Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭМГЭНЭЛ

2021/07/05

           

                БААСАНДОРЖИЙН ЭНХТӨР                   

 /1952-2021/

Зам, тээврийн хөгжлийн сайдын орон тооны бус зөвлөх, Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Хязгааргүй хөдөлгөөн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх эдийн засагч Б.Энхтөр 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Олхонууд овогт Баасандоржийн Энхтөр нь 1952 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт “Тахилт” хэмээх газар Баасандоржийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1960 онд Улаанбаатар хотод бага сургуульд элсэн суралцаж, 1968 онд дунд сургууль, улмаар хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцан 1970 онд барилгын мужааны мэргэжлээр төгссөн.

Б.Энхтөр нь ажлын гараагаа Улаанбаатар хотын Барилгын трестэд мужаанаар ажиллаж эхлүүлсэн ба 1972 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хаасны дараа тэрээр Хөдөө аж ахуйн яамны харьяа экспедицэд үйлчлэх авто баазад жолооч, механикчаар ажиллах хугацаандаа Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж улмаар 1980 оноос Хөдөө аж ахуйн экспедицэд үйл авто баазын эдийн засагчаар ажиллаж байв. 1982-1987 онд Улаанбаатар хотын Найрамдлын районы намын хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1987 - 1989 онд  Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын дээд сургуульд мөн суралцаж төгссөн ба 1989 оноос Сүхбаатар аймгийн намын хороонд Хянан шалгах комиссын дарга, 1993 -1997 онд Намын хорооны даргаар ажилласан.

1997-2000 онд хүртэл “Хайлааст” ХК-ны үйлчилгээний салбарын захирлаар ажилласан.

Улмаар 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дэд дарга, Авто замын салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга, 2004-2008 онд Авто замын хяналт, судалгааны төвийн дарга, 2008- 2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга, зөвлөх эдийн засагчаар ажилласан. 2012 онд гавьяаны амралтандаа гарч “Хязгааргүй хөдөлгөөн” компанийг үүсгэн байгуулж ажиллаж ирсэн.

Б.Энхтөр нь авто замын салбарт 2000 оноос тасралтгүй 20 жил удирдах ажил хийж байсан бөгөөд  энэ хугацаандаа авто замын салбарын эрх зүйн баримт бичиг, норм, стандартуудыг боловсруулж, баталгаажуулах ажлыг идэвхтэй зохион байгуулж, гар бие оролцон ажиллаж  байсан. Авто замын салбарт хэрэгжүүлсэн “Мянганы зам” хөтөлбөр, Монгол Улсын авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр,  авто замын салбарт Азийн хөгжлийн банк,  Дэлхийн банк болон бусад хандивлагч орнуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалцсан хөдөлмөрч, гарамгай зохион байгуулагч байлаа.  

Мөн 2011 онд “Авто замын салбарын чадавхыг бэхжүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан Засгийн газраар батлуулах, 2017 онд Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулах, 2018 онд Төрөөс авто замын талаар баримтлах бодлого тодорхойлох иж бүрэн судалгааг хийж, төслийг боловсруулах, 2020 онд “Олон улс, улсын чанартай авто замын сүлжээний арчлалт, засвар, ашиглалтыг сайжруулж чадавхыг бэхжүүлэх дунд хугацааны цогц хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулахад гар бие оролцож идэвх санаачлагатай ажиллаж байв.

2021 онд Авто замын салбарт тулгамдаж буй асуудлын талаар  Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн яамны хамтрасан ажлын хэсгийг удирдан ажиллаж шийдвэрийн төсөл, санал зөвлөмжийг боловсруулан ажилласан салбарын тэргүүний мэргэжилтэн байлаа.  

Төр засгаас Б.Энхтөрийн  хөдөлмөр бүтээлийг нь үнэлж  Төрийн албаны тэргүүний ажилтан, Зам тээврийн яамны Жуух бичиг, Тэргүүний замчин, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Эх орны төлөө тэмдэг, МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнол одон, Алтангадас одон,  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Б.Энхтөрийн төрийн ажилд хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэх, эхлүүлсэн ажлаа үлгэр жишээ хийж гүйцэтгэх зан чанар, хийж бүтээсэн үйл хэрэг, арвин их туршлага, нөхөрсөг сайхан зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.

            Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Зам, тээврийн хөгжлийн яам

Л.Халтар, Ж.Бат-Эрдэнэ, С.Батболд

Сэтгэгдэл бичих:

Нэмэх