Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайдын шуурхай хуралдаан Хөшигийн хөндийд боллоо

2016/03/28
Сайдын шуурхай хуралдаан Хөшигийн хөндийд боллоо

Зам, тээврийн сайдын энэ долоо хоногийн шуурхай хуралдаан өнгөрөгч ням гарагийн амралтын өдөр Хөшигийн хөндийд баригдаж буй онгоцны шинэ нисэх буудлын талбайд боллоо.  Тус нисэх буудлын бүтээн байгуулалт нь Монголд нэлээд томд тооцогдох төсөл бөгөөд барилгын ажлын явцыг газар дээр нь очиж үзэх, тулгамдсан, яаралтай шийдвэрлэх асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Сайдын шуурхай хуралдааныг барилгын талбайд хийсэн юм. Энэ удаагийн хуралдаанд Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газрын дарга нар оролцож, авто зам барилга, шинэ нисэх буудлын төслийн ажлын гүйцэтгэлийн явцад гарч буй зарим хүндрэл бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэж байхаар тогтлоо.  Тухайлбал, сайд М.Зоригтын санаачилгаар, шинэ нисэх буудлын барилгын ажлын бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирэх, гаалийн татвараас чөлөөлөх зөвшөөрөл гарах хүртэлх Зам, тээврийн яам, Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газраар дамждаг дамжлагыг багасгаж, шууд Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг байхаар боллоо.  Харин Зам, тээврийн яам улиралд, эсвэл сард нэг удаа бараа материалын багцыг хянах юм.

 

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд одоогоор шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгааг төслийн удирдагч Н.Энхбат Сайдын шуурхай хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, Монголын талын хариуцан барих 3 барилгын асуудал шүүхийн шатанд удаашралтай байгааг хэлж, хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Шинэ нисэх буудлын хурдны замын ажил 4-р сарын 15-нд эхэлнэ гэдгийг сайд М.Зоригт хэлээд дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтсон юм. Түүнчлэн эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэхийн тухайд сайдын нэр дээр албан тоотыг холбогдох яаманд явуулж, яаралтай шийдвэрлэх үүргийг санхүү эрхэлсэн холбогдох дарга нарт өглөө.

 

Сайдын шуурхай хуралдаанд салбарын хувийн хэвшлийн төлөөлөл сууж, асуудлыг анхан шатнаас нь эхлэн салбарын яаманд тавьж шийдүүлдэг болоод буй. Энэ удаагийн хуралдаанд “Хүннү Эйр”, “Болд төмөр Ерөө гол” компани, Тээврийн дээд сургуулийн удирдлагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг ярилаа. Тухайлбал, “Хүннү эйр” компанийн захирал Д.Мөнхжаргал “Энэ зун Монгол Улсад АСЕМ зохион байгуулахтай холбогдуулан хувийн авиакомпаниудын нислэгийг түр зогсоох юм байна. Тэгвэл жуулчдын жинхэнэ улиралд бид ямар ч ажилгүй, ашиг орлогогүй зогсох болчихоод байна” гэсэн юм. Харин ЗТ-ийн сайд М.Зоригт “Зуны жуулчдаа мартаж болохгүй. Долдугаар сард Монголд жуулчид маш их ирдэг. Энэ асуудлыг шийдэж болно. Би Батлан хамгаалахын сайдтай уулзаж Налайхын аэродромыг долдугаар сард хувийн авиакомпаниудад түр ашиглуулах талаар ярилцъя. Энэ асуудлыг шийдэгдсэнд тооцож болно” гэсэн юм.  Харин “Болд төмөр Ерөө гол” компаниас зам, тээврийн салбарын залуу ажилтнуудад өөрсдийн барьсан төмөр зам болон байгууламжуудаа танилцуулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

 

Энэ мэт хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн Сайдын шуурхай хуралдаанд оролцогчид  нисэх буудлын бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, ажлын явцтай танилцлаа.  Зам, тээврийн яам цаашид ч Сайдын шуурхай хуралдаанаа яаралтай шийдвэрлэх асуудал бүхий газар дээр очиж хийх юм.

Сайдын шуурхай хуралдаан Хөшигийн хөндийд боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх