Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2022/07/02
ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг өнөөдөр /2022.07.02/эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, тус боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ” гэлээ.

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компани байгуулж энэ компанид хөрөнгө оруулж ажиллах гадаад, дотоодын хуулийн этгээдийг сонгон хамтран ажиллахаар тусгасан. Үүний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлнэ. Япон Улсын “Nippon koei” компани техникийн зөвлөхөөр сонгогдож Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, техникийн зураг төслийг  боловсруулах ажлыг гүйцэтгэсэн байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг 2 жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замын ажлыг 3-5 жилийн дотор гүйцэтгэх юм. 

Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр Бичигт хилийн боомтоор жилдээ 25 сая.тн ачаа экспортод гарах боломж бүрдэх бөгөөд дамжин өнгөрөх ачааны хэмжээ 7-12 тн байх урьдчилсан тооцоолол хийгдсэн. Мөн зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж Монгол Улс болон тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон өөрчлөлтийг авчрах бөгөөд БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцуудыг бий болгож эцсийн хэрэглэгчид өндөр үнээр бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэнэ.

Мөн орон нутагт олноор ажлын байр шинээр бий болохоос гадна уурхайнууд, тэдгээрт үйлчлэх салбаруудын олон мянган ажлын байр нэмэгдэх бөгөөд бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон ач холбогдолтой.

ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх