Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын тээврийн салбарын мэргэжилтнүүд бнсу-ын технологи, туршлага судлах сургалтад хамрагдлаа.

2015/12/01

БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагын (KOTRA) Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэг, санхүүжилтээр Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь БНСУ-ын “Төмөр замын сүлжээ” корпораци (KRNA), “Төмөр замын тээврийн судалгааны хүрээлэн” (KOTI), “ARTech technology”, “Seoyeong Engineering”компаниудтай  хамтран Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэн, инженерүүдэд БНСУ-ын туршлага, технологийг таниулах сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Уг сургалтаар Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, ”Болдтөмөр Ерөө гол“ ХХК, “Эсто” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Бүс нутгийн логистикийн төв”-ийг хөгжүүлэх төслийн нэгж, “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ-ын холбогдох мэргэжилтэн, инженерүүд  нийт 32 оролцогч БНСУ-ын хууль эрхзүйн орчин, тарифын бодлого, төмөр замын барилгын ажлын төслийн удирдлага, төр-хувийн хэвшлийн түншлэл, төмөр зам, дохиоллын байгууламжийн технологи зэрэг сэдвээр 3 өдрийн турш мэдлэг, мэдээлэл авч, туршлага судлан гэрчилгээ авсан юм.

 

Энэхүү сургалт нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төсөл, “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн боловсруулалтын үйл явцтай цаг хугацааны хувьд давхцаж буйгаараа ач холбогдолтой боллоо.

 

БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (KOTRA) нь дэлхийн 82 оронд 124 салбар, төлөөлөгчийн газартай, өөрийн үндэсний үйлдвэрлэгчдийг гадаадын орнуудад сурталчлан таниулах, зах зээлд хөл тавихад нь туслах зорилготой төрийн өмчит байгууллага бөгөөд Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь 2013 онд манай улсад үүд хаалгаа нээжээ. Харин “Төмөр замын сүлжээ” корпораци (KRNA) нь БНСУ-ын Газар, Дэд бүтэц, Тээврийн яамны шууд харьяаны байгууллага бөгөөд төмөр замын барилга угсралт, том хэмжээний шинэчлэл, суурь бүтцийн засварын удирдлагыг хэрэгжүүлэгч юм.

 

БНСУ-ын төмөр замын салбарын шинэ технологийн мэдээллийг Монголд танилцуулж, туршлага хуваалцах зорилгоор зохион байгуулагдсан эл сургалт нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

 

Төмөр замын тээврийн салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах энэ сургалтыг Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь ихээхэн дэмжиж цаашид БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Төмөр замын тээврийн салбарын мэргэжилтнүүд бнсу-ын технологи, туршлага судлах сургалтад хамрагдлаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх