Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2020/10/29
МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт авто замчид аа!

Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ түвшин сайхан амьдралын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, авто замын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжилан олон улсын түвшинд хүрсэн авто замын сүлжээ бий болгох их үйлсийн эхлэлийг тавьж байгаа энэ цагийн замчид та бүхэндээ Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын мэндийг Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Одоогоос 91 жилийн тэртээ 1929 оны 12 сарын 29-ний өдөр Монгол, Зөвлөлт хоёр улсын Засгийн газрын хувь нийлүүлсэн Монгол транс хэмээх зам, тээврийн газрыг хоёр орны харилцан нэвтрэлцэх явдлыг улам сайжруулах, улсын хоршоо худалдааны байгууллага, аж ахуй, үйлдвэрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зам гүүр засах, шинээр байгуулах, тээвэр өртөөний хэргийг боловсронгуй болгож сайжруулах зорилгоор үүсгэн байгуулсан нь орчин цагийн мэргэжлийн авто замын салбарын хөгжлийн түүхэн замналын он тооллын эхлэл юм.

Энэ цагаас хойших хугацаанд Монгол Улсын бүх хот, суурин газруудыг холбосон авто замын сүлжээтэй, орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй, үндэсний чадварлаг мэргэшсэн боловсон хүчин, инженер техникийн ажилчидтай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон салбар болон хөгжиж чадсан нь эрхэм хүндэт авто замчид та бүгдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд нэн таатай байна.

Авто замын салбарт 2020 онд 123 төсөл, арга хэмжээний 1902.79 км хатуу хучилттай авто зам, 27 байршилд 1373.62 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс энэ онд 320 км хатуу хучилттай авто зам, 562.9 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Томоохон төсөл, арга хэмжээнээс онцлон дурдвал төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг 2020 оны 10 сард барьж дуусган ашиглалтад оруулснаар баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн төвүүд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, нийт 20 аймгийн төв, 96 сум, 5 хилийн боомт хатуу хучилттай авто замаар нийслэл Улаанбаатар хоттой холбогдоод байна. Үлдээд буй Завхан аймгийн төвийг 2021 онд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас авто замын сүлжээг хөгжүүлэхэд олгож байгаа хөрөнгө оруулалт болон зам хэрэглэгчдийн татвараар бүрдэж буй Авто замын сангийн хөрөнгийг оновчтой зарцуулж, түүний үр өгөөжийг нэмэгдүүлж, авто замын салбарт орчин үеийн удирдлагын менежмент, шинжлэх ухаан техникийн дэвшилтэд ололтыг тууштай нэвтрүүлж, олон улсын стандартын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох, бүс нутгийн хэмжээнд олон улсын дамжин өнгөрөх тээврийн гол сүлжээг бүрдүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг авто замчид та бүхэн хүлээж байна.

Улс орны хөгжлийн гол түлхэгч хүч болох авто замын салбарын хөгжилд мэдлэг чадвар, оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулж, гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж буй авто замчид та бүхэндээ Монгол Улсын авто замын салбарыг хөгжүүлэх буянтай бөгөөд ариун үйлсэд тань өндөр амжилт хүсье.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Сэтгэгдэл бичих:

Нэмэх