Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх уулзалт боллоо

2022/01/07
Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх уулзалт боллоо

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх, бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцох уулзалтыг өнөөдөр /2022.01.07/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны бодлогын газрын удирдлагууд болон бусад холбогдох ажилтнуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.   

Яамдын газрын дарга нар өөрсдийн харьяалах салбарт хийгдэж буй ажлаа танилцуулж зарим чиглэлд зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс бодлогын түвшинд дэмжих, хамтарч ажиллах талаар санал солилцов.

Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг гэх мэт хүнсийг тогтмол температурт хадгалах шаардлагатай байдаг. Авто тээвэрлэлтийн явцад хөргөлтийн горимд доголдол гарч хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах тохиолдол бий. Тийм учраас хүнсний экспорт, импортын зориулалттай хөргүүртэй вагон шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэллээ. Харин БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат, зэрлэг ан амьтанд зориулсан гарц, гармыг Ховд аймгийн Алтай сумын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замд, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам дагуу Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт орших Шар шороот орчмын нутагт тус тус барихаар төлөвлөж байгаа тухай танилцуулаад байгаль орчинд аюултай хог хаягдлыг түр хадгалах устгах зориулалтын байгууламж байгуулах тухай танилцууллаа.

 

Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Автомашины тээврийн хэрэгслээс гарч байгаа хог аюултай хог хаягдлын тоонд багтана. Манай зүгээс нийслэлийн 2 захад  хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байна. Эхнийх нь Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркад Солонгос, монголын  компанитай хамтран ТЭЗҮ хийгээд явж байгаа. Харин баруун зах буюу Эмээлт орчим 30 га газарт Монголын хог хаягдлын холбоотой хамтран гэрээ үзэглэсэн боловч бүтэн жилийн хугацаанд ямар нэгэн ажил хийгдээгүй. Тиймээс Япон улсын компанитай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Олон жилийн судалгааны дүнгээр манай улс үйлдвэр байгуулах хэмжээний хог гарч байгаа нь харагддаг.  Зөвхөн импортоор орж ирж байгаа автомашины 95 орчим хувь нь таваас дээш жил ашиглагдсан байгаа. Монголд орж ирээд 5-8 жил болоод ашиглалтаас гарна. Үүн дээр Япон Улсад суугаа элчин сайдад хандаж, дүрэмд зарим өөрчлөлт оруулсан” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням “Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн төв, 106 сум, 5 хилийн боомт хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбогдсон. Ирэх 4 жилд 45 сум суурин газрыг хөнгөвчилсөн болон хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөн ажиллаж байна. Баруун, босоо чиглэлийн төмөр замууд ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, 18.800 түр, байнгын 6900 ажлын байр бий болж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Үүнээс гадна хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Үндэсний тээвэр логистикийн сүлжээ, төлөвлөлт, агаарын тээврийн салбарт хэрэгжих төсөл, хуурай боомт байгуулах, Хөшгийн хөндийн тээвэр логистикийн HUB байгуулах зэрэг зорилт бий. Дээрх ажлууд хэрэгжсэнээр тээвэр логистикийн зардал буурч, өрсөлдөх чадавх нэмэгдэж экспортын хэмжээ 857.6 сая доллараар нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, орон нутагт ажлын байр нэмэгдэж, хөгжлийг дэмжинэ, дотоодын үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт сайжирч, тээвэр логистикийн өрсөлдөх чадвар нэмэгдэх юм” гэв.

 

 

Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх уулзалт боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх