Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД БНСУ-Д АЖИЛЛАЛАА

2022/04/18
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД БНСУ-Д АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд БНСУ-д ажиллав. Энэ үеэр БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/, Солонгосын Тээврийн аюулгүй байдлын газар /TS/ болон Солонгосын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих газар /КОТРА/-ын удирдлагуудтай хоёр талын уулзалтуудыг хийж, тээвэр логистикийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлын талаар санал солилцож, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

Мөн энэ үеэр Хьюндэй Мовекс судалгаа хөгжлийн төвийн логистикийн автоматжуулалтын систем, Уиван ICD хуурай боомтын Эх газрын логистикийн терминал, Инчеон боомт, Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын институт /KATRI/, Тээврийн аюулгүй байдлын сургалт боловсролын төв, Тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгооны судалгаа, хөгжлийн төв /KAVIC/ зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар судлав.

Монгол Улсын Алсын хараа-2050, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тээвэр логистикийн төсөл, хөтөлбөрүүдийг Солонгосын талтай амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, БНСУ-ын “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Алтанбулаг тээвэр, логистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” төслийг эхлүүлсэн. Мөн КОЙКА-ын дэмжлэгтэйгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлага, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон. 

 

БНСУ-д ийнхүү ажиллах үеэр Монгол Улсын “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон Солонгосын Тээврийн аюулгүй байдлын газар хооронд Автотээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Солонгосоос Монгол руу импортоор орж ирж буй хуучин тээврийн хэрэгслийн импортлохоос өмнөх үеийн техникийн үзлэгийг зохион байгуулах, тээврийн хэрэгслийн мэдээллийг солилцох, салбарын хүний нөөцийг сургах, дадлагажуулах чиглэлээр талууд хамтран ажиллана. 

 

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД БНСУ-Д АЖИЛЛАЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх