Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УСАН ЗАМЫН ТЭЭВЭР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

2022/08/22
УСАН ЗАМЫН ТЭЭВЭР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг Усан зам, далайн тээвэрчдийн өдөр болгон тэмдэглэхээр болсон. Үүний хүрээнд энэ жил анх удаа усан замын өдрийг албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жил, Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ойтой давхцлаа.   

Дээрх ойг өнгөрсөн бямба гарагт  /2022.08.20/ Усан замын тээвэр эрхэлдэг төрийн байгууллага, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор зохион байгуулж, Хөвсгөл далайн эрэгт ахмад тээвэрчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.

Нээлтэд Зам, тээврийн хөгжлиийн сайд Л.Халтар оролцож үг хэлэв. Тэрбээр “Юуны өмнө хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчид, Монгол Улсын Далайн захиргаа хэмээх байгууллагыг удирдаж явсан үе үеийн ахмадууд, мөн манай улсад бие даасан усан тээвэр хөгжиж эхлэх тэр цагаас өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулсан эрхэм ахмад буурлууд, тэдний залгамж халаа болсон Далайн захиргааны ажилчид, усан замын тээвэрт оролцож буй та бүхэнд үзэсгэлэнт Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ой, тусгаар тогтносон Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жилийн ойг өргөн дэвшүүлье. 2022 оны нэгдүгээр улиралд гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг усан замын тээврийн ажилчдын өдөр болгон албан ёсоор зарласанд туйлын баяртай байна. Ойн баяр гэдэг дан ганц баярлахаас илүүтэй ажлаа дүгнэх, төлөвлөх, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, түүхээ эргэн дурсах зэрэг олон зүйлээс бүрдэнэ. Тээврийн салбаруудаас усан зам ууган нь байна. Та бүхэн хүний нөөцийн хувьд цөөхүүлээ ч гэсэн, өнгөрсөн хугацаанд 41 сая.тонн ачаа тээвэрлэж, сүүлийн жилүүдэд жилд дунджаар 70 мянга орчим зорчигчийг тээвэрлэж байна. Үүнээс харахад манай улсын аялал жуулчлал хөгжихөд та бүхний оруулж буй хувь нэмэр маш өндөр байна. Энэ өдрийг тохиолдуулан ард түмнийхээ нэрийн өмнөөс, Зам, тээврийн хөгжлийн яам, сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс дахин баяр хүргэе” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Далайн тээвэр, усан замтай холбоотой энд цугласан хүн бүхэнд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Усан замчдынхаа тэмдэглэлт өдрийг Засгийн газраар батлуулсан Л.Халтар сайддаа та бүхний өмнөөс талархал илэрхийлмээр байна. Сайдын хэлсэнчлэн албан ёсны тэмдэглэлт өдөртэй болсноор бид хийсэн бүтээснээ үнэлэх, хөдөлмөрөө зориулж буй ажилчдаа шагнаж, урамшуулах, цаашдаа тээврээ хөгжүүлэх талаар ярилцах, санал бодлоо солилцох боломжтой болж байна. Цаашид бид Хөвсгөл нуураа хамгаалах, эко аялал жуулчлал, усан тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай тулгараад байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ханх боомтыг олон улсынх болгож, Мөрөн нисэх буудлыг 4С ангилалд оруулахаар тусгасан. Эдгээр ажил хийгдэхээр Ханх-Хатгал чиглэлд усан замаар ачаа болон зорчигч тээвэр хийх боломжтой болох юм. Та бүхэн сайхан баярлаарай” гэв.

Анх 1910 онд Хөвсгөл нуурт тухайн үеийн Хаант Оросын худалдаачид Эрхүүгээс бараагаа татах, Монголоос авсан ноос, арьс шир, түүхий эдээ тээвэрлэхийн тулд уурын хөдөлгүүрт 40 тоннын даацтай “Монгол” хэмээх усан онгоц  ашигласан үеэс хойш “Монгол Улсын 10 жилийн ой", “Сүхбаатар”, “Байгал-800” зэрэг усан онгоцууд, “Ажилчин”, “Малчин”, “Ургац”, “Долгион” зэрэг чиргүүл онгоцуудыг усан замын тээвэрт өргөнөөр ашиглан бараа материал, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэн баруун аймгуудын хэрэгцээ шаардлагыг хангаж байлаа.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан /1926, 1947 оны/ гэрээний дагуу Оросын тал өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Хөвсгөл нуур дахь усан замын тээврийн дэд бүтцээ 1952 онд монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгснөөр  тухайн оны наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Усан замын тээврийн газар байгуулагдан ахмад, механик, залуурчин, чиргүүл онгоцны дарга, галч, усан цэргүүд гэсэн 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж Монгол Улсын Үндэсний усан замын тээвэр бие даан хөгжиж ирсэн түүхтэй юм.

Мөн үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медаль, Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Усан зам, далайн тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны холбоочин, матрос, туслах капитан Ч.Чулуунбат, усан замын ачааны баржийн дарга Т.Ганбаатар нарыг,

Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр, “Хөвсгөл усан зам” ХК-ийн “Сүхбаатар” усан онгоцны капитан Л.Бадамдорж, Хөвсгөл усан замын газрын матрос буюу усан цэрэг Д.Нямдаваа, усан онгоцны галч Д.Пүрэвжав, усан онгоцны тогооч Б.Долгор нарыг,

Яамны хүндэт жуух бичгээр, Хөвсгөл усан замын газрын залуурчин Ц.Баярхүү, залуурчин Г.Нямсүрэн, нягтлан бодогч Ч.Цэцэгээ, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч, завьчин Л.Баттөр, Д.Сүхбат, Б.Борбаатар нарыг тус тус шагналаа.

УСАН ЗАМЫН ТЭЭВЭР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх