Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН 226.9 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022/11/25
ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН 226.9 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр  төмөр замыг өнөөдөр /2022.11.25/  ашиглалтад орууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр  найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Тус төмөр замаар нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр тээвэрлэх боломжтой. Цаашид Замын-Үүдийн боомттой ч холбогдоно. Манай улсын импортын барааны ихэнх хувь Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин ирдэг. Тэгэхээр цаашид ачаа барааны бөөгнөрөл арилах бүрэн боломжтой гэж үзэж байна.  Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн нарийн царигийн гарцтай  болсноороо онцлог. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдох боломжтой” хэмээн нээлтийн үеэр хэллээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.  Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.

Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ.

Тус  төмөр зам нь 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, гуравдугаар зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам юм. Тус бүтээн байгуулалтыг  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэл хийж  гүйцэтгэлээ.

 

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН 226.9 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook