Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 2021 ОНД ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

2021/09/17
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 2021 ОНД ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт өрнүүлж байгаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар оролцож авто зам, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто замын тээврийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа талаар товч танилцуулав.

Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагийн мэдээлснээр  Монгол Улсын Засгийн газар 39 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хоёр талт хэлэлцээр, Европын хамтын нийгэмлэгтэй “Агаарын харилцааны тодорхой асуудлын тухай” хэлэлцээр байгуулсны дагуу эдгээр орны 100 гаруй хот болон манай улсын зургаан хот хооронд нислэг гүйцэтгэх, зургаан улстай агаарын тээврийн 5 дугаар эрх, 17 улстай аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг бүрдүүлжээ.

Мөн тэрбээр Иргэний нисэхийн үндэсний төв Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд гишүүнээр элсэж, улмаар Ази, Номхон далайн бүсэд харьяалагдан үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй болсныг дурдаад Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлсэн тухай тэмдэглэв.

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байгаа, эдгээр төмөр замыг барьснаар Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлж, хэчнээн ажлын байр шинээр бий болох, уул уурхайн компаниуд хямд зардлаар дэлхийн зах зээлд өрсөлдөх, орон нутгийн дэд бүтэц хөгжих боломжийг яаж бүрдүүлэх тухайд танилцууллаа.

Тэрбээр Богдхан төмөр замын төслийн тухайд “Алсын хараа 2050”, “Талын зам үндэсний хөтөлбөр” зэрэгт туссан нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий төсөл юм. Энэхүү төмөр зам нь Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хамаардаг учир газрын давхцал маш их байдаг. Ийм учир Барилга, хот байгуулалтын яам тэргүүтэй төрийн 17 байгууллага хамтарсан шинжилгээ судалгаа хийж, газрын давхцлыг аль болох тойруулах шинэ хувилбар гарган батлуулсан. Шинэ хувилбараар Рашаантаас Мааньт хүртэл 135 км төмөр замыг суурилуулан хоёр туннель барихаар төлөвлөөд байна” гэв.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын  хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Б.Минжбадам:

-Авто замын салбарт 2021 онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 95 чиглэлийн 1702.7 км хатуу хучилттай авто замын барилга, их засвар, шинэчлэлтийн ажил, 15  байршилд 1338.6 урт метр төмөрбетон болон модон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажил хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням:

-Зам, тээврийн салбарын 2021 оны эхний хагас жилийн статистик мэдээлэл, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн талаар “Зам, тээврийн хөгжлийн яам эдийн засгийн өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн тээврийн ухаалаг системийг гол зорилгоо болгож байна.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Зам тээврийн бүтээн байгуулалт маш их хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх олон ажил хийж байна. 2014-2019 онд 12 төсөл арга хэмжээгээр 712.1 км авто замыг барьсан. Өнөөдрийн байдлаар барих шилжүүлэх болон барих, ашиглах, шилжүүлэх зургаан төслийн 1294 км авто замын төслийг хэрэгжүүлж байна.

Цар тахлын үед хилийн боомтуудын үйл ажиллагаа нэлээд хязгаарлалттай явж байна. Зарим хилийн боомтын үйл ажиллагаа таг зогссон байдалтай байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэж байгаа гурван боомтоор л тээвэр явж байна.

Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт ажиллаж байгаа бол бусад боомтуудын үйл ажиллагаа түр зогссон. Учир нь тээвэрлэлтэд явж байгаа жолооч нараас халдвар илэрч байна. Тиймээс цар тахлын үед төрийн зүгээс бий болгосон боломжуудаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах хэрэгтэй байна. Хятадын Шар тэнгисийн буланд долоон боомтыг ашиглах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгаа. Энэ боомтуудаа ашиглая. Гэтэл ганцхан боомт дээр чихэлдээд байна. Өвөр Монголтой 13 боомтоор хиллэж байгаа. Мөн л ганцхан Замын-Үүд дээр бөөгнөрөөд байна. Энэ төвлөрлийг сааруулахаар бусад боомтуудаар татах ажлыг хийж байна.

Европ болон ОХУ-тай холбогдож байгаа Алтанбулаг хилийн боомт бас хаагдсан. Хэрвээ Алтанбулагийн чөлөөт бүс байгуулагдсан байсан бол энэ тээвэрлэлт гацах ямар ч шаардлагагүй. Тиймээс нэгдүгээр сарын 1-ээс хойш Европ болон ОХУ-аас ирж байгаа ачаа, тээврийг  толгой, чиргүүл солих байдлаар зохион байгуулж байна. Манай улс 16 улстай авто тээвэр хийх боломжтой байгаа. Энэ боломжуудыг монголчууд тэр бүхэн ашиглаж чадахгүй, гаднын тээвэрлэгчид яваад байна. Тиймээс энэ бүхнийг иргэн, аж ахуйн нэгжүүддээ таниулах, сурталчлах ажил хийж байна.

Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ E-Mongolia-д жолоодох эрхийн 7, авто тээврийн 4, нийт 11 үйлчилгээг холболоо.  Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” шинэчлэн батлагдаж, үүний дагуу “азын” гэгддэг сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаагаар борлуулах болсон. Дуудлага худалдааг 2021.02.15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулан явуулсан бөгөөд 10 удаагийн дуудлага худалдаагаар нийт 1126 дугаарыг худалдан борлуулж Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Зам, тээврийн салбарт эрх зүйн шинэчлэл, салбарын өрсөлдөх чадвар бүхий хүний нөөц, гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр, салбарын техник, технологийн шинэчлэл, авилга, хүнд суртал, ил тод байдлыг арилгах талаар хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн яам авто зам, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэх, далайн тээвэр гэсэн чиглэлд хуулийн шинэчлэл хийж, тээврийн нэгдсэн хууль боловсруулж байна.

Учир нь эдгээр таван төрлийн тээвэр тус тусдаа хуулиар зохицуулагдаж байгааг уялдуулах, харилцан холбоотой нэгдсэн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Эцэст нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын мэдээллийг сар бүр сэтгүүлчдэд танилцуулж байхаар болсноо энэ үеэр мэдэгдлээ.

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 2021 ОНД ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх