Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ч.Мөнхтуяа: Онгоцны шатахууны үнэ 30 орчим хувь, орон нутгийн нислэгийн тариф дунджаар 20 хувиар буурсан

2016/03/03
Ч.Мөнхтуяа:  Онгоцны шатахууны үнэ 30 орчим хувь, орон нутгийн нислэгийн тариф дунджаар 20 хувиар буурсан

Агаарын харилцааны хэлэлцээр болон агаарын шинэ хаалга, орон нутгийн нислэгийн асуудлаар ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Мөнхтуяатай ярилцлаа.

 

- Өнгөрөгч долоо хоногт Камбожийн Вант улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах уулзалтууд Улаанбаатар хотноо боллоо. Засгийн газар хороонд байгуулагдах хэлэлцээр хэзээ эцэслэгдэх вэ. Ер нь энэ онд хэчнээн улс оронтой Агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдах вэ?

-Юуны түрүүнд Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газар яг юу хийдэг вэ гэдэг ойлголтыг уншигчдад товч өгөх нь зүйтэй байх.  Засгийн газрын 2015 оны 258 дугаар тогтоолоор баталсан Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрэмд зааснаар тус газар нь агаарын тээврийн хөгжлийн асуудал, агаарын харилцаа, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтыг хариуцан ажиллаж байна.  Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэх эрх зүйн үндэс нь болж өгдөг. Манай улсын Засгийн газар 36 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулсан байдаг. Эдгээрээс идэвхтэй хэрэгжиж буй 5 хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Засгийн газраас томилогдсон үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ХК болон хувийн хэвшлийн "Аэро Монголиа", "Хүннү эйр" гэсэн гурван агаарын тээвэрлэгч Ази, Европын 12 хот руу хуваарьт нислэг гүйцэтгэж байна. УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг үе шаттайгаар, төрийн хяналт, зохицуулалттайгаар бий болгох зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан юм. Тиймээс төр бодлогоор үндэсний тээвэрлэгчдийг олон улсын агаарын тээврийн зах зээлд нэвтрэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлэх нь чухал байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Канад, Австрали, Шинэ Зеланд, ИБУИНВУ, Сингапурын талтай гуравдагч талын оролцоотой аялалын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг тохирч, шинээр таван улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар, хоёр хэлэлцээрийг шинэчлэхээр, гурван хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр агаарын харилцааг өргөжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж ирсэн. Энэ төлөвлөгдсөн ажлын хүрээнд Камбожийн Вант улс, манай улсын Засгийн газар хооронд байгуулагдах Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэгдэж Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

 -Агаарын харилцааны хэлэлцээр цаашид либералчлагдана гэсэн асуудал хөндөгдөж байгаа. Энэ тал дээр олон улсын байгууллагаас бариталж буй бодлого ямар байдаг бол?

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) нь аюулгүй, найдвартай, хямд өртөг бүхий агаарын тээврийг дэмжиж, олон улсын агаарын тээврийг либералчлах бодлого барьж байна. Либералчлал нь шинэ зах зээл, нислэгийн сүлжээ өргөжих, үйлчилгээний чанар сайжрах, хөдөлгөөний өсөлт, эдийн засгийн өсөлт, ажлын байрны өсөлт зэрэг эерэг үр дагаварыг авч ирнэ гэж харж байна. ICAO нь гишүүн улс хооронд хоёр талын төдийгүй олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор агаарын харилцааг либералчлах бодлого баримталдаг. Тиймээс Агаарын харилцааны хэлэлцээрээр зохицуулдаг нислэгийн цэг, давтамж, багтаамж, ашиглах агаарын хөлгийн багтаамжийг хязгаарлахгүй байхаар чөлөөт хэлэлцээрийн загвар төслийг боловсруулан гишүүн орнуудад танилцуулсан. Ойрын ирээдүйд агаарын харилцааг либералчлах шахалт гэхээсээ илүүтэй хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч байна. 

-2017 онд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудал ашиглалтад орно. Тэгэхээр Агаарын харилцааны хэлэлцээр шинэчлэх, шинээр байгуулах, либералчилах зэрэг бодлого нь нисэх буудлыг ашиглалтад оруулахын өмнөх бас нэг бэлтгэл ажил гэж хэлж болох уу?

-Тийм ээ, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ирэх жил ашиглалтад орохтой холбоотойгоор нисэх буудлын ашиглалтыг сайжруулж орлого, татвараас зээл төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагатай байна. Нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх, аль болох олон агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж, агаарын хөлөг зорчигч олонтой байх юм бол шинэ нисэх буудал барихад шаардагдсан зээлийг эргэн төлөх эх үүсвэр нэмэгдэж өгнө.  Энэ нь дээр дурьдсан агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг илүү чөлөөтэй байхыг шаардаж байгаа юм. Төрийн бодлогоор үе шаттайгаар либералчлахаар тодорхойлсон агаарын харилцааны зах зээлд Монголын талаас дангаар нислэг гүйцэтгэж буй чиглэлд төдийгүй бусад чиглэлээс гадны тээвэрлэгч орж ирнэ. Ер нь дэлхийн 100 гаруй хотыг нислэг гүйцэтгэх цэгээр тохирсон зохицуулалт бий. Түүнээс гадна Монголын агаарын тээвэрлэгчид олон улсын зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадвараа сайжруулах талаар нэгдсэн бодлого, зохион байгуулалтад орж эхэлж байгаа нь сайшаалтай. Цаашид тогтоосон чиглэлд нислэг гүйцэтгэх, агаарын тээвэрлэгчид хоорондоо, мөн гадны хоёрдогч талын, гуравдагч талын тээвэрлэгчтэй аялалын дугаар хуваан ашиглаж нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, орон нутгийн болон олон улсын нислэгийг холбох, транзит тээвэрлэлт, алианст нэгдэх зэрэг өсөж, өргөжих боломжийг эрэлхийлж, ашиглах шаардлагатай байна.

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор өнгөрсөн онд үндэсний авиа компаниудын олон улсын болон дотоод нислэгт ямар өөрчлөлт оров?

-Олон улсын нислэгээр 2015 онд 996 мянга орчим зорчигч тээвэрлэсэн нь 2014 оныхоос 1200 орчим зорчигчоор буюу 0.16 гэсэн маш бага хувийн өсөлттэй байсан. Тээвэрлэгч тус бүрээр авч үзвэл, “МИАТ” ХК 4, “Туркиш Эйрлайнс” 5, “Аэрофлот” 7, “Корэйн Эйр” 14  хувиар тус тус өсч, харин “Эйр Чайна” 2, “Аэро Монголиа” 19, “Хүннү Эйр” 65 хувиар зорчигч тээвэрлэлт буурсан байна лээ. Орон нутгийн нислэгээр 190 мянган зорчигч тээвэрлэсэн нь 2014 оныхоос 64 мянгаар буюу 25.3 хувиар буурсан. Уул уурхайн компанийн захиалгат нислэгийн зорчигч 35 хувийг нь эзэлсэн. Үндсэндээ орон нутгийн агаарын тээврээр зорчигчийн тоо эрс буурч, өдөрт 2-3 удаагийн нислэг гүйцэтгэдэг байсан Мөрөн, Даланзадгадын чиглэлийн нислэг зогссон. Хуваарьт нислэгийн зорчигч урсгал 35 хувиар буурсан нь авто зам сайжирч, хот хооронд тохилог автобусаар хямд үнээр үйлчилдэг болсон, эдийн засгийн бууралт зэрэг хүчин зүйлтэй холбоотой. Агаарын хөлгийн шатахууны үнэ 30 орчим хувь, орон нутгийн нислэгийн тариф дунджаар 20 хувиар буураад байна.

-Орон нутгийн нислэгийг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа ямар ажил байна. Ер нь орон нутгийн нислэгийг сэргээх асуудал зах зээлийн хэрэгцээ шаардлагатайгаа хэр уялдаж байна вэ?

-“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, орон нутгийн агаарын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг дэмжихээр тусгасан. Орон нутгийн агаарын тээвэрлэлт зах зээлийн хэрэгцээтэйгээ уялдан өрсөлдөөний зарчмаар явж байна. Аймгийн төв, томоохон хот суурин газруудад, цаашлаад алслагдсан сумдад хуваарьт нислэгийн үйлчилгээг тогтворжуулахын тулд агаарын хөлгийн паркийг нэмэгдүүлэх, шинэчлэх, шатахууны үнэ, хангамж, хөөрч буух талбай, нислэгийн зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байгаа. Түүнчлэн хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргааны дэмжлэг гээд олон талын хүчин чармайлт, хөрөнгө санхүүгээр хийх ажил бий. ИНЕГ-ын харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн 15 нисэх буудлын зөвхөн үйл ажиллагааны зардалд сүүлийн хоёр жилд 8.8-9.2 тэрбум төгрөгийн татаас олгосон. Агентлагаас үзүүлж буй үйлчилгээ тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Орон нутгийн нисэх буудлыг концессоор ажиллуулах, орон нутгийн захиргаанд болон хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүний тулд татвар, хураамжийг ч шийдвэрлэх шаардлагатай. Орон нутгийн хуваарьт нислэгийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх талаар судалгаа хийсэн, холбогдох хуулийн төслийн үзэл баримтлал, төслийг боловсруулсан. Мөн агаарын хөлгийн парк шинэчлэлтэд дэмжлэг үзүүлэх үүднээс гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалттай Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэх асуудлыг шийдвэрлүүлэх шатанд ажиллаж байна.

-Агаарын шинэ 7 дахь хаалгыг нээх асуудлаар саяхан ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажиллаад ирсэн. Шинэ хаалга нээснээр манай улсад эдийн засгийн ямар үр нөлөө үзүүлэх вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо 2015 онд 90.7 мянгад хүрч, 4.1 хувийн өсөлттэй байсан. Өнгөрөлтийн нислэгийн 27 хувийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээс эхлэл, төгсгөлтэй нислэг эзэлдэг. БНХАУ-ын агаарын тээврийн дотоодын нислэгийг Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх асуудал өнгөрсөн сард эцэслэн шийдвэрлэгдэж, Polho-Sarul агаарын хаалгаар нэвтэрч, 479 км агаарын замаар Бээжин, Хөх Хотоос Манжуурын чиглэлд хоёр агаарын тээвэрлэгч нислэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ онд нийтдээ 400 орчим нислэг гүйцэтгэхээр захиалгаа ирүүлсэн байгаа. Цаашид ч өсөх хандлагатай байна. Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэхэд нислэгийн чиглэлээс хамаарч 213-362 км богино агаарын зам ашиглана. Энэ нь цаг хугацаа хэмнэх, зардал бууруулах, экологийн талаасаа ч ач холбогдолтой. Манай улсын хувьд навигацийн орлого нэмэгдэнэ. Энэ нэмэлт орлогыг агаарын навигаци, орон нутгийн нисэх буудлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн агаарын тээврийг тогтворжуулах, өргөжүүлэх, алслагдсан бүс нутагт агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж холбогдох төрийн байгууллагуудад танилцуулан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

 

 

Ч.Мөнхтуяа: Онгоцны шатахууны үнэ 30 орчим хувь, орон нутгийн нислэгийн тариф дунджаар 20 хувиар буурсан  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх