төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022/04/22
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагыг гүйцэтгэж буй “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэог үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүлээн авч уулзлаа. Түүнтэй хамт гүйцэтгэх захирлаар шинээр томилогдон ажилдаа орсон Китанака Такэфүми байлцав.  

Уулзалтаар  сайд Л.Халтар гүйцэтгэх захирал Като Такэо цар тахлын хүнд үед  нисэх буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хэрэгжүүлж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласныг онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдтай уулзаж шинэ нисэх буудлыг богино хугацаанд ашиглалтад оруулах тухай ярилцсан. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нисэх буудал богино хугацаанд ашиглалтад ороход Като сан таны хувь нэмэр өндөр байсныг үнэлж байна. Буянт ухаа дахь нисэх буудлын 600 гаруй ажилтныг шилжүүлэн авч ажлын байраар хангасанд талархал илэрхийлье. Түүнчлэн нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахын тулд яамд, агентлаг, төрийн холбогдох байгууллагууд, түрээслэгчид, агаарын тээвэрлэгч зэрэг бүхий л газруудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо бэхжүүлэх, сайжруулах талаар хичээн ажилласныг тэмдэглэж талархал илэрхийлэв.

Гүйцэтгэх захирал асан Като Такэо Монгол, Японы найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Энэ хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж чадсандаа баяртай байна. Нисэх буудал нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Японы компани менежментийг хийж байгаа ч Монгол Улсын өмч, улсын нүүр царай, гадаад руу гарах үүд хаалга тул үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр хамтран  ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Сайд Л.Халтар “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Китанака Такэфүми захиралд хандаж, шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсээд яамны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ олон улсын нисэх буудлын талаар олон нийтийн зүгээс Япон маягийн чанартай үйлчилгээг хүсэн хүлээж байгаа гэдгийг хэлж анхаарч ажиллахыг хүсэв.  

Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэж төмөр замын бүтээн байгуулалт хийгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж шинэ суурьшлын бүс, тээвэр логистикийн том төв болон хотжилт явагдах шийдвэр гарсныг танилцуулав.

Китанака Такэфүми нь өмнө нь олон улсын нисэх буудал дээр ажилласан туршлагатай тул Чингис хаан нисэх буудлыг аюулгүй, тохь тухтай буудал болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Цаашид нисэх буудлыг эдийн засгийн хувьд амжилттай ажиллуулахад нислэгийн тоог нэмэгдүүлэх явдал чухал ач холбогдолтой болохыг хэллээ. Иймд нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахын төлөө Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлэв.

 

 

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх