Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн дэд сайд Х.Ержаны Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөн дээр хэлсэн үг

2015/09/15
Зам, тээврийн дэд сайд Х.Ержаны Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөн дээр хэлсэн үг

                                       

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөн

 

2015 оны 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүд

БНСУ, Сөүл хот

Зам, тээврийн дэд сайд Х.Ержаны хэлсэн үг

 

 

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёдоо

 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

 

2016 онд болох Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад зохион байгуулагдахын хувьд миний бие Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс энэ удаагийн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн салбар нэгт эрхэм төлөөлөгчид, эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд хүндэтгэл илэрхийлэн, мэндчилж байна.

           

2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа оролцсоноор Монгол Улс АСЕМ-ын гишүүн болсон билээ. Түүнээс хойш энэхүү Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг хамтын ажиллагааны үйл ажиллагаанд Монгол Улс идэвхитэй оролцож, гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлж байна.

 

Монгол Улс худалдаа тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хүрээнд шинэ төмөр зам барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын боомттой болох, нисэх онгоцны буудал, логистикийн  төв шинээр барих зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлээд байна.

 

Тээврийн салбар нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр ач холбогдолтой болохын хувьд төмөр замын салбарыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод төмөр замын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болохыг зорьж, “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, БНХАУ, ОХУ-ыг холбосон босоо чиглэлийн хоёр шинэ коридор байгуулахаар тусгагдсан байдаг.

 

Ази - Европыг, ОХУ - БНХАУ-ыг холбосон хамгийн дөт төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. ОХУ болон БНХАУ худалдааны эргэлт өсөж байгаа өнөө үед бүс нутгийн логистикийн сүлжээнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн коридорын ач холбогдол нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн тээврийн хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох хүсэлтэй байдаг билээ.

 

Монгол Улсын төмөр замын бодлогын хүрээнд бид томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Шинэ төмөр зам төсөл” юм. Энэхүү төслийн хүрээнд бид шинээр 1800 км төмөр замын сүлжээг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд Таван толгойн ордоос БНХАУ-ын хилийн боомт хүртэл 267 км төмөр замын барилгын ажлыг БНСУ-ын хувийн хэвшлийг оролцуулан амжилттай хэрэгжүүлж хамтран ажиллаж байна.

 

БНХАУ-ын төрийн тэргүүний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ хоорондын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэр дундаа Монгол-Хятадын хооронд төмөр замын шинэ гарцуудыг байгуулах, Монгол Улсын ашиглах далайн боомтын тоог нэмэгдүүлэх, Монголын ачаа, барааг Хятадын нутаг дэвсгэрээр тээвэрлэн  гуравдагч зах зээлд экспортлох урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлийг харилцан тохиролцсон.

Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын болон гуравдагч орны хоорондын тээврийн салбарын харилцаа хөгжих өргөн боломж нээгдэж байгаа бөгөөд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд төмөр замаар тээвэрлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна.

 

Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төмөр замын тээврийн салбар дахь гурван талын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг нэмэгдүүлэх 3 талын уулзалтын байнгын зөвлөлдөх механизмыг 2013 оноос эхлэн бүрдүүлээд байна. Хоёр дахь удаагийн Тээврийн яамдын дэд сайд нарын түвшний гурван талт зөвлөгөөнийг энэ оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулж Монголын талаас санаачилсан “Талын зам” төслийг БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүслүүр” болон ОХУ-ын “Транс-Евразийн хөгжлийн бүслүүр” зэрэг гурван талын санаачилгын хүрээнд хийгдэх тээврийн хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан ойлголцлоо ойртууллаа.

 

Энэ оны 5 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтын үеэр Монгол, Орос Хятад гурван улсын Тээврийн сайд нарын уулзалт зохион байгуулагдсан бөгөөд анх удаа ийнхүү гурван улсын Тээврийн сайд нар нэг дор цугларч тээврийн салбарын хамтын ажиллагаа, төмөр замын дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхэд гурван талт тээврийн салбарын хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрлээ.

 

Мөн, түүнчлэн далайд гарцгүй, өргөн уудам нутагтай Монгол орны хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал ач холбогдолтой салбар юм. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Иргэний нисэхийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор Олон улсын шинэ нисэх буудал барих төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү шинэ нисэх буудал ашиглалтанд орсноор агаарын тээвэр, хурдны зам болон төмөр замын тээврийн зангилаа болохын сацуу олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний логистикийн төв, эдийн засгийн шинэ чөлөөт бүс байгуулагдах зэрэг улс орны хөгжилд томоохон түлхэц болох юм.

 

Эрхэм төлөөлөгчид өө,

 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Евроазийн санаачилга”-ыг Монгол Улс бүрэн дэмжиж ажилладаг билээ.

Евроазийн нутаг дэвсгэрээр дамжин Солонгосын “Бусанаас Европ” хүртэл төмөр зам, авто замын сүлжээ, эрчим хүч, логистикийн дэд бүтэц байгуулах энэхүү санаачилгыг Монгол Улсыг Солонгос Улстай ойртуулах, уул уурхай, эрчим хүчний түүхий эдийн шинэ түнш болох ирээдүйг нээнэ гэж үздэг юм.

Энэ хүрээнд бид төмөр замаар дамжуулан далайн боомтод хүрэх, улмаар гуравдагч заах зээлд гарах, далай-хуурай замын холимог тээврийг хөгжүүлэх, далайн тээврийн салбарын хөгжлийг Монгол Улсад шинэ шатанд гаргахыг зорьж БНСУ-тай далайн тээврийн хамтарсан компани байгуулаад байна.

Евразийн интеграцчлал ийнхүү идэвхитэй өрнөж буй өнөө үед Монгол Улс бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхийлэн оролцох эрмэлзэлтэй байна.

 

Эцэст нь, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гиен Хэ-гийн санаачилсан Евразийн нэгдсэн тээвэр, логистикийн сүлжээ бий болгох хамтын ажиллагааны механизмыг цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх тээвэр, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Энэ удаагийн зөвлөгөөнөөр олон чухал асуудлуудыг хэлэлцэж, зөвлөгөөн үр өгөөжтэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

 

Зам, тээврийн дэд сайд Х.Ержаны Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөн дээр хэлсэн үг  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх