Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“МИАТ” КОМПАНИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАВ

2021/05/23
“МИАТ” КОМПАНИЙГ  ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАВ

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 96, “МИАТ” ТӨХК-ийг үүсгэн байгуулсны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын иргэний нисэхийн салбар, түүний дотор агаарын тээврийг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МИАТ” ТӨХК-ийг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан улаан тугийн одонгоор шагналаа.

Шагнал гардуулах арга хэмжээн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Монгол Улсын агаарын тээврийн хөгжлийн түүх, нисэхийн анхны амжилт бүхэн “МИАТ” компанитай холбоотой. Анхны зорчигч тээврийн нислэгийг Ховд, Чойбалсан хотын чиглэлд эхлүүлж, эх орныхоо өнцөг булан бүрт агаарын тээврийн өргөн сүлжээ бүрдүүлж, олон улсын тавцанд амжилттай ажиллаж, алсын Америк, Австрали тив рүү нисч Монгол Улсын нисэх хүчний түүхэнд олон гэгээн үйлсийн анхдагч болсон бахархах түүх, баялаг туршлагатай билээ.

“МИАТ” компани дэлхийн томоохон хотууд руу нислэг гүйцэтгэж, гадаадын агаарын тээвэрлэгчидтэй аяллын дугаар хуваан ашиглаж, зорчигч харилцан тээвэрлэх, нислэгийн тийз борлуулах өргөн сүлжээ, олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн агаарын хөлгийн засвар үйлчилгээ үзүүлдэг, чадварлаг нисгэгч, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдтэй болж, амжилттай өсч хөгжиж байна.

Сайн засаглалыг хөгжүүлж менежментээ сайжруулах, нислэгийн сүлжээ, агаарын хөлгийн засвар, тээврийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, ашиг орлогоо өсгөх чиглэлээр хийж бүтээсэн ажил ихтэй, амжилт ололтоор дүүрэн “МИАТ” компани Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарсан үндэсний хэмжээний томоохон компани болсон. 

Монгол Улсад иргэний нисэхийн салбарын үе үеийн боловсон хүчнийг бэлтгэх, орон нутагт агаарын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, эх орныхоо 130 гаруй суурин газарт нисэх буудал, аэродромын дэд бүтийг бүрдүүлэх, агаарын тээврийг өргөжүүлэн хөгжүүлэх, агаарын хөлгийн засвар, газрын үйлчилгээ, сэлбэг хангах зэрэг нисэхийн шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлж, Монгол Улсын Нисэх хүчний түүхэнд 20 төрлийн 100 гаруй агаарын хөлөг ашиглаж, салбарын түүхэн хөгжилд гар бие оролцон, олон гэгээн үйлсийн анхдагч болсон билээ.

Түүхт 65 жилийн ойтойгоо золгож буй “МИАТ” ТӨХК-иас Монгол Улсын баатар нэг, Хөдөлмөрийн баатар хоёр, Монгол Улсын Гавьяат цолтон 25 ажилтан төрөн гарчээ. 

Иргэний нисэхийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, шинэ үеийн агаарын хөлөг эзэмших, нислэг, үйлдвэрлэлийг өргөжүүлэх зэрэг олон чиглэлээр агаарын тээврийн салбарын хөгжилд төдийгүй Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оруулсан “МИАТ” компанийн хувь нэмэр чамгүй их гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

 Цар тахлын онцгой эрсдэлтэй үед ард иргэдээ дэлхийн өнцөг булан бүрээс татан авч ирэх тусгай захиалгат нислэгүүдийг амжилттай гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа дайчлан, өндөржүүлсэн бэлэн байдлын эрсдэлтэй энэ цаг үед улс орныхоо нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье” гэлээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

“МИАТ” КОМПАНИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх