Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ази, Номхон далайн Иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын 54 дэх хурлыг Монголд зохион байгуулна.

2015/11/11
Ази, Номхон далайн Иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын 54 дэх хурлыг Монголд зохион байгуулна.

 

 Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн байгууллагуудын дарга, захирлуудын 52 дахь удаагийн хурал Филиппин улсын нийслэл Манила хотод болж  ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

 

 Энэ удаагийн хуралд нийт 31 улс, 9 олон улсын байгууллагуудаас нийт 280-аад төлөөлөгч оролцжээ.  Хуралдаан “Бүсийн нисэхийн аюулгүй ажиллагаа”, “Бүсийн нисэхийн аюулгүй байдал”, “Иргэний нисэхийн захирлуудын хурал” гэсэн гурван салбараар зохион байгуулагдаж агаарын навигаци, нисэх ба хүрээлэн буй орчин, агаарын тээврийн салбарын эдийн засгийн хөгжил, Ази, номхон далайн бүсийн төвөөс явуулж буй арга хэмжээ, хэрэгжилт, гэсэн сэдвээр ярилцсан байна.

 

 Агаарын навигацийн чиглэлээр манай улсаас “Бүсийн Нисэхийн мэдээллийн менежментийг сайжруулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлжээ. Энэ асуудал цаг үеэ олсон чухал сэдэв болж чадсаныг хурал даргалагчийн зүгээс үнэлж Монголын талын нисэхийн мэдээллийн менежментийн талаарх амжилтаас бусад улс орнууд туршлага судлан хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг хуралд оролцогчдод хэлсэн байна.

 

Бүс нутаг дахь хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд “Нислэгийн журам зохиолт” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийгдсэн. Энэ хөтөлбөр анх 2009 онд хэрэгжиж эхлэхэд манай улс хамрагдаж, хүний нөөцөө чадавхижуулахад ихээхэн үр дүнгээ өгчээ. Хөтөлбөрийн 2 дугаар шат 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017 онд дуусна. Дээрх хөтөлбөрийн эхний шатанд манай улс идэвхитэй гишүүнээр оролцож байсан бол 2 дугаар шатанд хэрэглэгч гишүүнээр орсон байна. Төслийн хүрээнд зохиогдсон хүний нөөцийг бэлтгэх сургалт, семинаруудад нийт 26 улсын 1200 орчим ажилтнууд хамрагджээ.

 

Агаарын тээврийн салбарын  эдийн засгийн хөгжлийн талаарх сэдвийн хүрээнд Агаарын тээвэрлэгчдийн олон улсын холбоо /IATA/ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас агаарын навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний төлбөр хураамжийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

 

Энэ нь манай улсын төлөөлөгчдийн хувьд хамгийн анхаарал татсан сэдэв байжээ. Тухайлбал, агаарын тээврийн зорчигч урсгал, хурдацыг хангасан нисэх буудлын үйлчилгээ, тэр дундаа зорчигч өөрөө бүртгэх бүртгэлийн систем, өөртөө үйлчлэх үйлчилгээний чиг хандлагын талаарх ярилцлага нь  манай улсын Засгийн газраас тавьж буй зорчигчдод шуурхай үйлчилж, нэвтрүүлэх гэсэн зорилттой нийцэж байсан талаар төлөөлөгчид ярилаа.

 

Орчин үеийн мэдээллийн технологийг ашигласан төхөөрөмжүүдийн тусламжтайгаар зорчигч өөрөө өөртөө бүртгэл хийх, тээш бүртгэх зэрэг ажлуудыг хийснээр нисэх буудлуудын үйлчилгээний хувьд шинэчлэл болох юм байна.

 

Ази номхон далайн бүсийн улс орнуудын Иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын дээрх чуулга уулзалтын хүрээнд ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид Японы Газар, дэд бүтэц, тээвэр ба жуулчлалын яамны төлөөлөгчидтэй мөн уулзалт хийсэн. Энэ үеэр Японы төлөөлөгчдийн тэргүүн ноён Хисатака Япон Монголын харилцаа олон жилийн баялаг түүхтэйг онцлоод ялангуяа агаарын тээврийн салбарт эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.  Түүнчлэн саяхан Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг цааш хэрхэн гүйцэтгэх асуудал хөндөгдсөнийг дурдаад өөрсдийн зүгээс ИНЕГ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

 

ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа Монгол-Японы хамтын ажиллагаа шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт, иргэний нисэхийн чадавхийг сайжруулах чиглэлүүдээр хөгжиж байгааг дурдаад, шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх бэлтгэл ажилд агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах саналыг танилцуулсан байна. Ноён Хисатака энэ талаар мэргэжлийн байгууллага, албаны хүмүүстээ үүрэг өгч мэдээлэл солилцох, хамтарч ажиллах чиглэлийг судлан хариу өгөхөө илэрхийлжээ.

 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нь АНУ руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаатай холбогдуулан, Монгол Улс АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (FAA)-аас хийх Аюулгүй ажиллагааны аудит шалгалтанд хамрагдаж САТ 1 эрх авах бэлтгэл ажил, мөн Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор АНУ-ын төлөөлөгчидтэй мөн тусгайлсан уулзалт хийсэн байна. ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын ИНЕГ-ын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нарын ур чадварыг сайжруулах, дадлага туршлага эзэмшүүлэх үүднээс FAA-ээс нислэгийн үйл ажиллагааны болон нислэгт тэнцэх чадварын хяналтын байцаагчийг Монголын ИНЕГ-т богино хугацаагаар (1-2 сар) томилон ажиллуулж, туршлага хуваалцах талаар хүсэлт тавьсан. АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас хамтран ажиллахад бэлэн байгаагааа илэрхийлж  FAA-ын байцаагчаар ажиллаж байсан  туршлагатай мэргэжилтнүүдийг  олж зуучлаж өгөх талаар харилцан тохиролцжээ.

 

Иргэний нисэхийн эрх зүйн тогтолцоог сайжруулах, нисэхийн аюулгүй ажиллагааны байнгын хяналт тавих аргачлал, байцаагч нарын гарын авлага, заавар журмуудыг сайжруулах зорилгоор Шинэ Зеланд улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, төлөөлөгчидтэй мөн уулзалт хийлээ. Монгол Улс нь иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааны цар хүрээ, үзэл баримтлалын чиглэл ижил төстэй байдлыг харгалзан Шинэ Зеландын иргэний нисэхийн багц дүрмүүдийг 1999 онд үндэсний иргэний нисэхийн дүрэм боловсруулахад загвар болгон ашиглаж, үйл ажиллагааны дотоод журам заавар боловсруулахад хамтран ажиллах, аудитад бэлтгэх ажилд дэмжлэг туслалцаа авах зэргээр хамтран ажиллаж ирсэн юм. Энэхүү уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, иргэний нисэхийн багц дүрмийг шинэчлэн боловсруулах, холбогдох зөвлөмжийн цуврал, маягтуудыг боловсруулах, сайжруулах, байцаагчдын гарын авлага, заавар журмуудыг сайжруулахад техникийн туслалцаа авах талаар ярилцаж, Шинэ Зеландын тал Монголын ИНЕГ-ын ажилтнуудыг Шинэ Зеландын ИНЕГ-т дадлагажуулах, дүрэм боловсруулах болон бусад үйл ажиллагааны баримт бичигтэй танилцаж, хамтран ажиллах ажлын гэрээг байгуулах санал дэвшүүлж, хоёр тал санал нэгджээ.

 

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонг-Конгийн иргэний нисэхийн байгуулагын дарга ноён Норман Ло-той ИНЕГ-ийн дарга Г.Нямдаваа уулзах үеэрээ Хонгконгийн иргэний нисэхийн байгууллагын холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн хамгаалалт  болоод нисэхийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар сонирхож, инженер техникийн ажилтнуудын сургалт, үнэмлэхжүүлэлтийн талаар санал бодлоо солилцжээ. Дээрх уулзалтын үр дүнд Хонгконгийн иргэний нисэхийн байгууллага үнэмлэхжүүлэх ажилтнуудын талаар харилцан туршлага хуваалцахаар болсон. Үүний дагуу ноён Норман Ло Хонгконгийн туршлага судлах, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцхээр ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг холбогдох мэргэжилтнүүдийн хамт 2016 оны 1-р сард багтаж Хонгконгт айлчлахыг  уриад байна.

 

Монголын төлөөлөгчид Европын нисэхийн аюулгүй ажиллагааны газрын төлөөлөгчид болох тус газрын Азийн бүсийг хариуцсан захирал ноён Дэвид Уоллер,  Францын иргэний нисэхийн удирдах газрын Азийн бүсийн захирал хатагтай Эмануэла Геллини нартай мөн уулзалт хийсэн. Хатагтай Эмануэла Монгол Улсын иргэний нисэхийн 2-3 байцаагчийг Европын хамгийн нэр хүндтэй иргэний нисэхийн сургалтын байгууллага ENAC-д мэргэжил дээшлүүлэх сургалт дадлагад хамруулах, сургалтыг Засгийн газрын тэтгэлэг эсхүл  эсхүл хямдруулсан зардлаар сургах боломжийг судлаж хариу өгөхөөр боллоо.

 

ИКАО-гийн зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Олумуеива Бернард Алиу, Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Фан Лиу нартай хийсэн уулзалтын үеэр энэ сарын 23-наас 25-ны хооронд Канад улсын Монтреал хотноо зохион байгуулагдах Иргэний агаарын тээврийн дээд хэмжээний форумд ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг биечлэн оролцохыг урьж, форумын үеэр Монгол Улсын ИНЕГ, ИКАО-ийн хамтын ажиллагааны цаашдын төлөв, хэрэгжүүлэх боломжит төлөвлөгөөг хэлэлцэхээр тохирсон байна. “Тогтвортой хөгжлийн төлөөх нисэхийн хамтын ажиллагаа” уриан дор зохион байгуулагдах дээрх форумд Монголын талаас агаарын навигацийн хөгжлийн талаарх илтгэл тавихыг хүссэн байна.

 

Ази Номхон  далайн иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын 53 дугаар ээлжит хурлыг ирэх жил Шри Ланк улсын Иргэний нисэхийн ерөнхий газар зохион байгуулахаар товлогдож Филиппин улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) туг, хурал зохион байгуулах эрхийг Шри Ланк улсад хүлээлгэн өглөө.  Харин 54 дэх удаагийн ээлжит хурлыг манай улс зохион байгуулах эрх аваад байна.

 

 

Ази, Номхон далайн Иргэний нисэхийн байгууллагуудын дарга нарын 54 дэх хурлыг Монголд зохион байгуулна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх