Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Х.Энхбаатар: Монгол Улс зайлуул далайд гарцгүй их далайгүй юм, тэднийг далайн тээвэрт оруулчихъя гэж хэзээ ч найр тавьдаггүй

2016/03/14


Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны дарга Х.Энхбаатартай тус байгууллагын үйл ажиллагаа болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Далайд гарцгүй Монгол Улс далайн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцдог гэхээр хүн бүхэн гайхдаг байсан үе бий. Иргэд ойлгохдоо төрийн далбаагаа бусад орны онгоцонд түрээслүүлж ашиг олдог гэж ойлгодог. Гэвч бодит байдалд бол өөр юм билээ. Танай байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар хоёулаа уншигчдад мэдээлэл өгч ярилцлагаа эхэлье?

-Хүн бүхэн л ийм ойлголттой байдаг нь үнэн л дээ. Гэхдээ одоо бидний үйл ажиллагааг ойлгодог болсон. Төрийн далбаагаа түрээслүүлдэг гэдэг бол маш буруу ойлголт. Эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц далайн тээврийн салбарыг хөгжүүлж, дэлхийн жишигт хүрье гэсэн эрхэм зорилго тавьж ажилладаг. Цаашдаа өөрийн гэсэн үндэсний багтай болох, багийн гишүүдээ бэлтгэх, Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэнэ гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаа нь Далай ашиглах хуулийн дагуу байгуулагдсан төрийн захиргааны байгууллага.

Бид далайн тээврийн салбарын хууль эрхзүйн орчныг хөгжүүлэх, энэ салбарт боловсон хүчин бэлтгэх, дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, цаашлаад далайн боомт ашиглах, олон улсын гадаад хамтын ажиллагаа, олон улсын гэрээ конвенцийг биелүүлж ажиллах гээд маш олон чиг үүрэгтэй ажилладаг. Далайн тээврийн талаар анх 1976 онд Ардын их хурлын зарлигаар хоёр том тунхагт нэгдэж орсон. Тодруулбал, Далайд гарцгүй орнуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх 1921 оны Барселоны тунхаглал, Далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх тээврийн 1965 оны олон улсын конвенцид тус тус нэгдэж орсон байдаг.

НҮБ-ын Их далайн тухай 1958 оны конвенци, Далайн эрхзүйн тухай 1982 оны конвенцид нэгдэн орох асуудлыг 1996 оны УИХ-аар соёрхон баталсан юм. Ингэснээр гадаад их далайд хөлөг онгоцны бүртгэл явуулах хууль эрхзүйн орчин бүрдсэн. Энэ мэт 20 гаруй олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсноор гадаад их далайд хөлөг онгоцны бүртгэл явуулах, дотоодын усан замын тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болсон. Далай ашиглах хуулийг 1999 онд УИХ-аар батлуулж, 2003 онд Усан замын тээврийн тухай хуулийг баталж гаргасан. Засгийн газрын болон Зам тээврийн сайдын баталсан хэд хэдэн журмуудыг ч бид үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг. Хууль эрхзүйн орчин болон үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгөхөд ийм байна.

-Далайн тээвэрт Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоц явуулах ач холбогдол нь юу юм бэ. Хэр их ашиг олдог, тэр нь улсын төсөвт ордог уу?

-Бид 2001 онд Сингапур улсад хамтарсан компани байгуулж  Монголын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2003 онд Япон улсын хөлөг онгоц анх удаа Монгол Улсын бүртгэлтэй их далайд гарч байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар 500 гаруй хөлөг онгоц Монгол Улсын бүртгэлтэй их далайд аялаж байна. 2003 оноос өнөөдрийг хүртэл 2700 орчим хөлөг онгоц манай улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Тухайлбал  30 гаруй гадаад орны хөлөг онгоц Монгол Улсын бүртгэлд хамрагдсан юм аа.

Энэ хугацаанд 15.4 сая ам.доллар олоод байгаа. Өнгөрсөн жилийн хувьд маш сайн ажиллаж, түүхэндээ байгаагүй орлого (1.8 сая ам.доллар) олсон нь бидний амжилттай ажилласны үр дүн билээ. Жил бүр улсын төсвийн хуулийн дагуу тодорхой хэмжээний  орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар  3.5 сая ам.долларын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Огт далайгүй атлаа их далайд үйл ажиллагаа явуулж, далайн салбараас тодорхой хэмжээний орлого олж улсын төсөвт төвлөрүүлж байгаа нь Далайн захиргааны газар байгуулж, далайн тээвэрт оролцож эхэлсэн нь зөв байжээ гэдгийг харуулж байгаа юм. Бид улсын төсвөөс санхүүжилт авдаггүй үйл ажилгааны орлогоор санхүүждэг болно. Далайн салбарт монгол залуучууд ажиллаж чадахгүй далайн өвчин тусдаг гэх мэт олон  сөрөг ойлголтуудыг бүрэн үгүйсгэж чадсан.

-Манайд бүртгүүлснээрээ дээрх улсуудын хөлөг онгоц татвар төлдөг гэж ойлгож болох уу. Ямар байдлаар ашиг авдаг юм бол?

-Даац жингээс нь хамаарч янз бүрийн үнээр бүртгэдэг. Хөлөг онгоцны бүртгэлийн үнэ тарифыг 2003 онд Засгийн газрын журмаар баталгаажуулсан байдаг юм. Тогтоосон үнээс шалтгаалж тогтсон үнэ төлбөр төлж байж л манай улсын нэр дээр бүртгэлтэй аялалаа хийх боломжтой гэсэн үг. Шууд ашиг гэж хэлж болохгүй. Олсон орлого. Эндээс өмнө хэлсэнчлэн тодорхой хэмжээний зарлагууд гарна. Ажилчдын цалин, Сингапур улсад байгаа компанийн түрээсийн байрны зардал гэх мэтээр зардал их гардаг. Далайн салбарт ажиллаж эхлээгүй бол хэн ч манай улсын төсөвт 3.5 сая ам.доллар өгөхгүй шүү дээ.

-Далайн тээврийн салбар өөрөө тун өвөрмөц. Сүүлийн жилүүдэд асар хурдац­тай хөгжиж байгаа гэж ойлгодог. Тэгэхээр бид 1999 онд баталсан хууль эрхзүйн орчинтой яваад байх нь хэр зохистой юм бол. Далайн тээвэрт Монгол Улсын далбаатай гарч байгаа хөлөг онгоцонд манай хууль үйлчилнэ. Тэгэхээр эрхзүйн орчны хувьд хүндрэлтэй, өөрчлөх зайлшгүй шаард­лагатай зүйл заалт байна уу?

-Далайн салбар үүсч хөгжсөн түүх тун эртнийх. Онгоц гэж зүйл нисдэггүй байхад л хүмүүс сал модоор хөвсөөр байгаад нөгөө эрэгт очдог байсан. Шинэ тутам өөрчлөгдөж байдаг нь үнэн. Далайн тээврийн салбарт бизнес эрхэлж байгаа улс орнууд бүгд л энэ бизнесээ алдахгүй байх эрмэлзэлтэй байдаг. Далайн салбарт өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлчихсэн улс орнуудтай бид өрсөлдөж байгаа юм аа. Тэрнээс биш Монгол Улс зайлуул далайд гарцгүй юм, тэднийг оруулчихъя гэж найр тавьж угтдаггүй. Тиймээс бид энэ салбарт ажиллаж чадна, далайн тээврийн асар том баялагтай салбараас өөрсдийн хэмжээнд ашиг олоод явах нь зүйтэй гэж үзсэн. Олон жилийн дадлага туршлагтай, далайн орнуудын туршлагаас судалж, тэдгээр орнуудын хуулийг орчуулан үндэсний хэлбэрт оруулах байдлаар 1999 онд далай ашиглах хуулийг баталсан. Энэ бол харьцангуй сайн хууль болж чадсан. Гэхдээ өнөөгийн өнцгөөс харахад, саад бэрхшээл гарч байгаа. Энэхүү саад бэрэхшээлийг даван туулахын тулд хуулийн төсөлт нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Удахгүй энэ хаврын чуулганаар УИХ, Засгийн газарт өргөн барихаар бэлтгэж байна

-Монгол Улсын хувьд далайгаар гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зорилт тавиад ажиллаж байгаа. Энэ ажил хэр урагштай байна вэ. Өмнөд хөршийн төрийн тэргүүн айлчлах үеэр бид хэд хэдэн боомтыг ашиглахаар ярил­цаж тохиролцсон шүү дээ?

-Их далайг ашиглан дэлхийн бусад улс оронд өөрийн бүтээгдэхүүнээ гаргахын тулд олон зүйлийг судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш орноороо дамжаад боомт дээр очно. Тэгсний дараа дараагийн боомт хүртэл далайгаар тээвэрлэсэн ачаагаа бэлтгэх, далайн боомт дээр ямар үйл ажиллагаа явуулах, ямар үйлчилгээ авах, гааль татвар, үнэ тариф нь хэд байх, ямар бараа тээвэрлэвэл дэлхийн жишигт нийцэх, тусгай бараа нь юу байх вэ гэдгийг урьдчилан судлах хэрэгтэй. Тээвэр ложистикийн компаниуд мөн Зам тээврийн яам, холбогдох бусад яамдуудыг боомтын үйл ажиллагаагаар хангах судалгааны ажлыг хийж байна. Өнгөрсөн жил Хятад, Монгол хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрээр транзит тээврийн ачааг Хятадын Хэбэй, Лянин гэсэн хоёр мужийн олон улсад гарцтай долоон боомтыг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр ашиглуулахаар үнэ тарифыг нь тогтоож өгсөн. 1992 онд хийгдсэн хоёр улсын хэлэлцээрийг шинэчилсэн гэсэн үг л дээ. Бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж эхлээгүй ч гэсэн бид урьдчилж гэрээ хэлэлцээр хийх, хамтарч ажиллах санамж бичиг зурж албажуулах, зарим газар өөрсдийн төлөөлөгчийн газраа нээхээр бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэ жилийн тухайд Лянин мужийн Жинжао боомтод өөрсдийн бие төлөөлөгчөө суулгахаар бэлэн болоод  байна

-Монгол Улсын бүртгэл­тэй хөлөг онгоцууд ямар чиглэлийн бараа бүтээг­дэхүүн далайд тээвэрлэдэг юм бол. Манай улсын төрийн далбаатай хөлөг онгоц живсэн, хууль бус бараа, зэвсэг тээвэрлэж явсан тухай таагүй мэдээллүүд гардаг. Энэ бүхэнд хариулт өгөх нь зүйтэй байх. Улсын маань нэр хүндийг үнэхээр унагаад байна уу, тэд?

-Хууль бус ачаа тээвэрлэсэн гэх мэт учир дутагдалтай мэдээлэл үе үе гарч  байсан. Харамсалтай нь хэвлэл мэдээлэлийнхэн үндэслэлгүй эх сурвалж нь тодорхойгүй мэргэжлийн байгууллагаас асууж лавлахгүйгээр ташаа мэдээлэл цацдаг. Өмнө хэлсэнчлэн, далайн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг улс орнууд биднийг тийм ч таатай хүлээж авдаггүй. Өөрсдийнх нь бизнесээс хуваалцаж, далайгаас хүртэх ашгаас нь булаалдаж байгаа учраас тэд таатай хандаггүй. Мэдээж өөрсдийн туршлагагүйгээс янз бүрийн асуудалд холбогдож байсныг нуугаад яах вэ. Хөлөг онгоцны бүртгэл нээж байхдаа загас агнуур, ачаа тээврийн хөлөг онгоц бүртгэж байсан.

2003, 2004 онд загас агнуурын онцгоц бүртгэснээс болж, тэдэнд хяналт тавьж чадаагүйгээс тэд хууль бус загас агнуур хийсэн асуудал гарч байсан. Тиймдээ ч өмнөх алдаагаа давтахгүйн үүднээс 2010 оноос загас агнуур, зорчигч тээврийн онгоц бүртгэхээс татгалзсан. Ингэснээр зөвхөн ачаа тээврийн онгоц л бүртгэдэг болсон. Хүний амь нас эрсдэх магадлал зорчигч тээврийн онгоцод гарах магадлал өндөр учраас улсынхаа нэр хүндийг бодож татгалзах шийдвэр гаргасан хэрэг. Хууль бус тээвэр хийлээ гэдэг мэдээллийг өмнөх түүхээс улбаалж бичиж, нэр хүндийг маань унагах гэж оролддог. Загас агнуур, зорчигч тээврийн онгоцоос татгалзсан гэдгээ олон улсын байгууллагад мэдэгдсэнээс хойш ямар ч хууль бус асуудал гараагүй. Өөрсдийнхөө хөлөг онгоцонд хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагуудаар гэрээ байгуулж хийлгэдэг. Бидний онгоцонд зохих хяналт шалгалтыг хийгээд төлбөрөө ав, хэрвээ хяналт шалгалт хангалтгүй хийснээс үүдэж асуудал гарвал та нар эргээд хариуцлагаа хүлээнэ шүү гэсэн тодорхой гэрээ байгуулаад ажилаж байгаа.

Буруу ташаа мэдээлэл гаргасан хэвлэл мэдээлэлд зохих тайлбарыг тухай бүрт нь хүргүүлсэн. Гадаад далайд улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явах гэж хичээж явахад дотооддоо буруу ташаа мэдээлэл гаргаад байх нь зохисгүй л дээ. Боомтын улс, эргийн улсууд ч гэсэн давхар давхар хяналт тавиад явдаг. Их далай нийтийн өмч учраас далайг бохирдуулахгүй байхын тулд улс бүхэн анхаарч, хяналт шалгалт хатуу тавьдаг юм. Зэвсэг зөөгөөд очлоо гэхэд шууд л хөлөг онгоцыг  нь хураагаад үйл ажилгаа явуулах эрхийг хасдаг. Иймд  бизнесээ алдахыг хэн ч хүсэхгүй. Тийм ч учраас аливаа улсын бүртгэлтэй хөлөг онгоц, эзэд эзэмшигчид хэзээ ч тийм асуудалд нэр холбогдохыг хүсдэггүй. Гагцхүү цэрэг байлдааны зориулалттай тусгай зөвшөөрөлтэй хөлөг онгоцнууд л зэвсэг тээвэрлэдэг. Ийм төрлийн хөлөг онгоцууд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд байхгүй.

-Шинэчлэлийн Засгийн газрын үед далайн тээврийн салбарыг хөгжүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймдээ ч далайн тээвэр өндөр хөгжсөн улс орнуудаас туршлага судлахаар болж БНСУ-тай хамтарсан компани байгуулсан юм билээ. Компанийн үйл ажиллагаа хэр ахицтай байна, боловсон хүчин бэлтгэх, далайн тээврийн салбарт үйл ажиллагаагаа өргөтгөх ямар ажил хийж байна?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан далайн тээврийн салбар өндөр хөгжсөн улс орнуудтай хамтарч ажиллах чиглэлийг баримтлаад ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хамтарсан компани байгуулаад ажиллаж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын шийдвэрээр БНСУ-ын зүгээс санал болгосон “Саммок Шиппинг” ХХК-тай далайн тээврийн компани байгуулахаар болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэснээр далайн тээврийн бүртгэлээс гадна далайн тээвэр эрхлэх боломж бүрдэх юм. Компанийнхаа чиглэлээр тус компанид ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг мөн Солонгос улсад сургаж байгаа. Хоёр жилийн түргэвчилсэн сургалтад 2012 оноос эхлэн 10 оюутан бэлтгэж, өнөөдрийн байдлаар дөрвөн оюутан их далайд ажиллах эрхээ аваад ажиллаж байгаа. Компанийн үйл ажиллагаа ирэх дөрвөн жилд нэлээд эрчимжинэ. Сүүлд явуулсан хоёр оюутан маань мөн л амжилттай суралцаж, дадлагын ажлаа сайн хийгээд явж байгаа. Цаашдаа мэргэжлийн далайчидтай болох нь тодорхой байгаа юм. Энэ дашрамд, Саммок Шиппинг компанийн хамт олонд ажлын амжилт хүсч, талархлаа илэрхийлье.

-Боловсон хүчин гэснээс манай залуус өөрсдийнхөө нэр дээр бүртгэлтэй хөлөг онгоцуудад үзлэг оношлогоо хийж эхэлсэн гэсэн. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Үзлэг оношлогоог Сингапур улсад байрладаг таван компаниар хийлгэдэг байсан. Хоёр нь Сингапур, нөгөөх нь Вьетнам, Турк улсын компаниуд. Мөн манай хамтарсан компаний үүсгэн байгуулагч компани үзлэг шалгалтыг хийдэг. 2007 онд ОХУ улсад гурван оюутан мэргэжлийн далайчин, хөдөл­гүүрийн инженер, цахилгааны инженерээр сургасан. Тэд маань 2013 онд төгсч ирлээ. Залуусаа их далайд гаргах чиглэлийг барьж ажилласнаар өнгөрсөн жил нэгийг нь үндэсний шинжээчээр сургаж эхэлсэн. Олон улсын далайн байгууллагын дэмжлэгтэйгээр урт богино хугацааны сургалтад хамруулж, өнгөрсөн жилээс Монгол Улсын шинжээч гэдэг албан тушаалыг бий болгосон юм. Энэ ажил 2016 оноос албажиж, хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ны хугацаанд шинжээч маань анхны хөлөг онгоц дээр гарч үзлэг хийлээ. Урьд өмнө нь тодорхой зөрчил гаргаж байсан хөлөг онгоцыг сонгож үзлэг хийлгэсэн байгаа. Хангалттай гэсэн үнэлгээ авснаар өөрийн гэсэн шинжээчээ ажиллуулах боломж нээгдлээ. Бидний хувьд тун баяртай байна.

-Далайн бүртгэл эрхэлж байгаа танай байгууллагад энэ онд олон улсын аудитын шалгалт орох юм билээ. Бэлтгэл хэр хангаж байна?

-Одоогоос хоёр жилийн өмнө 2003 оноос далайн салбарт эхэлсэн бүртгэлээ сайн дураар өөрсдөө шалгуулах хүсэлтээ Олон улсын далайн байгууллагад тавьсан. Үүнийг үндэслэсэн байх гэж бодож байгаа. Мөн 2014 онд Олон улсын далайн байгууллага бүх гишүүн орнууддаа аудит хийх талаар ярьж эхэлсэн. Ингэснээр 2016 онд Монгол Улсад олон улсын аудит хийх хуваарь гарсан. Аравдугаар сард аудитын шалгалтад орно. Энэ чиглэлээр сайдын баталсан аудитын  шалгалтад бэлтгэх ажлын хэсэг тусгай төлөвлөгөө гаргаад ажиллаад явж байна. Бид шалгалтад тодорхой хугацаанд бэлтгэсэн. Тодорхой амжилт ч байгаа. Хийсэн ажлаа үнэлүүлж дүгнүүлж, аудитын шалгалтаа амжилттай өгнө гэдэг нь олон улс дахь бидний нэр хүнд өсөх ач холбогдолтой. Далайд гарцгүй орон хэрхэн ажиллаж болдог вэ гэдгийг харуулах том үүрэг бидний өмнө байгаа.

-20 гаруй гэрээ конвенцийг хэрхэн биелүүлж байна вэ. БНАСУ-ын хөлөг онгоц манайд бүртгэлтэй байдаг гэсэн. Гэхдээ одоо цуцалсан гэх мэдээлэл байгаа?

-БНАСУ-тай манай улсын Засгийн газар тодорхой хэмжээний төвшинд хамтарч ажилладаг. Бүртгэл хийгээд 10 гаруй жил болох хугацаанд эхний жилүүдэд Хойд Солонгос улсын хэд хэдэн онгоц манайд бүртгэлтэй байсан. Техникийн бүрэн бүтэн байдлын хувьд учир дутагдалтай байсан учраас манай бүртгэлээс хасагдсан. Одоогоор БНАСУ-ын эзэмшилтэй хөлөг онгоц байхгүй болно

-Манай улсад дотоодын усан тээвэр эрчимтэй хөгжиж байна. Хөвсгөл далайн Сүхбаатар онгоцоор хэмжигддэг байсан усан тээвэр эрчимтэй хөгжиж Өгий, Увс, Буйр гэх мэтээр олон ч газар хөгжиж байна. Энэ бүхнийг бүртгэлжүүлэх, хянах ажлыг танайх хан­галт­тай хийж чадаж байна уу?

-Хангалттай хийдэг гэж хэлж болно. Таны хэлдэг үнэн. Дотоодын усан тээвэр эрчимтэй хөгжиж байгаа. Далайн захиргааны байгууллагын нэг чиг үүрэг нь дотоодын усан тээвэрт хяналт тавьж, бүртгэлжүүлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх асуудал байдаг. Олон улсын гэрээ конвенци, гэрээ актад үндэслэж, улмаар дотоодын аялал жуулчлалыг дэмжинэ гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэж ажилладаг. Хөлөг онгоцнуудыг бүртгэлжүүлэх, байгаль орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, хүний амь нас эрсдэхээс сэргийлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа. Өнгөрсөн жил зөвхөн Хөвсгөл далайд тооллого явуулахад 68 том, жижиг хөлөг онгоц байна.

Тэднийг бүгдийг нь гэрчилгээжүүлж, тоо бүртгэлд хамруулж, мөн жолоодогч нарыг жолоодлогод сургаж үнэмлэхтэй болгосон. 2001 онд манай улсын нэгдэж орсон Далай дахь хүний аюулгүй байдлын тухай конвенцийг хэрэгжүүлж далайд зорчиж буй иргэдийн аюулгүйн үйл ажиллагааг хангах чиглэлээр ажиллаж, 2014 онд аврах хэрэгслийн стандартыг батлуулж чадлаа. Онцгой байдлын Ерөнхий газартай хамтарч осол эндэгдэл гарсны дараа очиж аврах биш осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийлээ. Мөн томоохон гол мөрөн, нууртай аймгуудын Засаг дарга нартай хамтарч ажиллах санамж бичиг үзэглэж, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр ажиллаад явж байгаа. Цаашдаа ч хийнэ.

-Солонгос улстай хамтар­сан компани байгуулснаар бид далайн тээвэрт бүх талаар оролцож, далайн тээврээс ашиг олох нь ээ дээ. Далайн асар их баялгаас хувь хүртэх, өөр оролцох боломжтой ямар бизнесүүд байна вэ, энэ салбарт?

-Далайн тээврийн компани байгуулснаар зөвхөн Монгол, Солонгос хоёрын дунд ачаа зөөх юм биш. Бид дэлхийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож эхэлнэ. Хамтарсан компанийн маань онгоц тээвэрлэлт хийж эхэлнэ. Бусад орнууд руу ачаа тээвэрлэж, тэндээс олсон орлогоо хувааж авна гэсэн үг. Далайн тээврийн салбараас олох орлогын бас хэгэн их үүсвэр юм. Монгол далайгаас юу зөөх гээд байгаа юм гэж асуух хүн гарах байх. Тийм биш ээ. Бид дэлхийн тээвэр хийх гэж байна. Аль ч улсад манай далбаатай хөлөг онгоц очиход тухайн газрын боомт, эргийн хяналт хүлээж авч үйлчилдэг болно. Энэ нь улсын маань нэр хүндэд чухал юм.

Антрактидаас бид ашиг олж болно. Судалгаа шинжилгээний ажил хийсэн. Антрактид одоогоо аль ч улсын эзэмшилд байхгүй. Монгол Улс социализмын үеэс судалгаа шинжилгээнд нь оролцож байсан, оролцсоор ч байгаа. Ирээдүйд түүнийг хувааж, баялгаас нь хувь хүртэж эхлэхэд бид оролцож байсан учраас ашиг хуваалцах, нутаг дэвсгэрээс нь авах боломжтой болно. 2013 онд манай мэргэжилтэн Д.Ганбаатар судалгааны ажилд хоёр сар оролцоод ирсэн. Өөр олон ч зүйлээс ашиг олж болно. Их далайгаас нефть олох ч боломж бий.

Эх сурвалж: www.mminfo.mn

 
Х.Энхбаатар: Монгол Улс зайлуул далайд гарцгүй их далайгүй юм, тэднийг далайн тээвэрт оруулчихъя гэж хэзээ ч найр тавьдаггүй  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх