төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нисэх буудлын шалгалт үргэлжилнэ

2017/01/12
Нисэх буудлын шалгалт үргэлжилнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төлөвлөгөө, цагийн үеийн шийдвэр хүлээж буй чухал асуудлын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.


БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЖИЛ

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат шинэ оны эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд шинэ онд хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 багц ажлын төлөвлөгөө багтсан аж. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр энэхүү гэрээнд тусгасан байна.

Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэх аж. Тухайлбал, авто замын салбарт олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн гэрээний хугацаанд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нарийнсухайт—Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян - Ханги” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг төлөвлөж буй. “Богд хан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, Эрдэнэт - Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

 Автотээврийн салбарт Герман, Чех, Польш улстай олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллана гэдгийг тус яамнаас мэдээлэв. Мөн Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд цахим системийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл хийх, бүртгэлийн дугаар олгох үйлчилгээнд цахим тогтолцоог бүрдүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх аж. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээний байгууламжууд барьж байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө багтаасан байна.

ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДЭД ТӨВЛӨРНӨ 

БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай Бичигт-Хөөт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулахад Монгол Улс хамтрахаар болсон. Хятадын тал уг баримт бичгийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэх аж. Эдгээр төмөр зам Монгол улсын хөгжилд чухал ач холбогдолтой болохыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ онцлов. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын төгсгөл Зүүнбаянд хүрдэг. Зүүнбаянгаас цааш Ханги хүртэл зам татсанаар БНХАУ-ын аж үйлдвэрийн төв болох Бугат хүрэх хамгийн дөт зам нээгдэнэ” гэдгийг тэрбээр онцолжээ.

Одоогоор Монгол Улс жилд 4-6 сая тонн төмрийн хүдэр экспортолж байна. Уг бүтээгдэхүүн Замын-Үүд, Хятадын Хөх хот, Бугат гэсэн тойрог замаар дамжиж, хүлээн авагчид хүрдэг. Зүүнбаян -Ханги чиглэлд төмөр зам тавьснаар тээврийн зай нь 350 километрээр богиносно. Мөн тээврийн өртөг нэг тонн төмрийн хүдэр тутамд дөрвөн ам.доллараар буурах тооцоо гаргаад байгаа аж. Тэрчлэн зөвхөн төмрийн хүдрээс гадна зэсийн баяжмал тээвэрлэх боломжтой болно. Товчхондоо, ачаа тээврийн дөт зам үүснэ. Бичигт-Хөөт чиглэлийн зам Эдийн засгийн коридорын босоо тэнхлэгийн гол цэгийг дайран өнгөрч байгаа. Босоо тэнхлэгийг холбохын тулд эхний ээлжинд тус замыг барих нь зүйтэй гэж салбарын яам үзэж байна.

Царигийн хувьд “Монгол Улсын эдийн засаг, геополитикт ашигтай байдлыг харгалзана. Бас ачаа тээврийн төрлөөс хамаарч цариг тодорхой болно. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын цариг одоогоор тодорхойгүй. Зураг төсөл, судалгааны ажил нь дууссаны дараа шийднэ. Бичигт-Хөөт чиглэлийн төмөр замын цариг УИХ-ын тогтоолоор тодорхой болсон. Гэхдээ судалгааг хэд хэдэн хувилбараар хийхээр төлөвлөж байна. Дээр хэлсэнчлэн энэ зам нь эдийн засгийн коридорыг дайран өнгөрч байгаа. Тэр утгаар зөвхөн Монголын асуудал биш. Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой. Хятадаас Европ, ОХУ-аас Зүүн Өмнөд Азийг чиглэдэг хоёр хөршийн тээврийг ч тооцох хэрэгтэй. Магадгүй энэ замын ТЭЗҮ бэлэн болсны дараа царигийн өргөн нь илүү тодорхой болох байх” гэж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Зам, тээврийн хөгжлийн яам ойрын хугацаанд таван чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Тухайлбал, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг урагшлуулах, Хиагтаас Зам- Үүд хүртэлх төмрийн замын нэвтрэлтийг сайжруулах, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийг зам, Эрдэнэтээс Кизил хүртэлх төмөр замыг “концессын гэрээгээр барьж байгуулах зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна.

АЖЛЫН ХЭСЭГ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛНА

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” шинэ оны ажлын анхны өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд ажилласан билээ.

Мэргэжлийн 57 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комиссын ажиллах хугацаа өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр дуусах байсан долоо хоногоор сунгажээ. Ажлын хэсэг боловсруулсан санал, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй. Улсын комиссын дүгнэлт гарсны дараагаар холбогдох газрууд шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах хугацаа тодорхой болох юм.

Сануулахад, ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Японы талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээж авсан. Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 обьектийг Техникийн комисст хүлээлгэн өгсөн юм.

ЯПОН УЛС РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЧЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Хөшигийн хөндийн нисэх буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгон хөгжүүлэх зорилт тавьж байгаагаа танилцуулжээ. Мөн БНХАУ-аар дамжин Япон Улс руу нислэг үйлдэхэд Японы талаас нислэгийн 5 дугаар эрх авахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах саналыг тавьсан байна.

Нисэх буудлын шалгалт үргэлжилнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх