төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАМЫН-ҮҮДЭД АЖИЛЛАВ

2022/04/21
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАМЫН-ҮҮДЭД АЖИЛЛАВ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 19,20-ны өдрүүдэд Замын-Үүд боомтод ажиллалаа.

Энэ үеэр тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзаж хамтран ажиллах гэрээний төслийг заалт бүрээр нь хэлэлцэж, дараа нь Замын-Үүд сумын ачаа тээврийн жолооч нартай уулзалт хийж гэрээ болон бусад асуудлаар харилцан санал солилцлоо. 

Замын-Үүд боомтод гарч буй зардлыг багасгах, төр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор чингэлэг солилцох хугацаанд жолооч нарын халдвар, хамгааллын дэглэм сахиулах нэг удаагийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн ариутгал PCR шинжилгээ, тусгаарлалт зэрэгт төрөөс зарцуулдаг мөнгийг тээвэр эрхлэгч нартай тохиролцон жолооч нарт өөрсдөд нь хариуцуулахаар боллоо. Ингэхдээ төрийн бус байгууллагаар дамжуулан хяналт тавьж, уртын болон богинын тээврийн зардлыг тогтсон нэг үнээр хийхээр тогтов. Ингэснээр тээвэр эрхлэгч нар ажлын байраа хадгалж үлдэх давуу талтай юм.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Ажлын хэсгийн зүгээс Замын-Үүд боомтод хэд хэдэн зорилготой ирсэн. Нэгдүгээрт, чингэлэг тээврийн системд Замын-Үүдийн жолооч нарыг оролцуулах хэлэлцээр байгуулахаар жолооч нартай уулзаж тээврийн нөхцөл, шаардлагаа хамтран хэлэлцлээ. Бидний зүгээс богинын тээврийн үнэ тарифыг одоогийн мөрдөж байгаа тарифаас хэтрүүлэхгүй байх бодлого баримталж байна. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх. Үүнээс үүдэж тусгаарлалттай холбоотой асуудал гарч байна. Жолооч нар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр 0 цэгт очин тээвэр хийх санал гаргасан. Энэ асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай тул түр хойшлууллаа.

Хоёрдугаарт, чингэлэг тээвэртэй холбоотой үүсэж буй дараагийн асуудал бол чингэлгийн бөөгнөрөл. Бүс нутгийн логистикийн төв дэх түгээлтийн талбай, чингэлэг хадгалах талбайд 2900 орчим хоосон чингэлэг хадгалагдаж байна. Холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж гадна талбайд нөөц гаргасан байна.

Гуравдугаарт, логистикийн төвд шинээр талбай байгуулах ажлын тухай хэлэлцсэн. Юун түрүүнд логистикийн төвд 4-6 га талбай шинээр байгуулна. Энэ нь дараах хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт, чингэлгийн бөөгнөрөлтэй холбоотой, хоёрдугаарт БНХАУ-ын талтай нарийн царигаар орж байгаа чингэлгийн тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, чингэлэг тээвэртэй холбоотой авто тээвэр болон төмөр замын асуудал аль аль нь хөндөгдөж байгаа юм. Логистикийн төвийг өргөтгөснөөр өдөрт 200 орчим чингэлэг боловсруулах боломжтой. Ингэснээр ачаа, барааны эргэлт сайжирна” гэв.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЗАМЫН-ҮҮДЭД АЖИЛЛАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх