Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ

2022/09/09
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн ёслол /2022.09.09/ өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцож, төмөр замыг албан ёсоор нээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, та бид хамтдаа энэ түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа туйлын их баяртай байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн арга хэмжээг нээж үг хэлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км нэгдүгээр зэрэглэлийн хүнд даацын төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол болж байна.  Монгол хүн, монголчууд, монголын төмөр замчид төмөр замын бүтээн байгуулалт хийж чаддаг гэдгээ батлан харууллаа. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-аас 50 сая тн ачаа тээвэрлэж, Монгол Улсын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, экспортын нүүрс тээврийн өртөг 3-4 дахин буурч, шууд болон шууд бус 2000 ажлын байр бий болж, байгаль орчин, экологид үзүүлж буй сөрөг нөлөөлөл 74 хувь буурна. 

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн зүтгүүр, ирээдүйн хөгжлийн төмөр судас болсон энэ том бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн төслийн захиалагч Тавантолгой төмөр зам ХХК, ерөнхий гүйцэтгэгч Бодь интернешнл групп, туслан гүйцэтгэгч 600 гаруй ААН, бүтээн байгуулалтад оролцсон инженер техникийн ажилтнууд, төмөр замчиддаа баярлалаа. Галт тэрэг хурдалж, газрын жигүүр улам тэнийх болтугай" хэмээн хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар төмөр замын бэхэлгээний боолтыг чангалж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дурсгалын хөшөөг нээх ёслолыг гүйцэтгэлээ.

Ийнхүү нүүрс тээвэрлэсэн 2050 дугаартай галт тэрэг Тавантолгойгоос Гашуунсухайт өртөө рүү аян замдаа гарч, анхны тээвэрлэлтээ амжилттай хийлээ.

 

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook