Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЕСБХБ-ТАЙ ХАМТАРЧ АВТО БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

2022/10/24
ЕСБХБ-ТАЙ ХАМТАРЧ АВТО БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Ази, Монголыг хариуцсан бүсийн захирал Сузанна Харгитайг хүлээн авч уулзан зам, тээврийн салбарт ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэлийн явц байдал, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлууд болон ирээдүйд хэрэгжүүлэх ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар ярилцлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын ажлын шинээр 2 эгнээ нэмж барих төслийг ЕСБХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ба 2021 оны 03 дугаар сараас барилгын ажил эхэлж одоогийн байдлаар 5 багц ажилд хуваагдан хэрэгжиж байна.

Сайд С.Бямбацогт Ази болон Европ тивийг холбосон Азийн авто замын сүлжээний хэсэг бөгөөд улс орны хувьд эдийн засгийн ач холбогдол өндөртэй Монгол Улсын гол авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн хэрэгжилт өнгөрсөн жилүүдэд зарим нэг шалтаг, шалтгааны улмаас удааширч ард иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа тул Засгийн газар, яамны зүгээс онцгой анхаарч бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж байгааг дурдав. Мөн энэхүү төслийн хүрээнд хүлээгдэж байсан хучилтын зузааныг 5 см-аар нэмэгдүүлэх зардал болох 20 сая ам.долларыг ЕСБХБ-ны нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэхээр тохиролцлоо.

Хатагтай С.Харгитай ЕСБХБ-ны санхүүжилттэй төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийг яаралтай байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх, төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээнд өртсөн иргэдийн асуудал, төслийн гүйцэтгэгч байгууллагуудын ажиллах хүчний асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан ба сайдыг анхаарч ажиллахыг хүсэв. Сайд С.Бямбацогт эдгээр асуудлуудад яам болон бусад холбогдох байгууллагууд анхаарч зохих арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажлууд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар буй бөгөөд үлдэж буй 3 орчим км замын хучилтыг энэ 7 хоногт дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх гэж байна. Ингэснээр иргэд болон олон улсын тээвэрт үүссэн авто замтай холбоотой хүндрэл бэрхшээл арилна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд төслийн зээлийн гэрээний хугацаа ирэх оны хавар дуусахаар байгаа тул гэрээний хугацааг сунгахаар тохиролцов.

Талууд одоо хэрэгжиж буй төслөөс гадна ЕСБХБ-тай цаашид авто зам болон төмөр замын салбарт шинээр хэрэгжүүлэх боломжит төслүүдийн талаар ярилцав.

С.Бямбацогт сайд ачаалал ихтэй, нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдолтой шинэ чиглэлүүдэд авто замын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн шинээр хэрэгжүүлэх төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулах, зээл тусламж олгох боломж нээлттэй байгааг мэдэгдэв.  

Хэдийгээр өмнө эхлүүлсэн төслийн хэрэгжилтэд зарим нэг удаашрал гарсан ч Зам, тээврийн хөгжлийн яам болон сайдын зүгээс шуурхай арга хэмжээ авч анхаарч ажилласны үр дүнд сүүлийн үед төслийн ажил ихээхэн эрчимжиж байгаад ЕСБХБ-ны зүгээс талархал илэрхийлж өөрсдөөс хамаарах асуудлыг бүрэн хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

ЕСБХБ-ТАЙ ХАМТАРЧ АВТО БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook