Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төслийг боловсруулан санал авч байна.

Санал авч дууссан

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөнтэй холбогдуулан Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төслийг боловсруулан санал авч байна.
Төсөлтэй танилцан холбогдох саналыг тус яаманд албан бичгээр болон tsengelmaa@mrtd.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 51-263186

 

 

ТАНИЛЦУУЛГА

Далайн осол, зөрчлийг

шинжлэн шалгах журам

Монгол Улсын нэгдэн орсон Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенцын I/21 дүгээр хэсэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далайн эрх зүйн тухай конвенцын 94 дүгээр зүйл, Олон Улсын Далайн Байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн А.849 (20) дугаар тогтоолын дагуу улс бүр далайд гарсан осол, зөрчил, мөрдөн шалгах аливаа үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй гэж заасан байдаг.

Өнгөрсөн онд худалдааны чиглэлээр далайн тээвэр эрхлэн аялж буй 699 хөлөг онгоц осолдсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар 27 хөлөг онгоцны осол бүртгэгдсэн бөгөөд манай улсын хувьд 2004 оноос 2023 оны хооронд буюу 19 жилийн хугацаанд нийт 19 хөлөг онгоц осолд өртсөн ба живсэн хөлөг онгоц 7, галд автсан, шатсан хөлөг онгоц 2, ноцтой осолдож хүний амь нас эрсдсэн хөлөг онгоц 2, мөргөлдсөн хөлөг онгоц 4, цаг агаарын таагүй нөхцлөөс үүдэн осолдсон хөлөг онгоц 4 гэх мэт тохиолдлууд ОУДБ-д бүртгэгдсэн байна.

Мөн Олон Улсын Далайн Байгууллагаас Монгол Улсын далайн тээврийн салбарт хийсэн аудитын шалгалтын зөвлөмжөөр осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс далбааны улсын хяналт, шалгалтын тоог нэмэгдүүлэх, хамтран ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, шаардлага тавих, осол зөрчил гарсан тохиолдолд далбааны улсын зүгээс шинжээч томилон ажиллуулах, гарсан осол, зөрчилд дүгнэлт гаргаж олон улсын далайн байгууллагад мэдэгдэл хүргүүлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон.

Иймд Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу тус журмын төслийг боловсруулав.

---оОо---

ДАЛАЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ТӨСӨЛД

ХИЙСЭН НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ

  1. Журам батлуулах үндэслэл, шаардлага

 

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд нийт 487,568.98 тоннын даац бүхий 23 орны эзэмшлийн 263 хөлөг онгоц өнөөдрийн байдлаар Монгол Улсын төрийн далбааг мандуулан их далайд аялж байгаа бөгөөд Далбааны эзэн улсын хувьд хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, их далайд осол гаргасан, ноцтой осолд өртсөн тохиолдолд тэдгээрийг шинжлэн шалгах, хүрээлэн буй орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэхээр анхан шатны болон ээлжит үзлэг шалгалт явуулах нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг юм.

Монгол Улсын нэгдэн орсон Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенцын I/21 дүгээр хэсэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далайн эрх зүйн тухай конвенцын 94 дүгээр зүйл, Олон Улсын Далайн Байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн А.849 (20) дугаар тогтоолын дагуу улс бүр далайд гарсан осол, зөрчил, мөрдөн шалгах аливаа үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй гэж заасан байдаг.

Мөн Олон Улсын Далайн Байгууллагаас Монгол Улсын далайн тээврийн салбарт хийсэн аудитын шалгалтын зөвлөмжөөр өөрийн улсад бүртгэлтэй хөлөг онгоцонд осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт тавих болон осолд өртсөн хөлөг онгоцыг шинжлэн шалгах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг онцолсон.

Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.

  1. Журмын төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцтой холбоотой гарсан далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Уг журмын төсөл нь 6 бүлэг, 70 заалтаас бүрдэнэ.

Далайн захиргаа Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулна.

  1. Журмын төсөл батлагдсаны дараа хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөж болохуйц бүлгийг тодорхойлох

            Журмын төсөл батлагдсаны дараа далайн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ямар нэг байдлаар хөндөгдөхгүй.

  1. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх

            Энэхүү журмын төсөлд хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад учруулсан, аливаа хүнд суртал, авлига үүсэх нөхцөл бүрдүүлсэн зохицуулалт агуулаагүй болно.

  1. Тухайн асуудлыг зохицуулж байгаа урьд нь батлагдсан шийдвэр байгаа эсэх, тушаалыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүү эдийн засгийн тогтолцоо.

Журмын төсөлд тусгагдсан харилцааг зохицуулсан эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн акт байхгүй болно.

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааг далбааны эзэн улсын зүгээс Далайн захиргааны Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын алба хэрэгжүүлэн ажилладаг. Иймд энэхүү журмыг хэрэгжүүлэхэд шинээр хүний нөөц шаардагдахгүй бөгөөд Далайн захиргааны одоогийн орон тоо, төсөвт багтаан хэрэгжүүлнэ. 

            Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц аливаа осол, зөрчил гарсан тохиолдолд осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаанд шинжээч томилон ажиллуулах шаардлагатай ба гарах зардлыг Далай ашиглах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д “хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-иос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах” гэж заасны дагуу хөлөг онгоцны бүртгэлийн орлогоос Далайн захиргааны үйл ажиллагааны орлого, зарлагын төлөвлөгөөнд жил бүр тусган санхүүжүүлэх бүрэн боломжтой.

 

 

 

САЙД                                                 С.БЯМБАЦОГТ

 

 

ТӨСӨЛ

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН

ТУШААЛ

 

20.... оны .... дугаар сарын ......-ны өдөр

Дугаар ......

Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмыг хавсралтаар баталсугай.
  2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Далайн захиргаа /Д.Отгонсүрэн/-нд, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

 

 

САЙД                                                 С.БЯМБАЦОГТ

 

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын

20..... оны  ..... дугаар сарын .....-ны

өдрийн ..... дугаар тушаалын хавсралт

 

ДАЛАЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцтой холбоотой гарсан далайн осол, зөрчлийг (цаашид “осол, зөрчил” гэх) шинжлэн шалгах ажиллагааг олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Осол, зөрчил гэдэгт Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тохиолдлыг ойлгоно.

1.3.  Далайн захиргаа нь (цаашид “Захиргаа” гэх) Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулна.

1.4. Осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, осол зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байна.

ХОЁР. ДАЛАЙН ОСОЛ, ЗӨРЧИЛ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

2.1. Осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

2.1.1. хараат бус, бие даасан байх;

2.1.2. улс төр болон хөндлөнгийн дарамт шахалтаас ангид байх;

2.1.3. үр дүнтэй, шуурхай, бүрэн гүйцэд явуулах,

2.1.4. осол, зөрчлийн шалтгааныг үнэн зөв тогтоох, 

2.1.5. аливаа этгээдийн гэм бурууг тогтоох, хариуцлага тооцоход чиглэгдэхгүй байх;

2.1.6. бусад улсууд болон ашиг сонирхол нь хөндөгдөх талуудын хамтын оролцоог дэмжих;

2.1.7. хөлөг онгоцны багийн гишүүдтэй эрх тэгш харьцах.   

2.2. Осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагааг тухайн осол, зөрчилтэй холбогдуулан явуулж буй бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгэн адил авч үзнэ. 

ГУРАВ. ШИНЖЭЭЧ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

3.1. Захиргаа нь Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу осол, зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг тухай бүр томилно.

3.2. Шинжээч нь дараах шаардлагыг хангасан байна:

3.2.1. далайн салбарын техникийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн буюу дээд боловсролтой, дадлага туршлагатай байх; 

3.2.2. Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцод заасан хөлөг онгоцны ахмад, навигацын ахлах офицер, хөдөлгүүрийн ахлах инженерийн чадамжийн гэрчилгээ эзэмшсэн байх

3.2.3. энэхүү журмын 3.2.1, 3.2.2-т заасан чиглэлээр хөлөг онгоц дээр 3-аас доошгүй жил ажилласан байх;

3.2.3. далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

3.3. Шинжээч нь далайн салбарын бусад чиглэлээр хамрагдсан сургалтын талаар мэдээллийг Захиргаанд ирүүлж болно.

ДӨРӨВ. ДАЛАЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГАА

4.1. Захиргаа нь осол, зөрчилтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4.1.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцтой холбоотой гарсан осол, зөрчлийг боомт болон эргийн улсын хяналтын алба, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, осол, зөрчлийн хэрэгт хамаарал бүхий улсын эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэж, холбогдох мэдээллийг хүргүүлэх;

4.1.2. Далай ашиглах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг явуулах талыг хэлэлцэн шийдвэрлэх;

4.1.3. Осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаанд 2 болон түүнээс дээш тал оролцох бол энэхүү журмын 2.1.6-д заасныг баримтлан ажиллах; 

4.1.4. Осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө шинжээчийг дараах мэдээллээр хангаж ажиллах:

4.1.4.1. хөлөг онгоцны ерөнхий мэдээлэл;

4.1.4.2. хөлөг онгоцонд олгосон бүртгэлийн болон техникийн гэрчилгээ;

4.1.4.3. хөлөг онгоцны даатгалтай холбоотой баримт бичиг;  

4.1.4.4. хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоцны менежентийн асуудал хариуцсан компани, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөлөг онгоцны багийн гишүүдийн мэдээлэл;

4.1.4.5. осол, зөрчил гарсан байршил;

4.1.4.6. Захиргаатай зэрэгцэн осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын мэдээлэл;

4.1.4.7. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаа явуулахад зайлшгүй мэдэх шаардлагатай Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам болон холбогдох баримт бичиг;

4.1.4.8. осол, зөрчлийг шинжлэн шалгах ажилд шаардлагатай гарын авлага, материалууд;

4.1.5. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагааны туршид шинжээчтэй холбоотой байж, холбогдох мэдээллээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

4.2. Шинжээч нь осол, зөрчилтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4.2.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцтой холбоотой гарсан осол, зөрчлийг шинжлэн шалгах. Үүнд:

4.2.1.1. хөлөг онгоцонд олгосон гэрчилгээ болон даатгалын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх;

4.2.1.2. Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас хөлөг онгоцонд олгосон холбогдох гэрчилгээнд дүн шинжилгээ хийх; 

4.2.1.3. хөлөг онгоцны хөдөлгүүр, эд ангиудыг шинжлэн шалгах;

4.2.1.4. холбогдох цаг агаарын байдалд дүн шинжилгээ хийх;

4.2.1.5.  эвдэрч гэмтэж тарсан эд ангийн байршлыг тогтоож нарийвчилсан зураг гаргах, ослын газрыг шинжлэн шалгах;

4.2.1.6. ослын газрын болон эвдэрсэн эд ангийн нарийвчилсан зураг авах, дүрс бичлэг хийх;

4.2.1.7. осол, зөрчилд нөлөөлөх хүний хүчин зүйл байгаа эсэхийг шинжлэн шалгах;

4.2.1.8. хөлөг онгоц дээрх галтай тэмцэх ажиллагааны зохион байгуулалтыг шинжлэн судлах;

4.2.1.9. шаардлагатай тохиолдолд хөлөг онгоцны багийн гишүүд, хохирогчдийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах;

4.2.1.10. гэрчээс мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэх;

4.2.1.11. шаардлагатай тохиолдолд осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаатай холбогдуулан ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс тайлбар авах;

4.2.1.12. ослын улмаас хувь хүн, эд хөрөнгө болоод далайн орчинд учруулсан хохирол байгаа эсэхийг шинжлэн шалгах;

4.2.1.13. шаардлагатай бусад арга хэмжээг авах.

4.2.2. осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг аль болох түргэн хугацаанд явуулах;

4.2.3. осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг эхлүүлэхээс өмнө энэхүү журмын 4.1.4-т заасан мэдээлэлтэй танилцах;

4.2.4. осол, зөрчил шинжлэх шалгах ажиллагааны туршид Захиргаатай холбоотой байж, холбогдох мэдээллээр хангаж, нөхцөл байдлыг мэдээлэх;

4.2.5. осол, зөрчлийн цар хүрээнээс шалтгаалан мэргэжлийн этгээдийг татан оролцуулах саналаа Захиргаанд гаргах;  

4.2.6. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор олж авсан нотлох баримт, мэдээллүүдийг осол, зөрчлийн шалтгааныг тогтоохоос өөр зорилгоор ашиглахгүй байх, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй байх. Үүнд:

4.2.6.1. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагааны явцад ярилцлага хийсэн аливаа этгээд болон тэдгээрээс авсан тайлбар, тодорхойлолт;

4.2.6.2. хөлөг онгоц дээрх болон доторх дүрс, ярианы бичлэг;

4.2.6.3. аливаа этгээдийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн дүгнэлт болон хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл;

4.2.6.4. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаанд оролцогчийн илэрхийлсэн санал, хүсэлт.

4.2.7. осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор олж авсан нотлох баримт, мэдээллүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;

ТАВ. ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ

5.1. Шинжээч нь осол, зөрчил шинжлэн шалгах ажиллагааг дуусгасан даруйд тайлан гаргаж Захиргаанд ирүүлнэ.

5.2. Ажлын тайланд дараах зүйлийг тусгана:

5.2.1. энэхүү журмын 4.2.1-д заасан ажил үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажиллагааны талаар мэдээлэл, холбогдох баримт бичиг, нотлох баримт;

5.2.2. энэхүү журмын 4.2.5-д заасан этгээд оролцсон бол энэ тухай мэдээлэл;

5.2.3. осол, зөрчлийн шалтгаан, дүгнэлт;

5.2.4. осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны зөвлөмж.

5.3. Захиргаа нь ажлын тайланг хүлээн авч, дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд шинжээчээс нэмэлт тодруулга тайлбар авч болно.

5.4. Захиргаа нь ажлын тайланг хүлээж авснаас хойш холбогдох бусад мэдээллийн хамт ажлын 14 хоногийн дотор Олон улсын далайн байгууллагын Далайн тээврийн мэдээллийн нэгдсэн системд (www.gisis.imo.org) байршуулна.

5.5. Захиргаа нь энэхүү журмын 5.2.4-т заасан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилго бүхий осол, зөрчлийн мэдээллийн сан бүрдүүлж болно. 

5.6. Захиргаа нь ажлын тайланг бүртгэж, хадгалах ажлыг зохион байгуулна. 

ЗУРГАА. БУСАД

6.1. Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---

Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төслийг боловсруулан санал авч байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook