төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд шугам замд ажиллав

2013/07/02

Сайд А.Гансүхийн тэргүүлсэн ажлын баг энэ сарын 15-наас Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаад болон харъяалагдах завсрын өртөө, зөрлөгүүдэд ажиллав. Багийн бүрэлдэхүүнд яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргал, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүн Х.Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцсон юм. Томилолтын зорилго нь зангилаадад өрнөж буй салбарын яамаар овоглогдох бүтээн байгуулалтын ажлын явц, төмөр замын тээврийн өнөөгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим их барилга, хөрөнгө оруулалтын шинжтэй томоохон ажлын нээлтийг хийх байв. Өртөө зангилаадад хийсэн уулзалтад 1500 гаруй төмөр замчин оролцож, А.Гансүх сайд шинэчлэлийн Засгийн газар, салбарын яамнаас УБТЗ-д өргөн хүрээтэй

реформ хийхээр шийдвэрлэснээ, үүний тулд хоёр тэрбум ам.долларын өртөгтэй иж бүрэн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ярьж явлаа. Тэрээр өнгөрсөн онд төмөр замчидтай хийсэн уулзалтууд дээр амлаж байснаа биелүүлэхийн тулд нэгдүгээрт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, техник технологийн шинэчлэлтийг эхлүүлсэн, хоёрдугаарт, Замын даргын үүрэг гүйцэтгэгчээр мэргэжлийн төмөр замчин томилсон, гуравдугаарт, Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд ҮЭ-ийн байгууллагын тэргүүнийг оруулж, жирийн төмөр замчдын санал бодол, эрх ашгийг нь хамгаалуулах нөхцлийг бүрдүүлсэн, дөрөвдүгээрт, нийгмийн чиглэлийн томоохон төслүүд, түүний дотор “Орон сууц”, “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төмөр замчдын дундаж цалинг нэг сая төгрөгт хүргэх зорилтоо энэ оны хоёрдугаар хагаст ажил хэрэг болгоно гэдгээ онцолж байлаа. Замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, энэ жил шугам замд 24 айлын дөрвөн орон сууц баригдаж байгаа, төмөр замчдын дундаж цалинг нэг сая төгрөгт хүргэхийн тулд эхний ээлжинд наймдугаар сарын 01-нээс 15, цаашдаа сарын үр дүнгийн шагналын хувь хэмжээнд зохицуулалт хийх журмаар тав, нийтдээ 20 хувиар нэмэгдүүлэхийг зорьж буйгаа мэдээлэв.

Тэрээр, энэхүү шийдвэр нь зарим төрлийн ачааны алдагдалтай тарифыг нэмэгдүүлэх, зардлыг бүх төрлөөр нь хэмнэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хэрэгжих учиртайг ч тайлбарлаж байсан. МТЗ-чдын ҮЭ-ийнхолбооны дарга Х.Эрдэнэ, Үйлдвэрчний байгууллагын тэргүүнийг Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд оруулсан нь салбарын яам, төмөр замчдын эрх ашгийг эн тэргүүнд тавьж байгаагийн тод илрэл гээд бидний хамтын ажиллагааны эхний алхам нь төмөр замчдын дундаж цалинг нэг сая төгрөгт хүргэх, шагналт цалингийн хувь хэмжээг багасгаж, тэр хэмжээгээр үндсэн цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн явдал гэсэн юм. Сайд түүний багийнхны хувьд төмөр замын өртөө, зөрлөг, замчдын ажил үйлс­тэй ийнхүү өргөн хүрээнд танилцсанаараа гарч буй бодлого шийдвэр нь амьдралд хэрхэн хэрэгжиж буйг хамгийн бодитойгоор харах, шийдвэр гүйцэтгэлийн нэгдлийг хангах, цаашид хэрэгжүүлэх шинэ зорилтоо нарийвчлан төлөвлөх боломжийг олгосон болов уу. Монголчууд “1000 сонсохоор нэг удаа үз” гэж ярьцгаадаг. А.Гансүх сайд энэ албанд томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа төмөр замчидтай ийн уулзаж байгаа билээ.

Энэ жил ачааны бөөгнөрөл үүсэхгүй

Замын-Үүд зангилаанд өглөө эртлэн очсон Сайдын ажлын томилолт өртөөнөөс эхлэв. Эх орны хөгжил дэвшлийн түүчээ болсон тус хамт олны ажлыг өртөөний дарга С.Мэндсайхан танилцууллаа. Өмнөх жилүү­дэд урд хөршөөс орж ирж буй цемент, барилгын материалын ачаанд дарагдаж, бөглөрлийн эзэн хэмээн “цоллогдож” асан тус өртөө, Шилжүүлэн ачих ангийн ажил энэ жилийн хувьд тун урагштай яваа юм билээ. Засгийн газар, салбарын яам, Замын захиргаа ч энэ байдалд оны эхнээс ихээхэн анхаарч, хатуу зурмагт гурван галт тэргийг Замын-Үүд-Улаанбаатарын, хоёр галт тэргийг Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд аялуулан, 30451 вагон, 1826084 тонн ачаа тээвэрлэснээс 7156 вагон нь цемент, 1807 вагон нь барилгын материал, 10518 вагон нь хүнс өргөн хэрэглээний бараа, 11 мянга шахам нь чингэлэгт ачаа байсан аж. Энэ бүхэн нь ачаа илгээгч, хүлээн авагчид богино хугацаанд борлуулалтаа хийж, хэрэглэгчдийг шаардлагатай бараа материалаар цаг тухайд нь ханган, ашиг орлогоо нэмэгдүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж буй хэрэг юм. Саяхан хийгдсэн статис­тикийн судалгаагаар, импортын цемент, барилгын материалын үнэ эхний таван сард тогтвортой байсан гэсэн дүгнэлт гарсан нь төмөр замчдын цаг наргүй хөдөлмөрийн үр дүнтэй шууд холбоотой билээ. Замын захиргаа дээрх зохион байгуулалтын арга хэмжээнээс гадна хөдлөх бүрэлдэхүүн, түүний дотор цемент тээвэрлэх зориулалт бүхий битүү вагоны хангалтыг нэмэгдүүлсэн нь ажил хэрэг урагштай явахад ихээхэн нөлөөлж буйг өртөө, Шилжүүлэн ачих ангийн удирдлагууд онцлон ярьж байлаа. Харин сүүлийн үед урд хөршөөс орж ирэх ачаа нэмэгдсэнээр шилжүүлэн ачилтыг гэрээгээр гүйцэтгэж буй “Монгол бүтээл” ХХК-ний ачигчдын тоо хүрэлцэхгүй болж, дахин нэг компаниар хүч нэмэгдүүлэхэд хүрчээ. Сайд А.Гансүх, Замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нар шилжүүлэн ачих гуравдугаар талбай дээр очиж, байдалтай танилцсан юм. Талбайн ачилт буулгалтын зам дээр цувран зогссон арав гаруй машинаас вагонд цемент шилжүүлэн ачих ачилт зэрэг өрнөж байлаа. Цаана нь лавтай 30 гаруй машин дараалалд зогссон харагдсан. Уг ажлыг удирдаж байсан “Монгол бүтээл” ХХК–ний менежер Л.Баатарням:

–Өнөөдрийн байдлаар манай компаний 360-аад ачигч ажиллаж байна. Бид машиныг гурав хоногт багтаан гаргаж байгаа. Байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан энэ хугацаа бага зэрэг сунгаг­дах үе бий. Манай ачигчид ойролцоогоор сард 1.300.000 төгрөгийн цалин авдаг. Ажлаа шуурхайлан хөдөл­мөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор богино хугацааны уралдаан зарлаж, ачигчдыг усанд орох нөхцлөөр хангалаа гэсэн юм.

Жолооч О.Баяраа:

-Би хилээс орж ирээд гурав дахь хоног дээрээ шилжүүлэн ачилтад орлоо. Урд өмнө, наад зах нь арав хоног хүлээдэг байсан. Энэ жилийн хувьд хамаагүй шуурхай болжээ. Харин, Хятадын тал дээр л хүндрэл гарч байгаа хэмээв. Сайд, Замын даргын үүрэг гүйцэтгэгч нар шилжүүлэн ачил­тын үйл ажиллагааг хэр зэрэг шуурхай зохион байгуулахаас тээврийн тасралтгүй жигд ажиллагаа хамаарч, тэр хэмжээгээр улс орны эдийн засагт томоо­хон нөлөө үзүүлдэг болохыг тайлбарлав. Замын-Үүд өртөө­ний дарга О.Мэндсайхан, хоногт наад зах нь 80-90 вагон цемент шилжүүлэн ачиж байгаа бөгөөд ачааны урсгал нэмэгдсэн тохиолдолд энэ тоо 100 хол давах ч үе олонтаа гардаг хэмээн илтгэ­сэн нь энэ жилийн хувьд ачааны бөөгнөрөл үүсэхгүй нь гэсэн гэгээлэг сэтгэгдлийг тэнд байсан хүн болгонд л төрүүлээ болов уу.

Орон нутгийн төр захиргааныхантай ойртож ажиллах учиртай

Сайдын ажлын багийнхан зөвхөн төмөр замтай бус салбарын чиглэлээр хийгдэж буй бүтээн босголтын томоохон ажлуудын явцтай ч танилцсан. Энэ бүхэнд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын орлогч Ж.Галбадрах, ИТХ-ын дарга Д.Ганбаатар тэргүүтэй орон нутгийн удирдлага оролцлоо. Сайд, Замын-Үүд суманд баригдаж буй Олон улсын авто вокзалын барилгын явцыг үзэв. Өнгөрсөн оны аравдугаар сард суурийн ажил нь эхэлж, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн уг томоохон байгууламжийн барилгын ажил удаашралтай байгаа аж. Уг нь, өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр ”Ган зам” сонины сурвалжлах группыг ажлын явцтай танилцах үед гүйцэтгэгч “Бридж констракшн” компаний талбайн инженер Э.Нямбуу, барилгын ажил графикийн дагуу амжилттай явагдаж байгаа тухайгаа ярьж байсан билээ. Гэтэл энэ удаа бетон зуурмагийн үйлдвэр нь л ашиглалтад орсноос бус үндсэн барилгын суурийн ажил тухайн үеийн түвшнээсээ нэг их ахьсангүй. Гүйцэтгэгчид, санхүүжилт хийгдэхгүй байгаа тухай гомдлоор Сайдыг угтана лээ. Зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар оффисийн барилга, төмөр замын зэргэлдээ баригдах хоёр давхар агуулахын барилга, авто машины зогсоол бүхий уг байгууламж ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэхэд нэг л алсдуу харагдах ч А.Гансүх сайд, ажил удааширсны учир шалтгааныг газар дээр нь харж, гацаа саадыг арилгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн болохоор цаашдаа шуудрах биз ээ. Замын-Үүдэд баригдаж буй өөр нэг томоохон байгууламж нь өнгөрсөн дөрөвдүгээр сард улаан шугамаа татаж, сууриа тавьсан Бүс нутгийн ложистикийн төвийн барилга билээ. Азийн хөгжлийн банк, улсын төсвийн 71.6 сая ам. долларын хөрөнгөөр санхүүжилттэй, нийтдээ 128 га талбайг хамрах уг төвийн төмөр замтай хоёр түвшинд огтолцох хүнд даацын гүүрэн байгууламжийн барилгын ажил графикийн дагуу явагдаж байгаа тухай “Ийстерн Роуд” ХХК-ний захирал Б.Мандуул Сайдад танилцуулав. Тус компанийхан гүүрийн гадсан суурийн өрөмдлөгийн ажлыг 42 хоногийн дотор хийж, тулгуур дам нуруугаа аравдугаар сард багтаан босгох зорилттой байгаа аж. Тоног төхөөрөмж нь хэдийнээ ирчихсэн уг гүүрийг орон нутагтаа жишиг байгууламж болох нь гэсэн итгэл төрж байлаа. Ирэх сарын 01-нээс ачиж буулгах үндсэн талбайн ажил нь эхлэх юм билээ. Уг ажлыг гүйцэтгэх “China railway first group” нь үргэлжлүүлээд Замын-Үүд-Сайншандын хатуу хучилттай замын 62 км-ийг тавих аж. Ложистик төв ашиглалтад орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт, төмөр замын царигийн ялгаа бүхий хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн систем хөгжих таатай нөхцөл бүрдэж, Замын-Үүдийн ачааны бөөгнөрөл ул болох цаг ирэх нь. Харин, Ложистик төвийн 2.9 км эрчим хүчний, 3.6 км дулааны шугамын барилгын ажил зогссон нь Сайдыг энэ асуудлыг хариуцагчидтай тогтож ярихад хүргэв. Төслийг хариуцагч нь орон нутгийн Засаг захиргаа газрын зөвшөөрөл аваагүй хэмээн ажил гүйцэтгэж байсан грейдерийг журмын хашаанд тавиулж, ажлыг зогсоосон гэж илтгэсэн бол Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Б.Батсайхан:

-Тийм асуудал огтхон ч болоогүй хэмээн үгүйсгэв. Орон нутгийн чанартай энэхүү "зөрөлдөөн" А.Гансүх сайдыг: -Хүнд суртал гаргаад байвал ажил огтхон ч бүтэхгүй. Орон нутгийн удирдлага улсын чанартай ийм том ажил сааталгүй урагшлахад туслалцаа үзүүлэх учиртай хэмээн өгүүлэхэд хүргэнэ билээ. Үнэндээ ч, бүс нутагт ажил үүрэг гүйцэтгэж буй ямар ч байгууллагын удирдлага орон нутгийн төр захиргааны байгууллагатайгаа ойртож ажиллан, тулгамдсан асуудлаа хамтын оюун ухаанаар шийдвэрлэж байх учиртай сан.

Төмөр замчид хэмнэж чаддаг

Сүүлийн жилүүдэд төмөр замын Аюултай бүсийн дэглэмийг чанд сахих асуудал өндөр түвшинд тавигдаж буй. Үүний дагуу Дархан, Зүүнхараа хотуудад төмөр зам доогуурх хонгилон гарцын барилга байгууламжийг барьж ашиглалтад өгсөн. Хүн ам олноор төвлөрсөн томоохон хот суурингуудын хувьд өнөө маргаашгүй авч хэрэгжүүлүүштэй арга хэмжээ энэ мөн юм. Дорноговь аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, УБТЗ-ын захиргаа ч Сайншанд өртөөний замд хонгилон гарц байгуулах талаар олон жил ярьж, тал талаас нь шүүн хэлэлцэж байв. Харин, өнгөрсөн онд Зам, тээврийн сайд А.Гансүхийн дэмжлэгтэйгээр уг асуудал шийдвэрлэгдсэн аж. Орон нутаг, төмөр зам хоёр талаасаа хөрөнгө оруулж, барьсан Сайншанд өртөөний замын доогуурх хонгилон гарцын нээлтийн ажиллагаа Сайдын баг тус зангилаанд ажиллах үеэр тохиолоо. Нийтдээ 805 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 53 метрийн урттай уг хонгилон гарцыг Зам засварын машинт станцынхан Япон технологиор 60 хоногийн хугацаанд барьж ашиглалтад өгөхөд бэлэн болгожээ. Замын дөрөвдүгээр, Барилга орон сууцны хоёрдугаар ангийнхны оролцоотойгоор баригдсан уг гарц нь хоёр талдаа тус бүр 10 машины зогсоол, 200 метр явган зорчигчдын зам, зургаан камер бүхий хяналтын систем гээд дутуу юмгүй томоохон байгууламж аж. Хамгийн гол нь, төмөр замчид уг гарцыг 200-гаад сая төгрөгийн хэмнэлтэйгээр барьсныг онцлон дурьдууштай. Нээлтийн ёслол дээр А.Гансүх сайд, хонгилон гарц байгуулах асуудал олон жил яригдсан. Төмөр замчдын хүчээр сая ажил хэрэг боллоо. Төмөр замчид амласан бол хийж чаддаг хөдөлмөрч хамт олон гэдгээ харууллаа. Бас нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа дээдэлдгийн, шударга ажиллаж чаддагийн баталгаа энэ гарц болж байна гэж онцлон тэмдэглэв. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, хонгилон гарцыг шуурхай шийдвэрлэн бариулсан А.Гансүх сайд, Г.Сэрээнэндорж дарга нарт Дорноговьчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Төмөр замчдад ярьж хэлсэн аливаа асуудал хэрхэн шуурхай хэрэгждэгийг энэхүү байгууламж харууллаа гэв. Тэрээр, гаргасан хэмнэлтээр орчныг тохижуулах, замчдыг шагнаж урамшуулах саналтай байгаагаа Сайдын багийнханд уламжилж, овсгоотой менежер гэдгээ ч харуулаад амжсан. Энэхүү хонгилон гарц нь төмөр замчид ийм төрлийн байгууламжийг барихад гаршиж буйн илрэл, Сайншандчуудын осол аюулгүй зорчих баталгаа болон үлдлээ.

Төмөр замчдад сэтгэлгээ, арга барилын шинэчлэлт хэрэгтэй

Зам тээврийн сайд А.Гансүх, Замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нар урд зам дахь томилолтоо өндөрлөөд, өнгөрсөн Ням гаригт Сүхбаатар, Дархан, Баруунхараа, Зүүнхараа зангилаадын ажил байдалтай танилцан, төмөр замчидтай уулзаж, ярилцсан юм. 2008 оноос салбарын яамны дэд сайд, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дэд даргаар, өнгөрсөн оны наймдугаар сараас Сайд, ерөнхий хувь нийлүүлэгчээр ажиллаж ирсэн А.Гансүх сайдын, төмөр замын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаарх яриа уулзалтад оролцогчдод тун наалдацтай сонсогдож байх шиг санагдав. Тэрээр, төмөр замчдын ажил үйлсийг өндрөөр үнэлж, улс орны хөгжлийн түүчээлэгч хүчин болохыг онцлон тэмдэглэж явлаа. Салбарын яамнаас УБТЗ-д менежментийн, техник технологийн, нийгмийн чиглэлийн өргөн хүрээтэй өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа нь төмөр замчдаас сэтгэлгээний болоод ажлын арга барилын эрс шинэчлэлтийг ч шаардаж буй билээ. Улс оронд хэрэгжиж буй уул уурхай, аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтад төмөр зам, төмөр замчид энэ удаа ч түүчээлэн зүтгэх учиртай. Сайдын төмөр замчидтай нүүр тулан уулзсан уулзалт бүхэн олон жилийн зузаан түүх, арвин баян арга туршлага, хөдөлмөрч санаачлагч уламжлалтай энэ хамт олныг их үйлсэд уриалан дуудсан уур амьсгалд болж байсныг онцлууштай.

Зам, тээврийн сайд шугам замд ажиллав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх