Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД ХЭРЭГЖИЖ БАЙНА

2020/03/02

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, улсын төсвийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж буй “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх МОН2719/0240 төсөл”-ийн хүрээнд баригдаж буй Логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улс Ази-Европыг холбосон бусад тээврийн коридоруудтай өрсөлдөх таатай боломж бүрдэж байгаа юм.

Мянганы хөгжлийн зорилтыг хангах таатай нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэх зорилготой уг логистикийн төв ашиглалтад орсноор царигийн зөрүүтэй төмөр замуудын шилжүүлэн ачилтын хугацаа багасаж, төмөр замын хилийн боомтын хүчин чадал, Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

Уг төсөл нь 50 тн даацтай 2 гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,5 км төмөр зам, логистикийн төв руу орох гарах төмөр замтай 2 түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой 19 у/м бетон гүүрэн байгууламж, 1,6 км авто зам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм. Мөн тус төвд гаалийн агуулах, захиргаа, жолооч ажилчдын байр, 3200 ширхэг контейнерийн багтаамжтай талбай, нийт 133 том оврын авто машины зогсоол зэрэг барилга байгууламжууд баригдсан бөгөөд тэдгээр нь бүрэн камерын хяналтын системтэй, бие даасан цэвэрлэх байгууламж, уурын зуух, усан сантай юм. 

АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэж буй үндсэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулж, “Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп” компани шалгарч, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөх компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, сонгон шалгаруулалт явуулсны дүнд “Сүсон инженеринг” компани, “Эн-Би-Си-Си” ХХК, “Геозураглал” ХХК-иудын хамтарсан түншлэл шалгарч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулан, барилга угсралтын ажилд хяналт тавин ажиллаж байна.

Логистикийн төвийн 50 тн-ийн 2 вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилтын ажлын гүйцэтгэгчээр “Хэнань Дафан Хэви Машинери” компани шалгарч, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, мөн төмөр замд суурилуулагдах дохиолол, холбооны байгууламжийн зураг төсөл, худалдан авалт, угсралт суурилуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп” компани шалгарч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус тус Зам, тээврийн хөгжлийн яамтай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж угсралт, суурилуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан.

Логистикийн төвийн барилга угсралтын ажил 2018 онд дууссан бөгөөд төслийн хүрээнд Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээврийн терминалын аж ахуй, логистикийн үйлчилгээг бий болгох, авто замаас авто замруу, авто замаас төмөр замруу болон төмөр замаас авто замруу ачих, төмөр замын шилжүүлэн ачилтад зориулсан тоног төхөөрөмж, менежментийн системийг нэвтрүүлэх зэрэг терминал логистикийн байгууламж бэлэн болоод байна.

Замын-Үүд логистикийн төвийн нийт барилга, байгууламж, өргөн царигийн 5,45 км, нарийн царигийн 5,98 км, 9 ширхэг цахилгаан болон гар суман шилжүүлэг бүхий төмөр замын барилга, угсралт, 50 тн-ийн 2 вандан кран, төмөр замын дохиолол холбооны системийн угсралт, суурилуулалтын ажил, авто зам, зогсоол, талбайн газар шороо, шугам сүлжээний ажлын гүйцэтгэл бүрэн хийгдэж дууссантай холбогдуулан барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаар тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, Төсөл хэрэгжүүлэх нэгж байгууллагуудын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй техникийн комисс байгуулагдан логистикийн төв дээр ажиллан дүгнэлтээ гаргасан. Тус комиссын дүгнэлтийн дагуу ЗТХЯ-ны ТНБД-ын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 432 дугаар тушаалаар Улсын комисс байгуулагдан ашиглалтад хүлээн авсан.

Өмчлөгч болох “МТЗ” ТӨХК 2019 оны 07 дугаар сарын 16-нд ашиглагч байгууллага болох “УБТЗ” ХНН-тэй “Бүс нутгийн логистикийн төвийг түрээслүүлэх түрээсийн гэрээ”-г байгуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

  

 

---o0o---

“БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД ХЭРЭГЖИЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх