Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

2021/11/04
Сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай”  УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 

Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. 

Энэхүү зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулжээ.

“МОН-П1”, “МОН-П2” зээлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг Улсын Их Хурал баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ханшаар 131 тэрбум төгрөг байна.

Тус өдрөөс хойших хугацаанд хүү, алданги тооцогдож байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна. “Улаанбаатар төмөр зам" ХНН нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг, 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажиллажээ. Энэхүү санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөл гурван заалттай бөгөөд дээрх зээлийн гэрээний дагуу үүссэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг Монгол Улс болон ОХУ-ын зүгээс тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Улсын Их Хурлын “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг баталснаар нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс хоорондын ачаа тээвэрлэлт хязгаарлагдмал болсон энэ үед “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санхүүгийн чадамжийг дээшлүүлнэ. Ингэснээр төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулна гэж төслийн танилцуулгад дурджээ.

Тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр ийнхүү өргөн бариад байна.

УИХ-ын

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сайд Л.Халтар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх