Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАРИУЦЛАГА АЛДСАН АВТО ЗАМЫН КОМПАНИУДЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА

2023/08/28
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАРИУЦЛАГА АЛДСАН АВТО ЗАМЫН КОМПАНИУДЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй өнөөдөр /2023.08.28/ хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига зэрэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. 

"Ай Си Ти Сайн консалтинг" компанийн захирал С.Очирбат:
Замын сан, арчлалтын асуудлыг улс төрөөс ангид байлгах ёстой. Улстөрчид авто зам ашиглалтад орууллаа гэдэг, маргаашнаас нь арчлалтыг хариуцах хүн байх ёстой. Ингэхийн тулд шатахууны онцгой албан татварыг замын санд төвлөрүүлж байж арчлалт сайжирна. Өмнө нь хуульд ингэж тусгасан ч Засгийн газар солигдоод өөрчилчихсөн. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол асуудал, маргаан дуусахгүй.
 
 
"Хөвчийн зам" компанийн захирал Ч.Алтанзаяа:
Зам ашигласны хураамж манай улсад хамгийн бага. Дэлхийн хаана ч 1000-2000 төгрөгөөр зам ашиглахгүй. Төлбөр бага учраас арчлалт муу байна. Дараагийн асуудал газар чөлөөлүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Хүн бүр амандаа орсон тоо хэлнэ, тохиролцож чадахгүйгээс ажил удааширна. Үүнийг нэг стандартад оруулж өгөх хэрэгтэй байна.
 
 
"Эн Би Си Си" компанийн ерөнхий инженер С.Ганхуяг:
Би авто замын зөвлөлийн гишүүн. Манай зөвлөл энэ онд байгуулагдсан, 11 гишүүнтэй, авто замын орлого, зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага. Авто замын 23 сан Монгол Улсад байдаг, 8 эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг. Авто замын засвар, арчлалтад жил бүр 110 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч улсын төсвөөс талыг нь баталж өгдөг.
Замын сангийн орлогыг ил тод болгочихвол энэ 110 тэрбум төгрөгийг бүрэн олох боломжтой.
 
 
"Эм Си Пи Жи Ар " компанийн захирал Б.Ананда:
Замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд авто зам ашигласны хураамжийг нэмэх хэрэгтэй. Олон улсад авто машины явсан км-ээр нь тооцож хураамж авдаг. Ийм жишиг рүү явбал замын сангийн хөрөнгө нэмэгдэж, тэр хэрээр арчлалт ч эрс сайжирна.
 
 
 Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр авто замын арчлалт хийж байна. Авто замын менежментийн системийг бодитоор хэрэгжүүлдэг болвол эх үүсвэр, төсөв ч шийдэгдэнэ. Нийслэлд 4 газар зам ашигласны төлбөр хураах цэг цахимжсан ч төлөлт хойрго байна гэсэн. Тухайн иргэн автомашинаа оношлуулахад урьдчилан төлбөрийг нь аваад, дараа нь явсан км-ээр нь тооцдог байж болно.
 
 
 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын санг бие даалгах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгоод “Та бүхэн шийдлээ гаргавал ирэх оны төсөв хэлэлцэх үеэр их засвартай холбоотой төсвийг шийдэж өгье” гэлээ. Мөн “Тендер авчихаад хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулна. Хар жагсаалтад орсон компаниуд төрийн ямар ч худалдан авалтад оролцох эрхгүй. Ажлаа хариуцлагатай хийдэг компаниуд ялгарч үлдэнэ” гэдгийг онцоллоо.

Авто замчид түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга зэргийг зам барихад ашиглаад хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагад шалгуулдаг явдал цөөнгүй гардаг байна. Иймд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа замын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахад сум, орон нутгийн удирдлага дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргана гэлээ. Мөн авто замын сангуудад аудит оруулахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХАРИУЦЛАГА АЛДСАН АВТО ЗАМЫН КОМПАНИУДЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook