Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД 500 ГАРУЙ АВТО ЗАМЧИД ОРОЛЦОЖ, САНАЛ, ШИЙДЛЭЭ НЭГТГЭЛЭЭ

2023/04/27
ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД 500 ГАРУЙ АВТО ЗАМЧИД ОРОЛЦОЖ, САНАЛ, ШИЙДЛЭЭ НЭГТГЭЛЭЭ

Монгол Улсын эдийн засгийн “хөгжлийн судас” болсон авто замын салбарынхан “ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ” зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2023.04.27/ Төрийн ордны Их танхимд боллоо.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Сугармаа болон яамны газар, хэлтсийн дарга нар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, авто замын салбарын үе үеийн төлөөлөл, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлага, инженер, техникийн ажилчид оролцлоо.

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээр зөвлөгөөнийг эхлүүлж, эх орны хөгжлийн бүтээн байгуулалтад авто замчдын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцолж байлаа. 10 жилийн дараа зохиогдож буй авто замчдын зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Төрөөс авто замын салбарыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэх арга зам”, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Сугармаа “Авто замын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” зэрэг илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ.

Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт өнөөгийн байдлаар 111.916 км бөгөөд 21 аймаг, 96 сум, 5 хилийн боомт нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, эдийн засгийн хөгжлийн судсаа тэлэн, тээврийн зардлыг бууруулж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломж бүрдээд байна.

Түүнчлэн 2022 оны арваннэгдүгээр сард Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто замыг ашиглалтад оруулсан. Ингэснээр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын анхны авто замын гарцыг нээж, Ази-Европыг холбосон экспортын дамжин өнгөрөх 4500 километр замыг холбосон зэрэг замын бүтээн байгуулалт багтаж байна.

Үүний үр дүнд,

Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр 2018 онд  130 дугаар байр эзэлж байсан Монгол Улс 33 байраар урагшилсан. Цаашид авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг МУ-ын Ерөнхий сайд илтгэлдээ онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан илтгэлдээ,  “Энэ онд улсын хэмжээнд 540 км хатуу хучилттай авто зам 500 у/м төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн авто замын төслүүд үргэлжилнэ. Шинэ зам барих нэг хэрэг. Барьсан зам чанартай, тогтмол засвар арчлалттай байх ёстой.

Зам засварын санхүүжилтийн гол эх үүсвэр замын санг хуулийн дагуу бүрдүүлэх,  норм, стандарт, технологийг тодорхой болгож мөрдөх, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, боловсон хүчин, замын компаниудын чадавх, тендер шалгаруулалт, тусгай, зөвшөөрлийг ил тод, шилэн болгож, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна гэдгийг хэлж байлаа.

210 компанийг төлөөлж, 500 гаруй замчид өнөөдөр төрийн ордны их танхимд чуулж, салбарын өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойллоо. Зургаан цаг гаруй хугацаанд үргэлжилсэн энэ удаагийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, санал санаачилгыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шат дараатай хэрэгжүүлж, үр дүн гаргаж ажиллахаар санал нэгдсэн юм.

ХӨГЖИЛД ХӨТӨЛЖ, ДЭВШИЛД ХҮРГЭХ ЗАМЫН СҮЛЖЭЭГ НЭМЖ, хүн зоны хүслийг даллах газрын холыг дөтөлж, ирэх цагийн сайхныг хөдөлмөр зүтгэлээр ойртуулж дөтөлсөн ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТҮҮЧЭЭ- ШИНЭ ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ эрхэм ЗАМЧДАДАА амжилт хүсье.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

 

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД 500 ГАРУЙ АВТО ЗАМЧИД ОРОЛЦОЖ, САНАЛ, ШИЙДЛЭЭ НЭГТГЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook