Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАСГИЙН ГАЗРААС БАТАЛСАН “АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2020/01/08
ЗАСГИЙН ГАЗРААС БАТАЛСАН “АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас баталсан Агаарын тээврийн салбарт баримтлах бодлого, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өгч ажилласны үр дүнд МИАТ ТӨХК-ийн нислэгийн тийзийн үндсэн үнийг 7 хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан бол дотоодын авиа компаниуд 12-50 хүртэлх хувиар бууруулсан амжилттайгаар шинэ оноо угтлаа.

Түүнчлэн Ерөнхий агаарын тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дэд бүтэц муу хөгжсөн алслагдсан сум суурин руу жижиг оврын онгоц нисгэхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймаг, Хэнтийн Дадал, Говь-Алтайн Алтай, Ховдын Булган сумд руу нисэхээр бэлтгэж, эхний ээлжинд Сэлэнгэ аймагт хийсэн туршилтын нислэг амжилттай болсон билээ.

Өнгөрөгч 2019 онд Монголын агаарын тээврийн салбар хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.622.649 зорчигч тээвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 14 хувиар, олон улсын зорчигчийн тоо 1.186.668 болж өмнөх оноос 16 хувиар, орон нутгийн зорчигчийн тоо 435.981 болж өмнөх оноос 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Хямдарсан чиглэлүүд:

  1. Сөүл чиглэлд 1.252.500-864.900 төгрөг болж 32-37 хувиар,
  2. Бусан чиглэлд 1.100.800-773.800 төгрөг болж 35 хувиар,
  3. Хонгконг чиглэлд 1.481.700-1.035.800 төгрөг болж 44 хувиар,
  4. Берлин чиглэлд 2.389.800-2.061.500 төгрөг болж 20 хувиар /2020.01.19-ний өдрөөс мөрдөж эхлэх/ тус тус буурав.

Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын Корэйн Эйр, Ашиана Эйрлайнс зэрэг компаниуд мөн Бусан-Улаанбаатар-Бусаны чиглэлд Эйр Бусан компани шууд нислэг үйлдэж байна.

ДОТООДЫН АВИА КОМПАНИУДЫН ОЛОЛТ, АМЖИЛТ

Монгол Улсын агаарын тээврийн салбарт Аэро Монголиа, Хүннү Эйр, Изинис Эйрвэйз, Монголиан Эйр Карго зэрэг дотоодын дөрвөн авиа компани үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр компаниуд Embraer ERJ145LR, Embraer E-Jet E190 зэрэг агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийж, мөн олон улсын болон орон нутгийн чиглэлүүдийн нислэгийн тарифыг дунджаар 12-50 хувь хүртэл буурууллаа.

АЭРО МОНГОЛИА ХХК ОЛОН УЛС, ОРОН НУТГИЙН 10 ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА

Аэро Монголиа компани 2019 онд Embraer ERJ145LR маягийн агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийсэн бөгөөд олон улсын Эрхүү, Хөххот, Тяньжин, орон нутагт Баян-Өлгий, Ховд, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Мөрөн, Ханбумбат зэрэг чиглэлүүдэд тогтмол нислэг үйлдэж байна.

Хямдарсан чиглэлүүд: /Өмнөх оны мөн үетэй харьцуулахад/

  1. Баян-Өлгий 294.900-259.000 төгрөг болж 12 хувиар,
  2. Ховд 278.900-229.000 төгрөг болж 18 хувиар,
  3. Увс 278.900-229.000 төгрөг болж 18 хувиар,
  4. Алтай 237.900-199.000 төгрөг болж 16 хувиар буурууллаа.

Тус компани 2018 онд 72,419 зорчигч тээвэрлэсэн бол 2019 онд 87,295 зорчигч тээвэрлэжээ.

ХҮННҮ ЭЙР ХХК НИСЛЭГИЙН ТАРИФЫГ 50 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛЛАА

Дотоодын агаарын тээвэрлэгчдийн бас нэгэн томоохон төлөөлөл болох Хүннү Эйр компани агаарын хөлгийн парк шинэчлэх, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Embraer E-Jet E190 маягийн нийт 4 ширхэг агаарын хөлгийг түрээсээр ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна. Эхний агаарын хөлгийг энэ оны 5 дугаар сараас нислэг үйлдвэрлэлдээ ашиглан, ATR72 маягийн 2 ширхэг агаарын хөлгийн хамт нийт 3 агаарын хөлгийн парктай үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани нь бүс нутгийн Эрээн, Хайлаар, Улаан-Үүд, Манжуур зэрэг 4 чиглэлд, орон нутгийн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Хөвсөл, Дорнод, Оюу-толгой, Овоот зэрэг нийт 10 чиглэлд нислэг үйлдэж байна.

Хямдарсан чиглэлүүд:

  1. Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд дундаж тариф 2019 оны эхний 8 сард нэг талдаа 379,000-420,800 төгрөг, 2 талдаа 621,600-676,600 төгрөг байсан бол 9 дүгээр сараас эхлэн 1 талдаа 175,500-192,000 төгрөг, 2 талдаа 346,600-379,600 төгрөг болж 40-50 хувь бууруулсан.
  2. Дорнод, Хөвсгөл, Даланзадгад чиглэлд дундаж тариф 2019 оны эхний 8 сард 277,300-378,500 төгрөг, 2 талдаа 384,100-605,200 төгрөг байсан бол 9 дүгээр сараас эхлэн 1 талдаа 144,500-155,200 төгрөг, 2 талдаа 224,600-304,900 төгрөг болж 40-50 хувь буураад байна.

2018 онд нийт 2227 нислэг үйлдэж 210,675 зорчигч тээвэрлэсэн бол 2019 онд нийт 2361 нислэг үйлдэж 259,634 зорчигч тээвэрлэжээ.

ИЗИНИС ЭЙРВЭЙЗ КОМПАНИ ИРЭХ 3 ДУГААР САРААС БУСАН РУУ ШУУД НИСНЭ 

Монгол Улсын Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн авиа компаниудын анхдагчдын нэг Изинис Эйрвэйз компани хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон ч өнгөрөгч оноос хэвийн ажиллаж, одоогоор Боинг 737-700 агаарын хөлгөөр Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатарын чиглэлд 7 хоногт 3 удаа шууд нислэг үйлдэж байна.

Тус компани олон улсын хуваарьт нислэгийн томилгоо авсны дараа буюу 2019 оны 6 дугаар сараас олон улсын шууд нислэг үйлдэж эхэлсэн юм. 2019 оны 12 дугаар сарын байдлаар 13000 гаруй зорчигч тээвэрлэжээ. Изинис Эйрвэйз компани нь ирэх 3 дугаар сараас Улаанбаатар-Бусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр томилгоо аваад байна. Ийнхүү агаарын тээвэрлэгч компаниуд, агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, цаашид үнэ тариф буурч, манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх эерэг нөлөөтэй юм.

МОНГОЛИАН ЭЙРВЭЙЗ КАРГО ХХК МОНГОЛЫН АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЛАА

Өнгөрөгч 2019 онд агаарын тээврийн салбарт онцлох олон үйл явдал тохиосны нэг нь Монгол Улс анх удаа ачаа тээврийн онгоцтой болсон явдал юм. Монголиан Эйрвэйз Карго компани ачаа тээврийн Боинг 737-300 маягийн агаарын хөлгөө 2019 оны 7 дугаар сард Чингис хаан олон улсын нисэх буудалд хүлээн авсан.     

Энэхүү агаарын хөлгийг зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглах бөгөөд манай улсын агаарын тээврийн салбарт анхдагч төдийгүй онцгой ач холбогдолтой юм. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын ачаа тээвэр хурдацтай өсөн нэмэгдэж, зөвхөн агаараар тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.

Тус компани Боинг 737-300 агаарын хөлгөөр БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонгконг, БНСУ-ын Сөүл зэрэг чиглэлүүдэд агаарын тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн ирэх 2 дугаар сараас гаалийн баталгаат терминалаа албан ёсоор ажиллуулж эхлэх юм.

ЗАСГИЙН ГАЗРААС БАТАЛСАН “АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх