Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Н.БУДБАЯР: БОЛОВСОН ХҮЧНЭЭ БОДЛОГООР БЭЛДЭХГҮЙ БОЛ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ГҮЙЦЭХГҮЙ ШАХАМ БОЛЧИХООД БАЙНА

2024/05/30
Н.БУДБАЯР: БОЛОВСОН ХҮЧНЭЭ БОДЛОГООР БЭЛДЭХГҮЙ БОЛ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ГҮЙЦЭХГҮЙ ШАХАМ БОЛЧИХООД БАЙНА

Тавантолгой төмөр зам компанийн Зүтгүүр болон Вагон депо, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв/ТНАЛТ/-ийн нээлт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд даваа гарагт болсон. Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Тавантолгой төмөр зам компанийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар оролцсон юм. Тус компанийн Зүтгүүр болон Вагон депо, ТНАЛТ, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболт зэрэг асуудлаар Гүйцэтгэх захирал Н.Будбаяртай ярилцлаа.

-Тавантолгой төмөр зам компани шинээр авсан зүтгүүрүүдээ өнөөдөр/05.27/ хөдөлгөөнд орууллаа.  Эдгээр зүтгүүрүүдийг аль улсаас авсан юм бэ?

-Тавантолгой төмөр зам компани 2018 онд анх байгуулагдсан. Ингээд улсдаа хамгийн том бүтээн байгуулалт болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн захиалагчаар  ажиллаад ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Энэ төслийн нэг багц нь зүтгүүр нийлүүлэх ажил байгаа юм. Нийтдээ 16 зүтгүүр, 811 вагон нийлүүлэгдэх учиртай. Вагоноо бүрэн авч дууссан. Одоогоор зургаан зүтгүүр ирсэн. Үлдсэн нь АНУ-аас тээвэрлэгдээд ирж байгаа.

-Яагаад АНУ-ын компанийн зүтгүүрийг сонгосон юм бэ?

-“Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын 16 зүтгүүр авч байгаа. Энэ компанийн үйлдвэрлэдэг зүтгүүр илүү хүнд даацынх байдаг. АНУ-д энэ талын стандарт их өндөр байдаг. Голын даац нь 25 тонн. Дэлхий даяар нийт 67 улсад энэ төрлийн зүтгүүр нийлүүлэгдсэн байдаг юм билээ. Манай ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернешнл” компани судалгаа хийж, харьцуулж үзээд энэ компанийг сонгосон. Одоо Улаанбаатар төмөр зам компанийн зүтгүүрүүд 50 орчим вагон чирэх хүчин чадалтай бол энэ төрлийн зүтгүүр дангаараа 60 орчим ачаатай вагон чирнэ. Хоёр зүтгүүр нийлээд 100 гаруй вагон чирнэ гэсэн үг. Бид туршалтын хугацаанд тормозны системийг нь шалгаж байна. Монгол Улсад хамгийн ихдээ 7000 тонныг нэг удаадаа чирсэн байдаг. Харин үүнийг 8-9 мянга болгохоор төлөвлөн ажиллаж байна.

-Нэг зүтгүүр хэчнээн төгрөгийн үнэтэй вэ?

-Орос зүтгүүр дунджаар гурван сая орчим ам.доллар байдаг бол энэ зүтгүүр тээврийн болон бусад зардлууд нэмэгдэж байгаа. Усан онгоц, автомашин, төмөр зам дамжиж байж ирж байгаа юм. Энэ бүр дээр өртөг нэмэгдэнэ. Ингээд тооцохоор нэг нь дөрвөн сая орчим ам.долларын өртөгөөр орж байгаа.

-Зүтгүүрийн болон Вагон депо нээлтээ хийлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Зүтгүүр болон вагонд урсгал болон дунд засваруудыг хийх бүрэн боломжтой болсон. Зөвхөн Тавантолгой төмөр замын зүтгүүр гэхгүй манай улсад явж байгаа бүхий л зүтгүүрүүдийн урсгал засварын хийхээр төлөвлөж байгаа. Манайд Орос, Хятад, Казахстанаас зүтгүүрүүд ирдэг. Одоо Америк зүтгүүр орж ирлээ. Ингэснээр манай улсын хөдлөх бүрэлдэхүүн үндсэндээ хангагдаж байгаа юм. Харин манай улсын гол зам дээр нийтдээ 12-13 мянган вагон явж байна. Тэгэхээр энэ олон вагонд 2-3 засварын депо байгаа нь хангалтгүй. Ер нь вагонд тодрхой хугацаанд, жил тутам засварууд хийдэг. Шинэ депо маань жилд өдөрт зургаан вагонд засвар хийх хүчин чадалтай гэхээр жилдээ 1500 орчимд засвар хийнэ гэсэн үг. Ингээд бодохоор цаашдаа ч вагон депонууд хэрэгтэй.

-Шинэ ажлын байрууд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч боловсон хүчний асуудал гарах болов уу гэж бодож байна. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд шинээр 1000 гаруй км төмөр зам тавьсан. Үүнээс Тавантолгой төмөр зам 233 км нэгдүгээр зэрэглэлийн төмөр замтай болсон. Нэг үгээр төмөр зам хоёр дахин нэмэгдсэн ч хүний нөөц ингэж нэмэгдэж чадаагүй. Тиймээс хүний нөөцийн хомсдолд орж эхэлж байна. Дээрээс нь төмөр замын салбар маш их өсөлттэй яваа учраас хүний нөөцийн өсөлт, хөгжил тулгамдсан асуудал болж байгаа. Тиймээс үүнийг шийдэх гарц гаргалгаануудыг эрэлхийлж, бизнес төлөвлөгөөндөө ч хэд хэдэн зүйлийг тусгаж, бүтцийн зохион байгуулалтын асуудал ч яригдаж байна. Шинэ төгсөж байгаа мэргэжилтнүүд дагалдаж ажиллаж байгаа ч шинэ үеийн хөгжил дэвшлийн хурдтай энэ үед гадаад, дотоодод боловсон хүчин бэлтгэх шаардлагатай. Тийм ч учраас Тавантолгой төмөр зам компани гаднын 2-3 байгууллагатай гэрээлж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, богино хугацааны сургалтууд хийлгэхээр санамж бичгүүд байгуулсан. Төмөр замын дээд сургуулийг жилдээ 500 орчим хүн төгсөж байгаа. Үүнээс гадна 3-4 Мэргэжил сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн хэдий ч яг мэргэжлээрээ ажилладаг нь цөөхөн байна. Гэтэл манай компанийн хувьд л гэхэд одоо 700 гаруй ажилтантай ч ирэх жилүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдэхээр байгаа. Үүний шийдэл нь боловсон хүчнээ бодлогоор бэлдэхгүй бол бүтээн байгуулалтаа гүйцэхгүй шахам болчихоод байна.

-Салбар яам, Засгийн газраас боловсон хүчний асуудалд анхаарал хандуулж байна уу?

-Хандуулалгүй яах вэ. Зам, тээврийн хөгжлийн сайдын тэтгэлэгт хөтөлбөр ноднин зарлагдаж, 100 оюутан хамрагдсан. Үүндээ төгсөх ангийн оюутнуудыг түлхүү хамруулах чиглэл барьж байгаа.

-Тавантолгойн нүүрс ачих логистик төв/ТНАЛТ/-ийн нээлт мөн өнөөдөр/05.27/ боллоо. Энэхүү төвийн зориулт, хүчин чадлын талаар мэдээлэл өгөөч?

-Төмөр зам тавигдсан л бол түүн дээгүүр ачаа тээвэр тогтмол явж байж үнэ өртөгөө нөхдөг. Хуучин манай улс 1100 орчим км төмөр замтай байсан бол өнгөрсөн онуудад энэ хэмжээний төмөр замыг шинээр тавьсан. Ингэхдээ анхнаасаа эдгээр төмөр замаар хэдий хэмжээний ачаа тээвэрлэгдэх вэ гэдгийг ТЭЗҮ-дээ тусгаж өгдөг. ТЭЗҮ-д тусгаснаар манай Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн 233 км нэгдүгээр зэрэглэлийн төмөр замаар жилдээ 30-50 сая тонн ачаа тээвэрлэгдэнэ. Одоо барилга угсралтын ажил нь үндсэндээ дуусч байна. Таны асуусан ТНАЛТ гэсэн том төсөл маань Тавантолгойн нүүрсийг буталж, ангилж, конвероор зөөгөөд вагон дээр ачих юм. Ер нь энэ төслийн хүчин чадлаас төмөр замын хүчин чадал шууд хамаарч эхэлж байгаа. Тиймээс энэ бүтээн байгуулалтуудыг цогцоор нь ашиглалтад оруулж байгаа нь Монгол Улсын, Засгийн газар, ЗТХЯ-ны бодлого зөв явж байгаа, УУХҮЯ-тайгаа нэгдэж ажиллаж байгаагийн тод жишээ гэж харж байна. ТНАЛТ төсөл жилдээ 20 сая тонныг ачих хүчин чадалтай. Харин төмөр замаар 30-50 сая тонныг тээвэрлэнэ. Учир нь хил холболтоо хийчих юм бол энэ хэмжээний ачааг гаргаад байх боломжтой болно. Тэгэхээр эхний ээлжинд ТНАЛТ-өөр ачиж 20 саяыг гаргана. Хажуугаар нь чингэлэг өргөгчөөр одоо тээвэрлэж байгаа жишгээрээ 10-аад сая тонныг экспортлоно. Ингээд бид 30 саядаа тулах үед хил холболт маань баригдаж, дараагийн нэмэлт ачаа тээврийг хийж эхэлнэ. Энэ утгаараа маш их ач холбогдолтой төсөл юм. ТНАЛТ төслийн хүрээнд вагонд нүүрс ачих процессийг автоматжуулж байна. Хүний оролцоог багасгаж, техник технологийн сүүлийн үеийн дэвшлийг оруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн хугацааг уртасгаж байгаа. Өнөөдөр нэг цуваа буюу 100 чингэлэг ачсан 50 вагонд ачилт хийхэд нэг чингэлэгийг 2-3 минут зарцуулдаг. Үндсэндээ нэг цувааг бүрэн ачихын тулд багадаа 3-4 цагийг зарцуулдаг. Харин энэ төсөл ашиглалтад орсноороо 1.5 цагт цэг цувааны ачилтыг бүрэн хийнэ. Бүрэн автомат учраас илүү нарийвчлалтай болж, илүү тодорхой болж байгаа юм.

-ТНАЛТ төслийн өртөг хөрөнгийг хэрхэн шийдсэн бэ?

-ТНАЛТ төсөл хоёр үе шаттай. Нийтдээ 314 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл. Санхүүжилтийг нь Эрдэнэс Тавантолгой компаниас бүрэн шийдэх Засгийн газрын тогтоолтой. Харин Тавантолгой төмөр зам компани захиалагчийн хяналт тавьж, гүйцэтгэгч компанид хийсэн ажлынх нь гүйцэтгэлийн хувиар мөнгийг нь гэрээний дагуу олгоод явсан.

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийн асуудал бүрэн шийдэгдсэн үү. Бүтээн байгуулалт хэзээнээс эхлэх вэ?

-Ноднин жилийн долдугаар сарын 7-нд УИХ-ын, наймдугаар сарын 10-нд Засгийн газрын тогтоол гарч, хил холболтын болон дэд ажлын хэсгүүд, Тавантолгойн нүүрс олборлох, худалдах, худалдан авахтай холбоотой Ажлын хэсгүүд байгуулагдсан. Хил холболтын ажлын хэсгийн ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд ахалж, Хятадын талтай хэлэцээр байгуулсан. Ер нь их богино хугацаанд цахим болон биечилсэн уулзалтуудыг Улаанбаатар, Бээжинд хийж, их амжилттай ажилласан. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд Хятадын тал манайд ирж, хоёр улсын Засгийн газрын түвшинд хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг байгуулсан. Өмнө нь хоёр тал холбоно оо л гээд яваад байсан. Тэгвэл энэ хэлэлцээр байгуулагдсанаар холбох нь тодорхой болж байгаа юм. Одоо бол барилга угсралтын ажлын хэлэлцээрүүд явж байна. Засгийн газраас холбогдох тогтоол, шийдвэрүүд гарч, Ерөнхий сайдаас албан даалгавар гарсан. Үүгээрээ энэ оны хагас жилд багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлэх чиглэл өгсөн. Хятадын талтай хэлэлцээр хийнэ гэдэг чинь хоёр улсын бодлого зохицож байх ёстой байдаг. Хилийн шугам дээр хүмүүсээ хэрхэн ажиллуулах, тоног төхөөрөмж, материалуудаа яаж оруулах юм гээд олон асуудал бий. Тиймээс энэ ажилд оролцоогүй хүн гэж бараг байхгүй гэж ойлгож болно.

-Тэгэхээр 868 тэрбум төгрөг нэмэгдэж, хасагдах магадлалтай гэсэн үг үү?

-Бид дундажлаад урьдчилсан байдлаар гаргачихсан байгаа. Харин барилгын ажлуудаа илүү нарийвчлаад тооцоод ирэхээр төсөв нь бага зэрэг нэмэгдэх, эсвэл багасах зэргээр хэлбэлзэл гарч магадгүй. Мэдээж манай төрийн байгууллагууд хянаж байгаа учраас үүн дээр маш нягт нямбай ажиллах байх. Гол замынх нь нийт урт 8.7 км. Харин салбар замуудаа тооцох юм бол 12-13 км төмөр зам болж байгаа юм. Өргөн, нарийн хоёр царигтай. Хоёр царигаар хил дамнаж гарна гэсэн үг. Дээрээс нь стакадан гүүрэн байгууламжаар хилээ гарна. Энэ гүүр урд нь манайд огт баригдаж байгаагүй. Өндөр нь 33 орчим метр буюу 10-11 давхар байшингийн өндөртэй байх юм. Нэг зураг төслөөр баригдаж байгаагийн давуу тал нь хоёр талын буулгалтын байгууламж нь ямар байх вэ, эрчим хүчний ажил, дохиолол хамгаалалт нь ямар вэ гэдэг нь тодорхой байна.

-Тавантолгой төмөр зам компани одоо байгаа дээрээ нэмээд шинээр төмөр зам барьж байгуулах уу?

-Манай компани 2030, 2050 гэсэн бизнес төлөвлөгөөтэй явж байна. Үүний хүрээнд төлөвлөлтүүд хийгдсэн. Эхний ээлжинд хил дамнасан төмөр замын төсөл маань гэрээнийхээ түвшинд явж байна. Барилга угсралт хийгдээд хоёр жилийн дараа ашиглалтад орсноор манай үйл ажиллагаа хамаагүй сайжирна. ЗТХЯ-наас Тавантолгой төмөр замыг баруун босоо төмөр замтай холбох буюу Тавантолгой-Даланзадгад-Шивээ-Хүрэн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ ажлыг манай компанид даалгасан. Тиймээс урьдчилсан судалгаанууд хийгдээд явж байна. Ирэх 2026 ондоо багтаан судалгаа, урьдчилсан ТЭЗҮ-ийг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Та ноднин жилийн долдугаар сард томилогдож байсан. Өнгөрсөн хугацаанд ямар, ямар ажлуудыг амжуулсан байна вэ?

-Ноднингийн долдугаар сарын 7-нд анх ажлаа аваад компанийн санхүү, тээврийн үйл ажиллагаатай танилцсан. Санхүүгийн хувь 1.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, тээвэр эхлээд удаагүй, гол төслүүд удаашралтай, гацаанд орчихсон байсан. Харин ажил хүлээж аваад төслүүдээ дуусгах, тээврийн үйл ажиллагааг сэргээх, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлт зэрэг бодлогуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, санхүүг сайжруулах, хүний нөөцийн оновчтой бодлого барьж ажиллах гэсэн чиглэлүүдээр ажилласан. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдаас орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах чиглэл өгч, төлөвлөгөө гаргаад ажилласан. Үүний үр дүнд ноднин жил хийсэн нийт тээвэр буюу 1.4 сая тонн бүтээгдэхүүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 30 гэхэд тээвэрлэсэн. Одоо сар, улирлын төлөвлөгөөнүүдийг дандаа давуулан биелүүлж байна. Шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулсан. Өнгөрсөн 10 дугаар сараас төмөр замаас автомашинд шилжүүлэн ачаад хил гарах экспортыг эхлүүлсэн. Ингэснээр экспортын хэмжээ 2-3 дахин нэмэгдэх бололцоо нээгдсэн. Ер нь анх ажил хүлээж авсан болон өнөөдрийн нөхцөл байдал хоёр хоорондоо тэнгэр, газар шиг ялгаатай болсон гэж хэлж болно. Мөн хоёрдугаар сард цалингаа нэмж, нэмэлт урамшууллыг асуудлыг шийдсэн.

ЭХ СУРВАЛЖ:  ӨДРИЙН СОНИН

Н.БУДБАЯР: БОЛОВСОН ХҮЧНЭЭ БОДЛОГООР БЭЛДЭХГҮЙ БОЛ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ГҮЙЦЭХГҮЙ ШАХАМ БОЛЧИХООД БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook