгалийн ойгоор, бага зардлаар төмөр замын зурвас хамгаалах юм гэв.

Сайд Л.Халтар төмөр замын компанийн удирдлагуудад бэлтгэл ажил хангаж, мод тарьж төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах, цаашид хамгийн бага зардлаар мод тарьж ойжуулан, төмөр замын хамгаалалтын зурвасыг хамгаалахын тулд мэргэжлийн хүмүүсээс заавар, зөвлөгөө авч хамтран ажиллах чиглэл өглөө.

ТӨМӨР ЗАМЫН КОМПАНИУДЫГ ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН “ЭРДЭНЭТ” ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх