Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

2021/12/30
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

АВТО ЗАМЫН САЛБАРТ

Зам, тээврийн салбарт олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2021 онд нийт 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршил дахь 1338.6 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж ажиллаж нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 у/м төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад оруулав.

Завхан аймгийн нутаг дэвсгэр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км  авто замын хучилтыг хийж дуусгаснаар Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдов.

Орчин үеийн дэвшилтэд техник технологи бүхий Беларусь улсын “МАЗ” авто машины үйлдвэрээс засвар арчлалтын тусгай зориулалтын техник технологид суурилсан авто машинуудыг авто замын засвар арчлалт хариуцсан төрийн өмчит 20 байгууллагад хүлээлгэн өгч ашигласнаар засвар арчлалтын зардал буурч, бүтээмж нэмэгдэх боломж бүрдлээ. Мөн авто замын эвдрэл гэмтлийг богино хугацаанд өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох асфальтбетон хучилтын гадаргуун боловсруулалтын 2 төрлийн техникийг ашиглаж эхлэхэд бэлэн болов.

АВТО ТЭЭВРИЙН САЛБАРТ

Цар тахлын үед нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, стратегийн чухал ач холбогдол бүхий байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай бараа материалыг хилээр шуурхай нэвтрүүлэх чиглэлээр авто замын боомтуудад шуурхай зохицуулалтыг хийж ажиллав. Мөн Монголын тээвэрчдийг Европоос импортолдог барааны тээвэрлэлтэд чөлөөтэй оролцуулах чиглэлээр шаардлагатай зохицуулалт хийж Чех,  Герман, Польш, Словак, Унгар, Турк зэрэг орнууд руу авто замаар тээвэр хийж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвөөс сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг зохион байгуулж нийслэлийн болон орон нутгийн нийт 2375 дугаарыг дуудлага худалдаанд оруулж  2018 улсын дугаарыг ялагч болсон иргэд зохих журмын дагуу төлбөр төлж авснаар  3,4 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлээд байна.

 ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ

Чингис хаан олон улсын нисэх буудлыг  2021 оны 7 дугаар сард  ашиглалтад оруулав. Жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох талбай, 8.000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах, жилд 11.9 мянган тонн карго ачаа нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминалтай олон улсын стандартад нийцсэн онгоцны буудалтай болов.  

Монгол иргэний агаарын тээвэрлэгч МИАТ компани Монгол Улсын Засгийн газрын захиалгаар вакцин тээвэрлэх 41 удаагийн нислэг үйлдэж 8.6 сая тун вакцин тээвэрлэн авчирлаа. Мөн гадаадын зарим компанийн захиалгаар МИАТ компани ази европын хооронд эм, эмнэлгийн тусламжийн барааг тээвэрлэх транзит нислэгийг олон улсын 18 чиглэлд, 800 удаа үйлдэж, нийт 16 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы (2021.12.30) нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулиуд батлагдсанаар иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдэж, иргэний агаарын ачаа тээвэр, хөдөө аж ахуй, түргэн тусламж, сургалтын гээд иргэний зориулалтаар ашиглах бүх төрлийн агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэх татварын таатай орчин бүрдүүлэх боломжтой болов.   

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ

Цар тахлын үед улс орны хэрэгцээт ихэнх ачааг төмөр замаар тээвэрлэж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 2021 онд 31 сая.тонн  ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоолоо.  

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зам угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, өртөө зөрлөгийн удирдлагын төвийн болон ажилчдын орон сууцнуудыг барьж ашиглалтад өгөв. Нийт төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Энэ төсөлд 2427 урт/метр буюу 27 гүүрийн байгууламжийг барьснаараа онцлог юм.  Тус төмөр зам ашиглалтад орсноор 1200 байнгын ажлын байр бий болно.  2022 оны 2 дугаар улиралд төсөл бүрэн дуусч, төмөр замын тээвэрлэлт эхэлнэ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын зам угсралтын ажил 100 хувь, нийт төслийн ажлын гүйцэтгэл 74 хувьтай байна. Төмөр зам ашиглалтад орсноор, Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах , жилд 30 сая тонн ачаа тээвэрлэн, экспортлох боломж бүрдэхээс гадна 1350 орчим шууд ажлын байр шинээр бий болох юм. Энэ төсөлд нийтдээ 1356 урт/метр буюу 16 гүүрийн байгууламжийг ашиглалтад оруулснаараа онцлог юм. Төслийн ажлыг  2022 оны 2 дугаар улиралд багтаан дуусгаж тээвэрлэлт эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИИЙН ЧИГЛЭЛЭЭР

Төрийн цахим үйлчилгээний e-mongolia нэгдсэн системээр зам, тээврийн салбарын жолоодох эрхийн үнэмлэх солих, нөхөн авах, оноо шалгах, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих, нөхөн авах, лавлагаа авах, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл, торгууль төлөх, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх, орон нутгийн галт тэрэг болон хот хоорондын автобусны билет захиалах зэрэг 16 төрлийн үйлчилгээг нэвтрүүллээ. Цаашид автомашины С зөвшөөрөл болон салбарын бусад үйлчилгээг холбохоор ажиллаж байна.

Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны  төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна. Одоогоор, Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлжийн төлбөр хураах цэгт төлбөрийг цахимжуулан ажиллуулж байгаа юм. Иргэд төлбөр хураах цэгт зогсохгүйгээр сошиал пэй, и-баримт, монпэй аппликейшн ашиглан тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөх боломжтой.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ  

 

 

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх