төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЭМГЭНЭЛ

2022/08/22
ЭМГЭНЭЛ

Догоон Ёндонсүрэн (1937-2022)

Монгол Улсын төрийн сайд асан, Монгол Улсын гавьяат тээвэрчин Догоон Ёндонсүрэн нь хүнд өвчний улмаас 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Ёндонсүрэн 1937 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт төрж, бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлсэн. Тэрээр 1946-1950 онд сумын бага сургууль, 1950-1953 онд Сүхбаатар хотын 7 жилийн дунд  сургууль, 1953-оноос Алтанбулаг хотын 10 жилийн сургууль, 1956 онд Улаанбаатар хотын II дугаар 10 жилийн сургуульд суралцан төгссөн. Улмаар ЗХУ-ын Москва хотын Инженер-эдийн засгийн дээд сургуульд элсэн орж, 1961 онд инженер-эдийн засагч мэргэжлээр төгсжээ.  

1961-1963 онд Улаанбаатар хотын Автобусны баазад тоо бүртгэгч,  ашиглалтын инженер, ерөнхий инженер, 1963-1973 онд Тээврийн яам, Улсын хороонд мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, орлогч сайд, 1970-1972 онд Сайд нарын зөвлөлд тээврийн асуудал хариуцсан референт, 1973-1982 онд МАХН-ын Төв хороонд Тээвэр, худалдааны хэлтсийн орлогч эрхлэгч, Тээврийн тасаг, хэлтсийн дарга, 1982-1990 онд Зам, тээврийн яамны сайд зэрэг төрийн өндөр хариуцлагатай албыг олон жил үр бүтээлтэй хашсан бөгөөд тээврийн салбарыг хөгжүүлэх, салбарын үйлдвэрлэл-техникийн баазыг өргөтгөн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

1991 оноос Тээврийн эрдэм шинжилгээний байгууллагад секторын эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн даргаар 20 гаруй жил ажиллаж, эрдэм судлалын чанартай ном, сурах бичиг, диссертаци, өгүүлэл зэрэг 100 гаруй бүтээл туурвин, тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үргэлжилсэн үзлэгийн систем нэвтрүүлэх, бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийн үндэсний зөвлөх, Автотээврийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, салбарынхаа их дээд сургуульд 20 гаруй жил багшилсан, автотээврийн техник ашиглалтын хүрээнд зөвлөх инженер, Техникийн ухааны доктор зэрэгтэй, профессор цолтой.

Түүний хөдөлмөр бүтээлийг төрөөс өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат тээвэрчин цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, Онц тээвэрчин, Автотээврийн тэргүүний ажилтан, Хүндэт төмөр замчин, ОХУ-ын автотээврийн хүндэт ажилтан зэрэг төр, засгийн шагналыг хүртээжээ. 2001 оны “Стандарт хэмжилзүйн салбарын онцлох хүн”, 2003 онд Автотээврийн салбарын оюуны шилдэг хөрөнгө оруулагч өргөмжлөл, 2013 онд Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны дээд шагнал Манлай тээвэрчин одонгоор шагнагдсан.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийье. Түүний хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, төлөв даруу, хүнлэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Сэтгэгдэл бичих:

Нэмэх