төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Б.ЭРДЭНЭБАЯР: МОНГОЛЧУУД ТАВАНТОЛГОЙ-НӨМРӨГ ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРГЭЭР АЯЛАХ ЦАГ ОЙРХОН БАЙНА

2015/11/20
Б.ЭРДЭНЭБАЯР: МОНГОЛЧУУД ТАВАНТОЛГОЙ-НӨМРӨГ ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРГЭЭР АЯЛАХ ЦАГ ОЙРХОН БАЙНА

Төмөр замын салбарт замчинаас эхлээд Бригадын дарга, Мастер, Ахлах инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж яваа залуу боловсон хүчнийг бид энэ удаагийнхаа буланд онцолж байна. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирал Б.Эрдэнэбаяртай ярилцсанаа хүргэе.

- Таныг “МТЗ”-ын дэд захирлаар томилогдоод удаагүй байгаа гэж сонслоо. Юуны өмнө танд баяр хүргэе. Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхлэж байсан талаар ярилцлагаа эхлэе?

-Баярлалаа. Би 2009 онд Эрхүүгийн зам харилцааны их сургуулийг “Зам барилгын инженер” мэргэжлээр төгсөөд УБТЗ-ын замын 2-р ангид ажилд орсон. ОХУ-ын төмөр замын зам засварын 56-р машинт станц Мандал-Давааны чиглэлд 54 км хуучин Р50 зам төмөртэй, модон дэртэй замыг хуулан Монголд анхдагч Төмөр бетон дэртэй Р65 зам төмөртэй уулзваргүй зам барих их засварын ажилд томилогдон ажилласан юм. Их засварын ажил дууссаны дараа замын 2-р ангидаа уулзваргүй замын арчилгаа хариуцсан Ахлах мастераар 2010 оны 5 сар хүртэл ажиллаад өөрийн төрсөн нутаг болох Дорноговь аймаг руу Замын 4-р ангид томилогдсон. Тэндээ ахлах инженерийн албыг хашиж байгаад “Энержи ресурс” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийхэд мэргэжлийн инженер шаардлагатай байгаа саналыг зөвшөөрч, тэнд ажилласан. Намайг ажиллах үед гадны зөвлөхүүд ажиллаж байсан учраас тэднээс шинэ орчинд, олон зүйлийг сурч мэдсэн нь томоохон туршлага болсон. Бүтээн байгуулалт явагдах үеэр сонгууль болж, улс төрийн нөхцөл байдлаас үүссэн шийдвэр гарч, төсөл зогссон. Гэрээ цуцлагдах хэмжээнд яригдаж байтал “Монголын төмөр зам” ТӨХК-иас мэргэжлийн инженер, боловсон хүчнээр авах санал тавьсан. Ингээд Замын инженерээс эхлээд Суурь бүтцийн албаны менежерээр ажиллаж байгаад одоо дэд захирлаар ажиллаж байна. Төмөр зам барьж, бүтээн байгуулалт хийнэ гэсэн чин хүслээр энэ байгууллагад ажиллаж байна.

- Саяхан салбарын сайд төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бүтээн байгуулалт хийгдэж байгааг олон нийтэд таниулаад амжсан. “Монголын төмөр зам” энэ бүтээн байгуулалтад ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

- “Монголын төмөр зам” ТӨХК нь үндэсний тээвэрлэгчийг бий болгох зорилгоор 2008 онд байгуулагдсан бөгөөд бүтээн байгуулалтын ажилдаа ороод байна. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийнтөмөр замын бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил явагдаж байна. Мөн зүүн чиглэлийн 1800 орчим км төмөр замын техникийн зураг төсөл боловсруулагдаж байна. Цаашид Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг эхний ээлжинд барьж байгуулахаар санамж бичгүүд байгуулагдлаа. Одоо ТЭЗҮ-ийг боловсруулах ажил хийгдэж байна.

-Төмөр замын дэд бүтцийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж яваа таны хувьд залуу хүн юунд тэмүүлж, хөгжиж дэвших ёстой гэж боддог вэ?

-Залуучууд ямар ч зүйлд баригдаж болохгүй. Бүх зүйл гарц гаргалгаатай байдаг. Залуучууд бид бүх зүйлийг бүтээж, бий болгож боломжтой гэж боддог. Тэгэхээр аливаа зүйлийнгарцыг хайж, эрэлхийлж, түүнийгээ хэрэгжүүлдэг л байх ёстой. Тиймээс залуу хүн байнга шинэ зүйлд тэмүүлж, шинэ зүйлд хөрвөж чаддаг байх нь чухал.

-Хүн бүрт амьдралдаа эрхэмлэдэг тодорхой нэг зарчимтай байдаг. Магадгүй тэр нь тухайн хүнийг илэрхийлдэг байж болох юм. Таны хувьд?

- Миний хувьд хүнийг ялгаж харьцана гэдэг хамгийн зохимжгүй зүйл гэж боддог. Тэр ч утгаараа замчин байхдаа би ямар зан, харилцаатай, бие хүн байсан одоо ч энэ л хүнээрээ байхыг эрмэлздэг. “Хамраа сөхнө” гэж хүмүүс ярьдаг. Би бол өөрөө өөрийнхөөрөө л байхыг эрмэлздэг. Энэ нь миний баримталдаг зарчим, үнэ цэнэ юм уу даа. Тэр тусмаа өөрийгөө илүү хянаж явдаг. Хүнийг ялгаж харьцалгүй, шударга, байхад л болно. Ингэж байж зөв амьдрах зам тавигдана гэж би ойлгодог.

- Замчин байхдаа гэж та ярьлаа. Тухайн үеийн сайхан дурсамжтай түүхээсээ хуваалцаач?

- Анх 2005 онд 2-р курсээ төгсөөд Сайншандын төмөр замын өргөлтийн засварт дадлага хийж билээ. Засварын бригадад ажиллана гэдэг 1 км төмөр замыг бүрэн сэргээн засварлахаар ажиллана. Үүний тулд дэр мод солих гэдэг том ажил бий. Дэр мод солих ажилд анх томилогдоод ажиллаж байсан үе л дээ. Ойролцоогоор 70-80 кг жинтэй, 2,7 м урттай дэр мод үүрээд, 1-2 метрийн өндөртэй даланд гаргаж тавих ёстой болдог. Надаас жижиг биетэй залуус зүүн, баруун мөрөн дээрээ зөрүүлж өргөж тавиад л байна. Гэтэл би анх өргөх гээд чадаагүй юмдаг. Тэгээд нэг өргөөд мөрөн дээрээ өргөөд тавьлаа. Мөрний яс нухаад ер болдоггүй. Яаж өргөх аргаа бодож, бодож гэр рүүгээ мөрөн дээр зөөлөвч маягаар ашиглах дэр оёулсан юм. Эхэндээ хүмүүс намайг шоолж байсан. Дараа нь хүмүүс тэр дэрийг гуйж хэрэглэдэг болсон. Тухайн үедээ бяцхан технологи нэвтрүүлсэн байгаа биз /инээв/. Яваандаа энэ мэт бүхий л ажлуудыг хийж сурсан даа. Санаанаас гардаггүй дурсамжтай сайхан үе гэвэл тэр үеийг хэлнэ.

-Таны хэлснээр залуучууд хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй бол улс орон хөгжих нь дамжиггүй. Ер нь та Монгол Улсынхаа ирээдүйн хөгжил дэвшлийг хэрхэн хардаг вэ?

- Энэ салбарынхаа хүрээнд хамгийн түрүүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн төмөр зам ойрын хугацаанд баригдана байх. Монголчууд Тавантолгой-Нөмрөгийн чиглэлд галт тэргээр аялах цаг мөч ойрхон байна гэж би хардаг. Улстөрчид л багахан улстөржүүлэх юм бол ойрын хугацаанд хангалттай хийгдэх бүтээн байгуулалт гэж бодож байна. Гадаадын улс орнуудад төмөр зам нь ямар өндөр түвшинд, бүрэн хөгжиж, автомат жолоодлоготой явж байгааг бид кинон дээрээс л хардаг шүү дээ. Удахгүй бид энэ хөгжил дэвшилд хүрнэ гэж итгэж байна.

-Энэ бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” хийж чадах болов уу?

-Бид чадна гэж бодож байна. Яагаад гэвэл бүтээн байгуулалт аль хэдийн эхэлж барилга угсралтын ажлыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна, зураг төсөл хийгдсэн их хэмжээний мөнгө зарсан одоо энэ мөнгийг үнэгүйдүүлэх учиргүй. Иймээс төмөр замын мэргэжлийн байгууллагууд нэгдмэл ойлголтод хүрч, Монголын төмөр замтай хамтраад гүйцэтгэх бүрэн боломжтой.

-Төмөр зам барьснаар улс оронд ямар үр өгөөжтэй байх асуудлыг нийгэм олон янзаар хүлээн авч байна. Монголынхоо баялагийг төмөр замаар гаргаад дууслаа гэх мэтээр сөргөөр харах нь илүү байж магадгүй юм?

-Монголд асар их баялаг байна үүнийгээ хэрхэн үнэд хүргэх вэ гэдгээ өнөөгийн нөхцөл байдалдаа тулгуурлаад зөв явах хэрэгтэй санагддаг. Олон хүмүүс ярьдаг төмөр зам, цахилгаан станц, аж үйлдвэрийн паркийг зэрэг барьж байгуулах ёстой гэдэг. Хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Харин ямар шат дараалал, менежментээр бүтээн байгуулах вэ гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Миний бодлоор эхлээд байгаа мөнгөндөө тааруулж, төмөр замаа барьчихаад нүүрсээ зөөж орлоготой болоод дараа дараагийн үйлдвэрээ барих ёстой гэж боддог. Гэтэл манайх мөнгө байсаар байтал бүх бүтээн байгуулалтанд бага багаар хуваарилаад орлого олох нэг ч төсөл дуусаагүй байгаа нь харамсалтай. Тиймээс Төмөр замын бүтээн байгуулалт хийгдээд нүүрсээ зөөгөөд тодорхой хэмжээний орлого орж байж л энэ буруу хандлагаас ангижирна байх.

-Байгууллага бүр өөрсдийн бахархах, үнэт зүйлтэй байдаг. Танай байгууллагад бусдаас онцлох ямар давуу тал байдаг вэ?

- Манай байгууллагын дийлэнх нь залуучууд. Тус бүр өөрийн зорилготой, төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй чадварлаг, төрөл бүрийн мэргэжилтэй боловсон хүчнүүд байдаг. Тухайлбал, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Турк, Солонгос улсуудад мэргэжил эзэмшсэн боловсон хүчнүүд байна. Ямар ч төсөл дээр ажиллах мэдлэг боловсрол мэдлэг чадвар тэдэнд бий. Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшил, дэд бүтцэд хөрөнгө оруулж буйгаараа бид бүхэн бахархдаг.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын бүтээн байгуулах үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

Б.ЭРДЭНЭБАЯР: МОНГОЛЧУУД ТАВАНТОЛГОЙ-НӨМРӨГ ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРГЭЭР АЯЛАХ ЦАГ ОЙРХОН БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх