Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Хөшгийн хөндийн ОУНБ-ыг нийслэлтэй холбох хурдны замыг яаралтай барих хэрэгтэй байна”

2014/10/09
“Хөшгийн хөндийн ОУНБ-ыг нийслэлтэй холбох хурдны замыг яаралтай барих хэрэгтэй байна”

Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн бүтээн байгуулалтын ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшгийн хөндийд өнгөрөгч оны зургаадугаар сараас эхэлсэн. Уг төслийн хэрэгжилт ямар байгаатай ЗТЯ, ИНЕГ-ын удирдлагууд өчигдөр танилцлаа.

Төслийн бүтээн байгуулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар 23 хувьд хүрсэн нь төлөвлөсөн хугацаанаасаа түрүүлж байгаа аж. Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Японы “Мицубиши Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр нийтдээ 40 гаруй компани оролцож байна. Эдгээрийн 70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгжүүд байгаа бөгөөд барилгын талбайд 1210 гаруй монгол ажилтан, 145 машин техник ажиллаж байна. Оны эцэс гэхэд бүтээн байгуулалтын ажил 26.8 хувьд хүрсэн байх ёстой.

 

Төслийн хүрээнд 30 гаруй барилга байгууламж баригдах бөгөөд үндсэн барилга байгууламжийн нэг болох жилдээ 3 сая зорчигчид үйлчлэх үндсэн терминал, жилд 22 мянган онгоц хөөрч буух зурвас, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан бохир цэвэр усны хангамжийн барилгууд, дулааны зуухны барилга болон 1490 метр урт инженерийн шугам сүлжээний хонгил барих ажлууд ид хийгдэж байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд оны эхний 9 сарын байдлаар барилгын буурь суурь, далангийн байгууламжийн 5 сая гаруй шоо метр газар шорооны ажил гүйцэтгэсэн нь нийт ажлын 90 орчим хувийг хийсэн гэсэн үг. Зөвхөн хөөрч буух зурвасын 162 мянган кв.м талбайг цементээр бэхжүүлэх дэвсгэр үеийг бүрэн хийж, зурвасын төмөр бетон хучилтын бетон 65.9 мянган шоо метрийг цутгасан нь ажлын 37.4 хувийг гүйцэтгэсэн байна.

Шинэ нисэх буудлыг барих Монголын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан гэрээнд тус төслийн бүтээн байгуулалтад 110кВ-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станц байгуулах, шинэ нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох хурдны авто зам барих, нийслэлээс интернэт, холбоо мэдээллийн шилэн кабель татах зэрэг ажлуудыг Монголын Засгийн газар хариуцахаар тохирсон байна. Энэ үүргүүдээс өнөөдрийн байдлаар хурдны авто зам барих ажил удаашралтай байгаа бөгөөд 2016 оны 12 дугаар сар гэхэд ашиглалтад орох шинэ нисэх буудлын авто замын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа гэдгийг тус төслийн ерөнхий захирал Н.Энхбат хэлж байна. Энэхүү хурдны авто замыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцан ажиллаж байгаа бөгөөд концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр холбогдох газрууд шийдвэрлэсэн ажээ.

 

“Хөшгийн хөндийн ОУНБ-ыг нийслэлтэй холбох хурдны замыг яаралтай барих хэрэгтэй байна”  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх