Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын салбарын тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдав

2016/11/18
Төмөр замын салбарын тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Тус хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл сонсов. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулгынхаа эхэнд мэдээлсэн юм. Төмөр замын дотоодын сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд 2013 оноос “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нийт барилгын 51.84 хувийг, Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техникийн зураг төслийг 100 хувь гүйцэтгэсэн байна.

 

 

“Шинэ төмөр зам” төслийг Чингис бондын 200 сая ам.доллар, Хөгжлийн банкны 55 сая ам.долларын санхүүжилтээр 2013 онд эхэлсэн байна. Улсын Их Хурлаас 2014 онд шинээр баригдах төмөр замын Эрдэнэт-Арцсуурь чиглэлийг баталсан. Үүнээс Эрдэнэт овоотын хэсгийн хувийн хөрөнгө оруулагч санал гарган Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2017 оны хоёрдугаар улиралд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Концесс эзэмшигч нь Хөвсгөл аймгийн Овоот нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Австралийн “Аспайр майнинг” компанийн охин компани аж. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ шугамыг барих асуудлыг боловсруулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэв.

 

Мөн тэрбээр 2012 онд хувь нийлүүлэгч хоёр талаас тэнцүү хувь хэмжээгээр дүрмийн санг нэмэгдүүлсэн хөрөнгө болон өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэн Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлууд, транзит тээвэр, талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийн одоо буй ганц коридор нь “Улаанбаатар төмөр зам” бөгөөд нийт ачаа тээврийн хэмжээнд 10.9 хувийг эзэлж, ачаа тээврийн нийт орлогын 22.8 хувийг бүрдүүлдэг аж. БНХАУ-ОХУ, БНХАУ-Европын орнууд болон эсрэг чиглэлд хийгддэг дамжин өнгөрөх тээвэр нь зүүн буюу ОХУ-БНХАУ-ын Манжуур-Зайбайкальск, баруун буюу Казакстан-БНХАУ-ын Алашанкоу-Достык боомтуудаар дамжсан коридоруудтай харьцуулахад 500-750 орчим км-ээр богино боловч тээврийн болон шилжүүлэн ачилтын тариф бусад коридоруудаас өндөр, хил гааль, хорио цээрийн нэг цонхны үйлчилгээ нэвтрээгүй зэрэг шалтгаануудаас болж дамжин өнгөрөх ачааны хэмжээ бусад коридоруудаас харьцангуй бага байдгийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд танилцуулгадаа дурдлаа. Тиймээс салбарын яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх хугацааг багасгах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Танилцуулгынхаа төгсгөлд салбарын дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслөөр БНХАУ-ын “Си Эн Ар” корпорациас нийлүүлсэн 35,692,160.00 ам.долларын үнэ бүхий хөдлөх бүрэлдэхүүнүүдийн зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд ажиллаж байсан тодорхой гэрээт байгууллагуудын ажил, үйлчилгээний төлбөрийг барагдуулах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгасан юм. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын хувьд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжих хүртэлх онцгой татварын асуудлыг шийдвэрлэх, МОНП-1, 2 зээлүүдийг боломжит ханшаар төгрөгт рүү шилжүүлэн тооцож 2017-2023 он хүртэл төлөх нөхцөлийг нэг мөр тогтоох, дулааны цахилгаан станцуудын хэрэгцээний нүүрс тээвэрлэлтийн алдагдлыг бууруулах зорилгоор тухайн байгууллагууд өөрийн эзэмшлийн вагоноор тээвэрлэлт хийх боломжийг судлан шийдвэрлэх, дэр мод үйлдвэрлэхэд зориулан ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийг сэргээх, нэг удаа хаягдал хар төмрийг экспортлох зөвшөөрөл олгосон эрх зүйн зохицуулалт гаргуулах зэрэг тулгамдаад буй асуудлуудаа танилцуулсан.

 

Мэдээллийг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Д.Тэрбишдагва нар салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авсан юм.

 

Хуралдааны төгсгөлд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва улс орны эдийн засаг, хөгжлийн тулгуур болох төмөр замын бодлогын асуудал нь тун чухал сэдэв болохыг онцлоод Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд дээр нухацтай, шуурхай ажиллах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн юм. Түүнчлэн салбарын сайдын мэдээлэлд дурдагдсан тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүднээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Ажлыг хэсэг байгуулах санал гаргасныг гишүүд дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Төмөр замын салбарын тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх