Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.ЗОРИГТ: НААДМААС ӨМНӨ 5 ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ

2016/03/15
М.ЗОРИГТ:  НААДМААС ӨМНӨ 5 ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ

-ЭНЭ ОНД ЗАМ БАРИЛГЫН АЖЛЫГ ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЛҮҮЛНЭ-

Зам, тээврийн сайд М.Зоригттой энэ онд хэрэгжих, авто зам барилгын ажлын талаар цөөн хором ярилцлаа.

-Энэ онд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто замын ямар, аль чиглэлд төсөл хэрэгжих вэ?

-Авто замын салбарт энэ онд Хөгжлийн банк, Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033.15 км авто зам болон гурван байршилд 912.4 метр урт гүүрийн барилгын ажил эхэлнэ. Эдгээрээс 11 чиглэлийн 760.25 км зам, гурван гүүрийн барилгын ажил он дамжин хэрэгжих юм. Харин шинээр гурван чиглэлийн 272.9 км замын барилгын ажлыг шинээр эхлүүлнэ.  Тухайлбал, Ховд-Өлгийн чиглэлийн 189.7 км замыг гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж эхэллээ. Харин улсын төсвийн хөрөнгөөр Эрдэнэтийн Дэнж-Говил багийн 5.62 км, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын гүүр 217.2 метр урт төмөр бетон гүүр, Улаанбаатар Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал чиглэлийн 21 км хурдны зам, Дорноговь аймгийн Өргөн сумын 18,25 км хатуу хучилттай авто замыг барьж ажлын явц нийтдээ 70-аас дээш хувьтай явж байна.

-Хөгжлийн банкны хөрөнгөөр ямар ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?

-Он дамжин хэрэгжиж байгаа 7 чиглэлийн 505.98 км авто замын ажил Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжигдэж байгаа. Архангай аймгийн Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 67 км , Ханх-Моньдын 22 км, Элсэн тасархай-Хархорины 77 км гэхчлэн замууд байна. Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км замын ажлын явц өнөөдрийн байдлаар 90.5 хувийн гүйцэтгэлтэй, 7 км замын хучилтын ажил дутуу байна. Хөрөнгө санхүүжилт нь шийдэгдчихвэл зургадугаар сард шиглалтад хүлээлгэж өгнө. Дутуу санхүүжилтийг нь төсвийн тодотголд оруулсан.  Энэ замд нийтдээ 7 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт дутуу байна. Гүйцэтгэгч нь  үлдэгдэл санхүүжилтээ шийдчихвэл замаа гүйцээе гэж байгаа. Өөр асуудал байхгүй. Өөрсдийн эх үүсвэрээр замаа тавиад дуусах шатандаа орж байгаа. Харин Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км замын ажлын явц 86.6 хувьтай явж байна.  20 км-ын хучилтын ажил л үлдээд байна. Мөн л санхүүжилт дутуу хийгдсэн. 2016 оны төсвийн тодотголд оруулсан. Уг нь бүх замын үлдэгдэл санхүүжилтийг векселиэр оруулъя гэсэн болохгүй, нэгийг нь оруулсан.  “Хурдны зам” компани нэлээд шахуу явж байгаа.  Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 77 км замын ажил 56.6 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Энэ жил дуусгахаар ажиллаж байна. Загастайн давааны 67 км зам 51 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хөрөнгийг нь бас векселиэр шийдэхээр оруулсан.

-Тэгвэл гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр шинээр эхлэн баригдах авто замуудын тухайд?

-Гадаадын зээл, тусламжаар нийт хоёр чиглэлийн 243.4 км хатуу хучилттай зам болон Хөшгийн хөндийн 29.5 км урт хурдны авто замыг шинээр барьж эхэлнэ. Тухайлбал, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 114 км, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км зам тавина.

-Ховд-Өлгийн замын ажил юу болсон бэ. Нийтдээ дөрвөн багц болгон хуваасан байх аа?

-Ховд-Өлгийн 189.7 км замын ажил эхэлж байна. Нэг багц нь маргаантай, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр явж байна. Азийн хөгжлийн банк энэ компаниар зам бариулахгүй гэснээс үүдээд шүүхийн маргаантай байгаа юм билээ.  Гэрээгээр 2018 онд хүлээлгэж өгөх ёстой. 3 багц дээр 2 компани ажиллаж байна. Энэ жил далан, газар шорооны ажлаа 100 хувь хийж чадахгүй, зөвхөн гүүр хоолойн ажил хийгдэнэ. Учир нь газар зүйн онцлог байна. Хиймэл байгууламж ихтэй. Уул даваа ихтэй. Бураатын даваа зэрэг олон даваа байна.  Нийт ажлын 30 хувь нь хийгдсэн. Мөн Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км хатуу хучилттай замын ажил 86.5 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 4.5 км замын хучилт л дутуу байна.  

-Энэ жилдээ багтаж хаанахын аль чиглэлийн замуудыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх вэ?

-Наадмаас өмнө Булган-Үенчийн 60 км,  Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажил, Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай замын ажлуудыг ашиглалтад хүлээлгэж өгнө.

-Барьж байгаа болон он дамжин хэрэгжих авто замын төсөл, арга хэмжээнд хэдий хэрийн нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа вэ. Санхүүжилтээ яаж шийдвэрлэх вэ?

-Манай яамны зүгээс авто замын дээрх төсөл, арга хэмжээнүүдийг 2016 онд буюу гэрээт хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд нийтдээ 64.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 2016 оны төсвийн тодотголд олон улс, улсын чанартай авто зам, шүүрийн засвар арчлалтад 47.0 тэрбум төгрөгийг нэмж тусгуулахаар ажиллаж, заримыг нь төсвийн тодотголд тусгуулсан. Одоо үлдсэнийг нь векселиэр санхүүжүүлэхээр Засгийн газарт саналаа оруулж байна.

-Боомтын замууд шинээр тавигдахаар ярьж эхлээд байгаа. Энэ талаар?

-Дорнод аймгийн Ульхан, Эрээнцав боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбохоор болж байна. ТЭЗҮ-ийг хийгээд дууссан. Боомтын замуудыг шийдсэнээр мөн хэд хэдэн сум хатуу хучилттай авто замаар холбогдоно. Ховдын Булганаас эхлээд хэд хэдэн боомтыг холбосон хатуу хучилттай зам тавихаар төлөвлөж байна. Түүнчлэн аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноор хэд хэчнээн сум суурин газар авто замтай болж байгаа судалгааг ч гаргаж байна. 

-Салбарын яамны хэмжээнд авто замын бодлого гэж байна уу. Зам, тээврийн яаманд бодлого байх ёстой болов уу?

-Байх ёстой. Өнөөдөр бид аймгуудаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байна. Одоо тэгвэл Дундговь-Даланзадгад-Алтайг холбосон ч юм уу, Мөрөн-Улиастай-Баянхонгорыг авто замаар холбох хөгжлийн стратеги бодлогоо бид ярих ёстой.  

-Энэ онд авто замын ажил хэзээ эхлэх вэ. Өнгөрсөн жил наймдугаар сарын сүүлчээр эхэлсэн байх аа?

-Энэ жилийн зам барилгын ажлыг орон даяар 4-р сарын 15-нд нэгэн зэрэг эхлүүлнэ.

 

М.ЗОРИГТ: НААДМААС ӨМНӨ 5 ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх