Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Журмын төсөлд санал авч байна

2023/11/08

Монгол улсын Засгийн газрын 

2023 оны .... дугаар сарын … -ны 

өдрийн ... дугаар тогтоолын хавсралт

АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫГ

ХАЙХ, АШИГЛАХ ЖУРАМ

                Нэг. Нийтлэг үндэслэл

  • Журмын зорилго нь улсын эдийн засаг нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг саадгүй, шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
  • “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн 3.3-т заасан Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  • Зарим төсөл хөтөлбөр гэдэгт дараах төсөл хөтөлбөрийг хамруулна.

1.3.1 Улсын эдийн засаг нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц барих, засварлах

1.3.2 Олон улс болон улс, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж барих, засварлах

  • Зарим төсөл хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа энэ журмын 1.3-т заасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хуулийн этгээдэд нийслэл, аймаг, сумын Засаг дарга олгоно.

                Хоёр. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахад тавигдах шаардлага

2.1.     Зарим төсөл хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахад дараах шаардлагыг хангасан байна.

2.1.1 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, уг зориулалтаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эхэлж гаргасан этгээдийн талбайтай давхцаагүй байх.

            2.1.2 Тухайн төсөлд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах талбай нь Газрын тухай хуулийн 16.1.1, 16.1.3, 16.1.4-т зааснаас бусад улсын тусгай хэрэгцээний газар, ердийн ба стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон газар, нөөцөд авсан талбайтай давхацсан байж болно. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөн ашиглах асуудлыг шийдвэрлэнэ.

            2.1.3 Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн хэмжээ нь тухайн авто зам, замын байгууламж болон төмөр замын зураг төсөлд тусгагдсан түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөл, тоо хэмжээтэй уялдсан байх.

2.1.4 Төсөлд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөл, хэмжээ нь тухайн авто зам, замын байгууламж болон төмөр замын зураг төсөл, техникийн шаардлагад нийцсэн, ашиглалтын талбайн тоо, талбай хоорондын зай, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх.

                Гурав. Нутгийн өөрөө удирдах болон Захиргааны байгууллагын бүрэн эрх

3.1.      Нийслэл, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

           3.1.1 Орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн ажлын явцад байгаль орчин, түүх, соёлын өвийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.

            3.1.2 Энэ журмын 1.3-т заасан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг журмын 5.2-т заасан хэмжээнд багтаан тогтоох.

3.2.      Нутгийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

3.2.1 Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрлийг тухайн авто зам, замын байгууламж болон төмөр замын ажлын гүйцэтгэгчийн хүсэлт, Захиалагчтай байгуулсан гэрээ болон санал, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, зураг төслийг үндэслэн журмын 2.1.3-т заасан шаардлагын дагуу ажлын 14 хоногт багтаан олгох.

3.2.2 Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хууль тогтоомж, энэ журамд заасан хэмжээгээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх.

3.2.3 Ашиглалтын явцад түгээмэл тархацтай ашигт малтмалыг зүй зохистой ашиглах, түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.

                Дөрөв. Түгээмэл тархацтай материал ашиглагчийн эрх үүрэг

4.1 Зөвшөөрөгдсөн талбайгаас ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвхөн энэ журмын 1.3-т заасан авто зам, замын байгууламж болон төмөр замын зураг төсөлд заасан төрөл, тоо хэмжээгээр олборлоно.

4.2   Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаандаа байгаль орчин, түүх, соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангаж, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг хэрэгжүүлэн ажиллана.

4.3 Төсөл хөтөлбөрийн зураг төсөл, байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн үнэлгээ, археологи, палентологийн тайлан зэрэг шаардлагатай мэдээллээр эрх бүхий Төрийн байгууллагыг хангана.

4.4 Ашиглалтын болон нөхөн сэргээлтийн ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу хийж, холбогдох мэдээ, тайланг нутгийн захиргааны байгууллага болон Захиалагчид гарган ирүүлнэ.

4.5 Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайд зохих шаардлагын дагуу нөхөн сэргээлтийг хийж, орон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

                Тав. Төлбөр тооцох, төлөх

5.1 Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан хэмжээг тухайн авто зам, замын байгууламж болон төмөр замын зураг төсөлд тусгагдсан ажлын тоо хэмжээнд үндэслэн тогтооно.

Ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээг тухайн авто замын барилгын ажилд техник технологийн хяналтыг гүйцэтгэж байгаа Зөвлөх компани баталгаажуулна.

5.2 Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч 100 хүртэл төгрөг, бусад санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэж байгаа авто зам болон төмөр замын барилгын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч 5000 хүртэл төгрөг байна. 

            5.3. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг энэ журмын 5.2 дахь заалтын дагуу тогтоосон борлуулалтын үнэлгээнээс “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн 33.2-т заасан хувь хэмжээгээр тооцож тогтооно.

                Зургаа. Бусад

6.1 Энэ журмаар зохицуулаагүй харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.

6.2 Журмын заалт, шаардлагыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---

 

 

Журмын төсөлд санал авч байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх