Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2022/07/17
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж, хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярыг тохиолдуулан автотээврийн салбарт хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, олон улсын түвшинд хүргэхээр чармайн ажиллаж буй өнөө үеийн тээвэрчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 
Одоогоос 100 гаруй жилийн тэртээ анхны автомашин Монголд орж ирэн, улмаар Ардын Засгийн газрын шийдвэрээр Аж ахуйн яамнаас ачааны долоон авто машин бусад хөрөнгийн хамтаар шилжүүлэн Монгол Улсын Тээх нэвтрүүлэх газрыг 1925 оны долоодугаар сарын 15-ны өдөр байгуулснаар нэгдсэн зохион байгуулалттай тээврийн байгууллага үүсэн бий болсон билээ.
 
Монгол Улсын нийгмийн байгуулал, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдсөн 1990 оноос хойшхи хугацаанд авто замын сүлжээ өргөжиж, автотээвэр бүхэлдээ шинэ тогтолцоонд шилжих явцад тохиолдсон саад бэрхшээл, хямралыг ажралгүй давж, улмаар төмөр зам, иргэний агаарын тээврийн үйлчлэх хүрээ ч улам тэлж, Ази, Европыг холбосон томоохон тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлж ирлээ.
 
Саяхан бид “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орох тухай хуулийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан, ойрын үед мөн 5-6 олон улсын автотээврийн конвенциудад нэгдэн орохоор ажиллаж байна. Бид олон улсын тээврийн эрх зүйн орчинг өргөжүүлснээр Монгол жолооч Ази, Европыг дамнан тээвэрлэлт гүйцэтгэх боломж өргөжин тэлж, олон улсын тээвэрт өөрсдийн байр суурийг эзлэх боллоо. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед гамшгаас хамгаалах тэмцлийн тэргүүн эгнээнд автотээврийн салбар бат зогсож, улс орон, ард иргэдийн ажил, амьдралын хэвийн байдлыг хангахын төлөө чармайн зүтгэж ирсэнд талархаж буйгаа илэрхийлье.
 
Өнөөдөр та бүхэн улсынхаа хөгжилд авто тээврийн салбарын үзүүлэх нөлөөллийг идэвхжүүлэн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан үйлчилгээнийхээ хүрээг оновчтой тогтоож хямд үнэ, чанартай үйлчилгээг иргэддээ хүргэж, тээвэрлэлтийг найдвартай, аюулгүй, бүрэн дүүрэн ханган үйлчилгээний сахилга, соёлыг дээшлүүлж ажиллах нь зүйтэй.
 
Та бүхний хичээл зүтгэл улс орны эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хангамжийг тээврийн үйлчилгээгээр тасалдуулахгүй хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон хэлье. Манай авто тээвэрчид ололт амжилтаа улам бататгаж, тавьсан зорилт, улс ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт миний бие итгэл дүүрэн байна. Монголын автотээврийн салбарт залуу халуун насаа зориулж, ачааны хүндийг үүрч, өнөө үетэй золгуулсан ахмад буурлууд, өнөөгийн тээвэрчид, тэдний залгамж халаа болсон залуустаа аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, алдар хүндийн оргил нь өндөр байх болтугай!
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Сэтгэгдэл бичих:

Нэмэх