Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-ын “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

2015/06/19
Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-ын “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

 

Их Түмэн санаачилга хөтөлбөр /ИТС/ буюу GTI нь 1995 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-уудын эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

ИТС-ын зүгээс гишүүн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, Тээврийн зөвлөлийг 2009 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Зөвлөх хорооны 10 дугаар хурлаар байгуулсан бөгөөд Зүүн Хойд Азийн тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохицуулалтыг сайжруулах зорилготой Тээврийн зөвлөл нь “Бүсийн тээврийн коридорыг нээн хөгжүүлэх замаар бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, бүс нутгийг тээврийн сүлжээгээр холбогдох боломжийг нэмэгдүүлэх, Зүүн Хойд Ази дах ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх” зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр далайд гарцгүй Монгол Улсыг болон БНХАУ-ын Зүүн Хойд мужийг Номхон далайн боомттой холбох мөн ОХУ-ын Алс Дорнодын болон БНАСАУ, БНСУ-ын Зүүн эргийн боомтуудыг Зүүн Хойд Азийн бүс нутгийн тээврийн сүлжээтэй холбох чухал ач холбогдолтой юм.

ИТС-ын Бүсийн тээврийн стратеги болон Тээврийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Их түмэн бүс нутагт тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, хямд, үр өгөөжтэй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх бодитой арга зам гэж дэмжсэн болно.

 

Тус стратегид 5 бодлогын чиглэлийг тодорхойлсон бөгөөд үүнд:

1. Их түмэн бүс нутгаар холбогдох:Их Түмэн Бүсийн эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангахын тулд ИТС-ын гишүүн орнууд “хэн хэндээ ашигтай байх” зарчмыг баримтлан хоорондоо тээврийн сүлжээгээр холбогдох нөхцөлийг нэмэгдүүлэх,

2.  Дэд бүтцийг сайжруулах: ачаа барааг саадгүй тээвэрлэх зорилгоор тээврийн коридоруудад үр өгөөжтэй тээвэрлэлт болон худалдааг хөнгөвчилсөн дэд бүтцийг бий болгох,

3.  Програм хангамжийн дэмжлэг үзүүлэх: тээврийн коридоруудын үйл ажиллагааг тогтвортой, зөв зохистой явуулахын тулд үр ашигтай Засгийн газар хоорондын хил дамнах эрх зүйн орчинг бүрдүүлэх,

4.  Коридорын удирдлага: Тээврийн коридоруудыг амжилттай хөгжүүлэхэд хүчтэй менежментийн бүтцийг бий болгох,

5.  Хувийн хэвшлийн оролцоо: Тээврийн коридоруудыг хөгжүүлэх үйл явцад хувийн хэвшлийг аль болох татан оролцуулах тухайлбал төслийг тодорхойлох, төлөвлөх, санхүүжилт босгох, үйл ажиллагаа болон мониторинг зэрэгт оролцох.

 

Тус стратегийн  үйл ажиллагааны төлөвлөгөөнд монголын талаас Түмэн коридор болох Хөөт-Сүмбэр чиглэл, Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын сэргээн засварлах ажлууд болон Зүүн Монголын бүс нутгийн нүүрсийг Зүүн Хойд Азийн зах зээлд гаргах зэрэг асуудлууд орсон байдаг.

ИТС-ын Бүсийн тээврийн стратеги болон ИТС-ын Тээврийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Түмэн коридорын чиглэлд  Улаанбаатар – Өндөрхаан – Баруун Урт –Бичигтийн авто замын чиглэл, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” –ын хүрээнд Сайншанд – Баруун Урт – Хөөт –Бичигтийн төмөр замын чиглэлүүдийг Тээврийн зөвлөлийн 3 дугаар хурлаар тус тус нэмж тусгуулсан.

Уг чиглэлүүд нь БНХАУ-ын ӨМӨЗО-ыг дайран Зинжоу (Jinzhou) болон бусад Зүүн хэсгийн боомтууд руу хүрч, далайд гарах гарцыг шинээр нээх чухал ач холбогдолтой юм.

Мөн Монгол Улс Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын чиглэлийг Их Түмэн коридорт нэмж оруулах саналыг мөн дэвшүүлсэн. Ингэснээр зүүн босоо тэнхлэг бий болж хоёр хөрш орныг холбосон транзит тээврийн нэг чухал үндсэн чиглэл болох боломжтой.

ИТС-ын Бүсийн тээврийн стратегийн Бодлогын чиглэл 1-т “Их Түмэн Бүсийн эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангахын тулд ИТС-ын гишүүн орнууд “хэн хэндээ ашигтай байх” зарчмыг баримтлан хоорондоо тээврийн сүлжээгээр холбогдох нөхцөлийг нэмэгдүүлэх” гэж заасан. Үүний дагуу Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэлийн ач холбогдолтой дээрх авто зам, төмөр замын чиглэлүүд нь Зүүн Хойд Азийн тээврийн нэгдсэн сүлжээний нэг хэсэг болж бүс нутгийн ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж улмаар нийгэм, эдийн засгийн чухал хэсэг болж хөрш орнууд болон бусад орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой юм.

ИТС-ын гишүүн орнууд 2014 онд /Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Экзим банк, БНСУ-ын Экзим банк, ОХУ-ын Внешэконом банк/ ЭКЗИМ банкны холбоог байгуулсан бөгөөд энэхүү холбоо нь тухайн гишүүн улсын санал болгож буй төсөлд үнэлгээ хийж,  санхүүжүүлэх эсэхийг тодорхойлдог.

Одоогийн байдлаар Хөгжлийн банк монголын талаас нийт 8 төслийг санал болгоод байгаа бөгөөд энэ оны 6 дугаар сард болох Тээврийн 5 дугаар хурлаар танилцуулах юм.

Анхдугаар Тээврийн зөвлөлийн хурлыг БНСУ-д хийж байсан бөгөөд Англи хэлний үсгийн дарааллаар жил бүр тухайн улс даргалан, зохион байгуулж байхаар тохирсон. 2014 онд БНХАУ-д зохион байгуулагдсан бөгөөд тус хурлын мэдээллээс үзэхэд тус арга хэмжээнд гишүүн улсуудын болон бусад хамтрагч байгууллагын нийт 30 орчим төлөөлөгч оролцсон.

Энэхүү хөтөлбөрийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар хурлыг 2015 онд Монгол Улсад зохион байгуулах саналыг Тээврийн зөвлөлийн 4 дүгээр хурлаар монголын талд санал болгосныг хүлээж аваад Их Түмэн бүс нутгийн далай-хуурай замын холимог тээврийн хөгжүүлэх нь сэдэвт семинарыг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

 

 

 

Их Түмэн санаачилга хөтөлбөр /ИТС/-ийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар их хуралд оролцсон төлөөлөгчид

 

Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн болно.
 

  • Их Түмэн бүс нутгийн далай-хуурай замын холимог тээврийг хөгжүүлэх нь сэдэвт семинарын хүрээнд:

1.            Их Түмэн бүс нутгийн далай-хуурай замын холимог тээврийн өнөөгийн байдал болон бэрхшээлүүдийн талаар:

-     Зүүн Хойд Азийн далай-хуурай замын чиглэлүүдэд үнэлгээ хийсэн судалгааны ажлын үр дүн,

-     Туршилтын тээвэрлэлт болон түүний үр нөлөө Ерина-Суйфенхө хотын хамтарсан судалдааны үр дүн,

-     Приморский бүс нутгийн далайн боомтоор дамжуулан далай-хуурай замын тээвэрлэлтийн тухай,

-     ИТС-ын орон нутгийн хамтын ажиллагааны хорооноос логистикийн хороо байгуулах төслийг танилцуулсан,

-     Их Түмэн бүс нутгийн хүрээнд далай-хуурай замын тээвэрлэлтийн бусад холбогдох асуудлуудыг хөндөн хэлэлцүүлэг хийсэн.

 

2. Далай-Хуурай замын холимог тээврийг хөгжүүлэх арга хэмжээний талаар:

-    Боомт дээрх гарч буй логистикийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам Германы хамтын ажиллагааны байгууллагын хийсэн ажлаас танилцуулсан.

-    Тээврийн коридоруудыг хөгжүүлэх замаар Зүүн Хойд Ази болон Монгол Улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр Монголын талаас Д.Готов Професор, ЗТЯ-ны ДУЗТХ-ийн дарга Р.Мэргэн нар илтгэл тавилаа.

-     Их Түмэн бүс нутгийн хүрээнд далай-хуурай замын тээвэрлэлтийн бусад холбогдох асуудлуудыг хөндөн хэлэлцүүлэг хийсэн.

 

  • Тээврийн зөвлөлийн 5 дугаар хурлын хүрээнд:

1. Тээврийн салбарын ИТС-ын үйл ажиллагааны явцын талаар ИТС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас танилцууллаа,

2. Зүүн Хойд Азийн ЭКЗИМ банкны холбооны үйл ажиллагааны явцын талаар танилцуулав,

3. Их Түмэн бүс нутгийн Тээврийн стратегийн үйл явцын талаар гишүүн орон тус бүр танилцуулна. Монголын талаас ЗТЯ-ны СБТХАГ-ын ахлах мэргэжилтэн Б.Оюундэлгэр танилцуулсан болно,

4. Ражин-Хасан төмөр зам, боомтын судалгааны төслийн үр дүнг танилцуусан, үүнд:

  • Их Түмэн тээврийн коридорын тээврийн хэмжээ, далайн тээвэрлэлтийн үнэ өртгийн талаар  урьдчилсан тооцоо,

5. Их Түмэн бүс нутгийн далай-хуурай замын холимог тээврийг хөгжүүлэх сэдэвт семинарын үр дүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж ИТС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулахаар тохиролцлоо.

6. 2015-2016 оны хооронд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг гишүүн орон тус бүр танилцуулж, электрон шуудангаар харилцан санал солилцон, эцэслэн шийдвэрлэхээр тохиролцов.

7. Тээврийн зөвлөлийн 6 дугаар хурлын даргалагч орноор Бүгд Найрамдах Солонгос Улсыг сонгож, Инчеон хотод 2016 оны 06 дугаар сард хуралдахаар шийдвэрлэв.

 

Тус хурлын хоёрдох өдөр Техникийн аялал зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын төсөлтэй танилцах аялалыг ЗТЯ-наас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

 

 

Их Түмэн санаачилга хөтөлбөр /ИТС/-ийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар их хуралд оролцсон төлөөлөгчид Чингисийн хөшөөг үзэж сонирхов.

 

 

Их Түмэн санаачилга хөтөлбөр /ИТС/-ийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар их хуралд оролцсон төлөөлөгчид Их Майдар төсөл ирээдүйн Майдар хотын ажил байдалтай танилцав.

 

 

Их Түмэн санаачилга хөтөлбөр /ИТС/-ийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар их хуралд оролцсон төлөөлөгчид Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн явцтай танилцав.

 

 

 

Их Түмэн санаачилга хөтөлбөр /ИТС/-ийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар их хуралд оролцсон төлөөлөгчид Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн явцтай танилцав.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-ын “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн Тээврийн зөвлөлийн 5 дугаар хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх